Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрсний салбар хариуцсан отгон Дэд сайд З.Төмөрбаатар

Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакциас “Зууны алдартан” буланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран бэлтгэж, уншигчдадаа цуврал нийтлэлээр хүргэж байгаа билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дугаартаа бид “Нүүрсний Дондов” нэрээр алдаршсан Монголын уул уурхайн авъяаслаг инженер, аж үйлдвэрийн нэртэй удирдагч, эрдэмтэн Д.Дондовын хөргийг хүргэсэн.Тэгвэл энэ удаад Шарын голын нүүрсний уурхайд засварчин, ээлжийн мастер, хэлтсийн даргаас Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга (1966-1973 он), Ерөнхий инженер (1979-1989 он), Түлш, эрчим хүчний яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны дэд сайд, түлшний болон Уул уурхайн газрын дарга  (1991-1996 он),  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газрын дарга, мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Түлш, эрчим хүний ерөнхий газарт дэд дарга (2001-2004 он), Түлш, эрчим хүчний яаманд газрын дарга, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дэд дарга (2004-2009 он) зэрэг албан тушаал хашиж,  нүүрсний салбарт 50 гаруй жил тасралтгүй  ажилласан Загарын Төмөрбаатарын хөргийг  “Зууны алдартан” буландаа тэрлэж байна. Тэрээр Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул. Ил уурхайн иж бүрэн механикжуулалтын технологи-инженер мэргэжилтэй. ШУТИС-ийн Хүндэт профессор, Зөвлөх инженер юм. 

Ахынхаа зөвлөснөөр уул уурхайн мэргэжил эзэмшсэн нь 

1962 оны тэр жил З.Төмөрбаатарыг Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйн дунд сургуулийн долдугаар ангиа төгсөж байхад  Энэтхэгээс амралтаараа Улаанбаатар хотод ирсэн ах нь Политехникумд суралцахыг зөвлөжээ. Ийнхүү алс холын нийслэл хотыг зорин ирсэн хүүд  Политехникумийн уул уурхайн ангид элсэх боломж олдсон гэдэг. “Эрдэм номын, эрдэс баялгийн их уурхай болсон уурхайчны эгэл даруу, эрэмгий шударга  амьдралыг  бурхан надад хайрласныг ах маань  зөнч мэргэн ухаанаараа чиглүүлж, залж өгсөн юм”  хэмээн тэрээр дурсамж тэмдэглэлдээ өгүүлжээ. 

Хүмүүний хувь тавилан гэдэг сонин содон учрал тохиолтой. 1966 оны хавар  З.Төмөрбаатар нарын төгсөх ангийн гурван оюутан   дипломын ажлынхаа  шүүлтийг хийлгэхээр тэр үеийн П.Дамдин сайд, уул уурхай хариуцсан орлогч сайд Я.Гомбосүрэн нарын удирдлага дор ажиллаж байсан П.Очирбат инженер дээр очжээ. Оюутан З.Төмөрбаатар нарын  дипломын ажилтай залуу инженер нухацтай гэгч нь танилцсаны эцэст “Онц”  үнэлгээг өгсөн гэдэг. Уурхайчин болох анхны томилолтоо ч хожим Монгол Улсын Ерөнхийлөгч болсон П.Очирбатаас авч байсан нь ирээдүйн  дэд сайдад тод дурсамж болон үлджээ. 

Ийнхүү Шарын голын уурхайд ажиллах томилолт өвөртлөн 1966 оны долдугаар сарын 15-ны өдөр чемодантай ном дэвтэр, хувцас хунараа базаасан тээштэйгээ ачааны машинд суун Шарын голын уурхайг зорьсон байна.

