Улсын хэмжээнд долдугаар сарын 8-14-нд авто замаар 5,323 чингэлэг, төмөр замаар 195 чингэлэг нийт оны эхнээс 9.38 сая орчим тонн нүүрс экспортод гарсан тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Долдугаар сарын 8-14-нд 656.8 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 8.76 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Мөн хугацаанд авто замаар 232 чингэлэг, төмөр замаар 179 чингэлэг буюу оны эхнээс 794.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 18.1%-ийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 371, төмөр замаар 486 чингэлэг буюу оны эхнээс нийт 1.86 сая тонныг экспортлов.
Төв банк оны эхнээс долдугаар сарын 14-ний байдлаар 8.49 тонн алт худалдан авчээ.
Монгол Улсын хилийн боомтоор 2022 оны долдугаар сарын 14-18-нд нүүрс тээврийн нийт 3721 автомашин хил нэвтэрчээ. Үүнд Гашуунсухайт боомтоор 2181 автомашин, Ханги боомтоор 733 автомашин, Булган боомтоор 144 автомашин, Шивээхүрэн боомтоор 567 автомашин тус тус нэвтэрсэн байна. Харин дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 146 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 227 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ.
Сүүлийн үед экспортын гарц нэмэгдэж байгаа ба баяр наадмын урт амралтын өдрүүдэд хилийн боомтууд амралтгүй ажиллажээ.
Гашуунсухайт хилийн боомтод AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг 2022 оны долдугаар сарын 16-наас амжилттай туршин экспортын нүүрсийг гаргаад байна.
Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр долдугаар сарын 18-ны 11:10 цагийн байдлаар 20 машин 40 чингэлэг нүүрс экспортод гаргажээ.
Эх сурвалж: УУХҮЯ, ЗТХЯ