Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Баяжуулах үйлдвэрийнхээ хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  баяжуулах үйлдвэрийнхээ өөрөө нунтаглах хэсэгт жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн 4-р шугамыг ашиглалтад хүлээн авчээ. Энэ сарын 26-нд уг өргөтгөлийн шугамыг хүлээн авах Улсын комисс “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласан байна.   

44 дэх жилдээ хүдэр олборлож буй “Эрдэнэтийн Овоо” ордын ил уурхай гүнзгийрэхийн хэрээр геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг өсөж байгаа. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн эцсийн бүтээгдэхүүний гарц, борлуулалтын орлого буурах эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсэж байгаа  нь нууц биш. Үүний эсрэг, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өсөлтийг бий болгох нь Эрдэнэтчүүдийн гол зорилго юм.

Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” техник, технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажлыг үе шаттай амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөл юм.  Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн энэхүү өргөтгөлийн ажлыг хоёр жил гаруй хугацаанд хийж гүйцэтгэжээ. Өргөтгөлийн энэ шугам ашиглалтад орсноор  “Эрдэнэт үйлдвэр”-ийн тэр дундаа Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор, баяжмалын гарц 100 мянган тонноор нэмэгдэнэ. Мөн  борлуулалтын орлого жилд 200 орчим сая доллароор өсөх боломжтой.

                                                                                        Ж. Мөнхцэцэг