Залуу мэргэжилтэн З.Төмөр­баатарыг 1966 онд уурхайн засварчнаас ажлын гараагаа эхэлж, тех-дамжлагын мастераар ажиллаж байсан тэр жилийн арваннэгдүгээр сард П.Очирбат инженер яамнаас  уурхайн Ерөнхий инженерээр томилогдон ирж, тэд ч  гар нийлэн ажиллаж эхэлжээ. Шарын голын уурхайн Овоолго хэсгийн даргаар гурван жил ажиллаад байсан үе. Тус хэсгийн экскаваторууд бүгд нэг жилд 1 саяас дээш куб.метр шороо хүлээж авч, жигд үйл ажиллагаа явуулан уурхайн тэргүүний хэсэг гэгдэн гялалзаж байтал ажилтны буруугаас ЭКГ-5 экскаватор хажуу бөөрөөрөө унасан хэрэг мандах нь тэр. Энэ хэрэг явдлаас болж “Чиний хариуцсан хэсэгт дэлхийд байхгүй аваар хийлээ” хэмээн удирдлагаасаа багагүй зэмлэл хүртэж явсан үе түүнд бас бий.

1972 онд Шарын голын уурхайн Ерөнхий инженер П.Очирбат Түлш, эрчим хүчний яамны Орлогч сайдаар дэвшиж, Ерөнхий инженерээр Д.Дондов ажиллах болжээ. ЗХУ-д  суралцах  боломжийг Ерөнхий инженер Д.Дондов залуу мэргэжилтнүүдэд олгож, 1973 оны намрын налгар дулаан цагаар  Орос орныг зорьсон нь З.Төмөрбаатарын амьдралын хамгийн баяр хөөртэй мөчүүдийн нэг болон үлджээ.   

“Олон жилийн хойно энэ тухай эргээд бодоход Ерөнхий инженер Д.Дондов  залуусын сурч боловсрох хүсэл эрмэлзлийг ойлгож, ганц энэ уурхайнхаа ажлаар хязгаарлахгүй, тэдний амьдрал ахуйгаа өөд татах өөдрөг тэмүүллийг өргөн цар хүрээнд хардаг, ажлын туршлага суусан залуусаа дээд сургуульд явуулах нь улс, эх орныхоо уул уурхайн салбарын цаашдын хөгжилд хэрэгтэй гэдгийг мэддэг, дэмждэг, ухаалаг  нэгэн байж билээ.  Бид Д.Дондов инженерийнхээ хүсэл бодлыг гүйцэлдүүлж, миний хувьд Шарын голын уурхайн Ерөнхий инженерээр ажилласан” хэмээн  тэрээр дурсан өгүүлсэн юм. 


Шарын голын уурхайн Ерөнхий инженерээр ажилласан он жилүүд

1979-1989 онд Шарын голын уурхайн Ерөнхий инженерээр ажиллах хугацаанд ЗХУ-ын зээлээр уурхайг жилд 2 сая тонн нүүрс олборлох хүчин чадлаар өргөтгөх их ажил ундрав. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг өргөтгөл шинэчлэлийн  болон   уул тээврийн шинэ тоног төхөөрөмжийн угсралт, уурхайчдын орон сууц, нийгэм соёлын  барилга байгууламжууд, дулааны станц, цэвэрлэх байгууламж, цэвэр  бохир усан хангамжийн инженерийн барилга байгууламжуудын  угсралт шинэчлэлтийн ажилтай хослуулан хэрэгжүүлэх амаргүй боловч сонирхолтой ажлыг З.Төмөрбаатар удирдсан юм. 

Уурхайгаас гадна багахан хотын инженерийн иж бүрэн барилга, байгууламжийг хуучнаар Зөвлөлтийн барилгачидтай цогцлоон байгуулж, түүний зураг төслийн дагуух гүйцэтгэлд  техникийн хяналт тавих, уурхайн инженерүүдийн хүчийг үйлдвэрлэлийн доголдлыг  хамтын хүчээр шийдвэрлэх Инженерүүдийн зөвлөлийг санаачлан    гадаадын тэргүүн туршлагыг  үйлдвэрт нэвтрүүлэхэд тэрээр ихээхэн анхаарчээ. 

Шарын голын инженерүүд 1982-1990 онд үйлдвэртээ 146 оновчтой санал, үйлдвэр зохион байгуулалтын шинэлэг саналуудыг нэвтрүүлсэн юм. Үүний үр дүнд төмөр замаар дээд түвшний хөрс хуулалтыг  хүлээн авах “Буянтын” ойрын дээд овоолго, төмөр замын тээврээр уурхайн нүүрс олборлосон хоосон орон зайг дүүргэх дотоод овоолго болон  нүүрсийг буталж шууд экскаватороор галт тэргэнд ачилт хийх зэрэг олон шинэ санаачлага үйлдвэрт нэвтэрч, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтуудыг биелүүлэн, үр ашгийг нэмэгдүүлж байжээ. 1985 онд монголчуудын бие даан алт олборлох санаачлагыг З.Төмөрбаатар инженер дэмжиж, Шарын гол алтны уурхайтай болжээ.   

“Улс эх орон маань зах зээлийн харилцаанд  дөнгөж шилжин хөрөнгө санхүүгийн хомсдолд орж, нүүрсний уурхайнуудын тоног төхөөрөмж сэлбэг авах хөрөнгөгүй, станцуудын гадаа үндсэндээ нүүрсний нөөцгүй болж байсан 1991 оны есдүгээр сард төр засгаас З.Төмөрбаатар гуайд өндөр итгэл найдвар хүлээлгэн Түлш, эрчим хүч, үйлдвэрийн  яамны дэд сайдаар томилсон юм.    

 

БНХАУ-ын Трекс машины үйлдвэрт, 1993 он

 

Түлш, эрчим хүч, үйлдвэрийн дэд сайд

“Би хүндхэн үеийн дэд сайд байлаа” хэмээн тэрээр дурсчээ. З.Төмөрбаатар гуайг дэд сайдаар томилох үед төрийн дээд удирдлагуудын дунд ямар яриа өрнөснийг дурсамжаас нь хэсэглэн хүргэе. 

..Биеийн эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий инженерийнхээ ажлыг Давгадорж инженертээ өгч түр амсхийж байтал намайг хот руу дуудаж нүүрсний нэгдлийн аюулгүй ажиллагаа хариуцсан инженерийн ажилд томилов. Ажилдаа ороод удаагүй байтал буцаагаад намайг Шарын голын уурхайд ажиллах Намын төв хорооны төлөөлөгчөөр томилж, Засгийн газрын баазаас нэг өвгөн жолоочтой уурхай руу явуулав. Би л байхгүй бол энэ уурхайн ажил болохгүй юм шиг сонин сэтгэхүй тэр үеийн яамны сайд дарга нарт байж. Аль эсвэл би тэдэнтэй олон жил ажиллаж томоохон итгэлийг нь хүлээсэн инженер байсан юм байлгүй дээ. Уг нь манай инженерүүдээс  хэн нь ч (Давгадорж, Бадамдорж, Даваацэдэв, Оюунбаатар г.м.)энэ ажлыг аваад явчих мэдлэг чадвар, дадлага туршлагатай, төвийн эрчим хүчний цахилгаан станцуудад шаардлагатай нүүрсний нөөцийг хаанаас нь яаж бүрдүүлэхээ андахгүй  инженерүүд олон байв. 

      Харин надад ногдсон энэ албан тушаал уурхайн Ерөнхий инженерээс  ялгаатай нь өдөр шөнөгүй уурхайн ажилд санаа зовох, гэрийн утас дуугарах нь багасч бие сэтгэл амарч байсан юм. Бас гэрээсээ хол зочид буудалд байгаа нөгөө өвгөн жолоочоо  өрөвдөж гэртээ авчирч хооллож ундалдаг байлаа. Гэтэл  намайг хот руу дуудлаа. Яамны сайдаар Б.Жигжид томилогдсон байв. Тэрээр  хүлээж авч уулзаад танилцан:

-Чамайг дэд сайдаар ажиллуулахаар яригдсан, одоо хоёулаа Засгийн газрын хуралд орох болоод байна гэв. Би:
-Миний бие сайнгүй. Хөдөлмөрийн чадвараа 45 хувь алдсан гэсэн эмч нарын дүгнэлт гарсан. Ер нь би Шарын голоос өөр уурхайд ч ажиллаж байгаагүй гэхчилэн учир байдлаа тоочиж суутал Б.Жигжид сайд:
Наад асуудлаа Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайд л хэл, цаг боллоо явъя гэв. Засгийн газрын хуралдаанд орж Б.Жигжид сайд миний ажил, намтрыг танилцууллаа. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай:
-З.Төмөрбаатараас асуух асуулт байна уу гэлээ. Танхимын гишүүн сайд нараас хэн ч юу ч асуусангүй. Дэд сайдаар томилох уу гэтэл бүгд гараа өргөж байна. Би:
-Ерөнхий сайд аа, миний эрүүл мэнд муудсан. Одоо есдүгээр сарын сүүлч боллоо. Цахилгаан станцуудын гадаах нүүрсний нөөц бараг алга ийм үед би ажиллаж чадахгүй шүү дээ гэтэл Д.Бямбасүрэн гуай:
-Улс орон эрчим хүчээр тасалдаж ийм хүнд байхад ард түмний хөрөнгөөр эрдэм боловсрол эзэмшин  Монголын хамгийн том нүүрсний уурхайд олон жил удирдах ажил хийсэн хүн чамаас өөр хэн байгаа юм гэж ширүүхэн загнах аядаад:
- Би чамд 100000  доллар шийдэж өгнө. Чи үүгээр Багануур, Шарын голын уурхайн тоног төхөөрөмжийн өвлийн бэлтгэлийг шуурхай хангуулж цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүл, шуурхай сайн ажиллах хэрэгтэй. Чамд баяр хүргэе. Гарч болно гэдэг байгаа.

Би ямар хэцүү цаг үед ийм хариуцлагатай ажилд тулгагдчихав аа гэж бодон хурлаас гарч явтал Б.Жигжид сайд араас гарч ирэн:
 -За баяр хүргэе гэж гар бариад яаман дээр хүлээж байгаарай. Би хурал тараад очно. Хоёулаа уулзана шүү гэж хэлээд хуралдаа буцаад орлоо. Ийнхүү би ТЭХ-ний яамны дэд сайдаар томилогдов... 

 Улс орон нийгэм, эдийн засгийн хуучин тогтолцоог халж ардчилал, зах зээлийн шинэ тогтолцоонд дөнгөж шилжиж байсан уулзвар үед улс орныхоо гал голомтыг тасалдуулалгүй, тогтвортой үйл ажиллагааг нь сэргээн, өргөжин хөгжүүлэх эрхэм үүргийг тэр үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газар, сайд Б.Жигжид нар З.Төмөрбаатар гуайд ийнхүү өндөр итгэл хүлээлгэн Түлш, эрчим хүч, үйлдвэрийн яамны дэд сайдаар ийнхүү  томилсон юм билээ. 

Дэлхийн банкны төлөөлөгчидтэй Шивээ-Овоогийн уурхайд, 1994 он

 

Нүүрсний уурхайнуудад ажиллаж байсан тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд бүгд нутаг буцсан, ОХУ-аас хангагдаж байсан сэлбэг хэрэгсэл авах хөрөнгөгүй, зогсонги үе байлаа. “Намайг дэд сайдаар томилогдсон энэ үед Нүүрсний уурхайнууд маань бүгд л хуучин ЗХУ-ын техник технологиор ажиллаж байсан болохоор үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүд хуучирч засвар үйлчилгээнд  шаардах зардал нэмэгдэн, хуучин  ЗХУ  задарч, эдийн засгийн нөхцөл байдал манай улсаас дээрдэхээргүй хүндэрч байв. ОХУ-аас бэлэн валютаар авах эх үүсвэргүй, тэр бүү хэл Дулааны цахилгааны станцууд уурхайд нүүрснийхээ төлбөрийг хийж чадахгүй байснаас уурхайчдынхаа цалинг ч тухай бүр тавьж чадахгүй байдалд хүрдэг байв. Харин Шарын голын уурхайн дэргэдэх Ч.Бат-Очир даргатай алтны уурхайн хамт олны дэмжлэгээр тус уурхайд ийм хүндрэл үндсэндээ байгаагүй юм” гэж З.Төмөрбаатар гуай дэд сайдын ажлаа хүлээн авч байсан үеэ дурссан юм.  

1991 оны есдүгээр сарын 27-нд ажлаа аваад станцуудын гадаах нүүрсний нөөцийн байдалтай танилцахад 65 000 тонн нүүрстэй байж. Өвөл хаяанд ирсэн энэ цагт  Төвийн эрчим хүчний системийн хэмжээгээр ийм нүүрс байна гэдэг маш хэцүү санагдаж байснаа З.Төмөрбаатар дэд сайд өгүүлж байна. Тэр жилийн өвлийг давах гэж  Нүүрсний хэлтсийн дарга Р.Сундуй тэр хоёр Багануур, Шарын голын уурхай хоёрын дунд өвлийг өнгөрөөсөн гэдэг. 

Энэ үеийн хамгийн том бахархал бол гадаадын мэргэжилтнүүд бүгд буцсан ч монгол инженерүүд, мэргэжлийн ажилчид улс орноо нүүрсээр тасралтгүй хангах үүргээ бие даан шийдвэрлэж чадаж байсан юм. 
       Харин 1992 оноос анх АНУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр уурхайн шаардлагатай сэлбэгийг ОХУ-аас худалдан авахад дэм болжээ. Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэн жилд 600000 тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар шинэчлэх ажил, уурхайнуудыг хэрэгцээт сэлбэг техникээр хангахад АНУ, Дэлхийн банк, Япон болон олон улсын хөрөнгө санхүүгийн байгууллагуудын дэмжлэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байв. Дэлхийн банкны уул уурхайн зөвлөх, ноён Крик Ворделв уурхайнуудын  доголдлыг арилгах судалгааны баг ажиллуулсан байна. 

Японы буцалтгүй тусламжаар   Монгол орны нүүрсний салбарыг 1994-2014 он хүртэл хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-г боловсруулах ажил 1993 оноос эхэлсэн юм. Энэхүү Мастер төлөвлөгөөний үндсэн зорилт нь Багануурын нүүрсний уурхайн олборлолтыг жилд 4 сая тонн, Шивээ-Овоогийн нүүрс олборлолтыг  жилд 2 сая тоннд хүргэж, тус бүр хүчин чадлыг нь нэмэгдүүлэн өнөөгийн эрчим хүчний эх үүсвэрийн тогтвортой хөгжил, цаашид шинээр байгуулагдах цахилгаан станцуудын хөгжлийг  хангах нүүрсний орд газруудын байршил, дэд бүтэц, хүчин чадлыг өсгөх боломж, байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн техник, технологийн томоохон шинэчлэл байлаа. Үүний үр дүнд уурхайнуудын нүүрс олборлолт 1994 оноос нэмэгдэж, хөгжлийн цар хүрээ тэлж байлаа.   

Энэ төлөвлөгөөг боловсруулахад Японы “Эрчим хүч, эдийн засгийн хүрээлэнгийн Ажлын хэсгийг ноён Такехико Сатл ахалж, Монголын талаас Эрчим хүчний яамны Түлшний газрын Ерөнхий захирал З.Төмөрбаатар ахлан, Р.Сундуй, З.Хаянхярваа, Н.Батаа, Т.Пүрэвсүрэн, геологич инженер н.Нямхүү, маркшейдер инженер н.Баатарчулуун, цахилгаан инженер Н.Батсүх, яамны гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн, инженер н.Энхболд зэрэг нүүрсний салбарын туршлагатай шилдэг инженерүүд болон тус яамны харьяа Уул уурхайн хүрээлэн,сайд Б.Жигжид, яамны хамт олны дэмжлэг, хүчин чармайлтын үр дүн байжээ.  
Монгол орны нүүрсний аж үйлдвэрийн салбар  ийнхүү хуучин нийгмийн тогтолцооноос зах зээлийн нийгмийн харилцаанд богино хугацаанд шилжин орох үндсэн 3 нөхцлийг амжилттай бүрдүүлж чадсан гэж хэлж болно. 

Нэгдүгээрт, үйлдвэрүүдийн санхүү, эдийн засгийн хуучин системийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг хийж, элэгдэл хорогдлыг зөв тогтоон нүүрсний өөрийн өртөгт шингээж тооцдог болгож, улсын дагнасан өмчийг өмчийн олон хэлбэрт шилжүүлэн хувийн, орон нутгийн, төрийн оролцоотой хувьцаат компаниуд болгож өөрчлөв. 
Налайхын уурхай, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний орд, Ховдын Хөшөөт, Говь-Алтайн Зээгт,  Баянхонгорын Өвөр чулуут, Дундговийн  Тэвшийн говь, Хэнтийн Чандгана тал, Сүхбаатарын Тал булаг, Дорнод аймгийн Адуунчулууны уурхайнуудыг 100%  хувийн өмчид шилжүүлж, Өвөрхангайн Баянтээг, Хөвсгөлийн Могойн гол, Өмнөговийн Тавантолгойн жижиг уурхайг орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани, Багануур, Шарын гол, Шивээ-Овоогийн уурхайг төрийн өмч давамгайлсан хувьцаат компаниуд болгон задалж, шинэчилсэн зохион байгуулалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. 

Хоёрдугаарт, уул уурхай хөгжсөн орнуудын шилдэг техникийг өөрийн орны нүүрсний салбарт худалдан борлуулах зах зээл нээгдэж, АНУ-ын “Катерпиллер”-ийн болон Японы “Комацу” фирмийн худалдааны төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод нээсэн явдал юм. Энэ нь ганц нүүрсний салбарт ч бус манай улсын уул уурхайн салбарт өндөр хөгжилтэй орны  техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл өргөн нэвтрэх боломжийг олгосон томоохон шинэчлэл болж чадсан. Дүгнэвэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагууд, уул уурхайн зөвлөхүүдийн   зөвлөгөө, манай орны нүүрсний салбарын хэтийн хөгжлийн гэрэлт ирээдүйг тодорхойлж, үр дүнд нь 1992 оноос эхлэн техникийн шинэчлэлүүд хийгдсэн юм. 
Өнөөдөр нүүрсний салбар зөвхөн эх орныхоо эрчим хүч, дулааны тогтвортой хөгжлийг хангаад зогсохгүй, нүүрсний экспортоороо валютын урсгалыг нэмэгдүүлсэн билээ. Энэ бол З.Төмөрбаатар гуайн удирдлагад нүүрсний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудын бүтээлч хөдөлмөрийн үр дүн.   

“Бидний мөрөөдлөөс нэг л зүйл биелээгүй байна. Энэ бол эрчим хүчний хэрэглээний дотоодын  нүүрсний үнийг төр барьсаар байгаа нь цаашдаа манай түлш эрчим хүчний салбарыг уналтад хүргэх аймшигт ирээдүй харанхуйлсаар л байгаа юм” хэмээн З.Төмөрбаатар гуай санаа зовнингуй хэлж байсан удаатай.  

Нүүрсний аж үйлдэрийн хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах Монгол-Японы  баг орон нутгийн уурхайд, 1995 он
 


Нүүрсний давхаргын метан хийн салбарыг хөгжүүлэх эхлэлийг тавьсан нь
    
Нүүрсний хангамж сайжрахын хэрээр хот суурин газрын агаарын бохирдол жилээс жилд нэмэгдэж байгаа сөрөг үр дагаврыг багасгахын тулд хийн түлшийг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэх болж, “шингэрүүлсэн шатдаг хий”-н түлшийг 2000-2005 онд хэрэгжүүлэх Засгийн газрын анхны хөтөлбөрийг боловсруулах ажлыг тэрээр Нүүрсний газрын даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн.

       Тухайн үед  ОХУ-аас нефтийн дагавар бүтээгдэхүүн  болох шингэрүүлсэн шатдаг хийг хадгалах 100 шоометр багтаамж бүхий агуулах байгууламж байгуулж галт тэргээр хийг импортолдог цорын ганц компани нь Дархан хотын “Дашваанжил” ХХК байв. Үүнийг хөгжүүлэхийн тулд “Шингэрүүлсэн шатдаг хий” (ШШХ) хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор батлуулсан байдаг. Энэ  хөтөлбөрийн хүрээнд ШШХ-ийн тоног төхөөрөмжийг гааль, худалдааны татвараас чөлөөлөх, хийн хадгалалт, тээвэрлэлт, түгээх болон барилга байгууламж байгуулахтай холбоотой дүрэм, журам, стандартуудыг боловсруулан экологийн хувьд харьцангуй цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр металлургийн үйлдвэрлэл, ахуйн хэрэглээ, аялал жуулчлал, авто тээврийн хэрэгслийг хийн түлшээр хангах ажлууд хийгдэж эхэлсэн юм. u

 Түүгээр зогсохгүй энэ хөтөлбөрийн хүрээнд 2021 оны байдлаар 24 аж ахуйн нэгж шингэрүүлсэн шатдаг хий импортлон түгээх үйл ажиллагааг тогтвортой эрхэлж, хийн түлш нөөцлөх агуулахын нийлбэр хүчин чадал 58820 тоннд хүрчээ. Улаанбаатар хотод хийгээр цэнэглэх станц 48, орон нутагт 64 ажиллаж, ахуйн болон үйлдвэрийн экологижсон түлшний хэрэгцээг хангах дэд бүтэц бий болж, Улаанбаатарт 25000 гаруй суудлын автомашин хийн түлшээр ажиллаж байна. 

ШУА-ын “Шинжлэх ухааны сан”-гийн хөрөнгөөр нүүрсэн дэх байгалийн хий (метан)-н судалгаа хийх төсөл боловсруулан, геологчдын баг санаачлан удирдаж, импортын түлшийг орлох өөрийн орны хийн түлшний салбарыг хөгжүүлэх зорилтыг тавьсан байна. Монгол инженерүүд анх удаа Хархираа, Онгийн голын нүүрсний сав газруудын нүүрсний давхарга дахь байгалийн хийн  судалгааг явуулж 40-80 тэрбум шоометр хийн нөөц байх боломжтойг  тодорхойлсон судалгааны  тайланг ШУА, ТЭХЯ-д хүлээлгэн өгсөн  нь маш том ажил байлаа. 

З.Төмөрбаатар нь Өмнөговийн нүүрсний сав газрын нүүрсэн дэх хийн судалгаа, нөөц тогтоох геологийн эрэл, хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй Австрали улсын “Голден Хорд” ХХК-д зөвлөхөөр ажиллаж Өмнөговь аймгийн “Номгон” талбайд нүүрсний давхаргын метан хийн геологийн эрэл хайгуулын судалгааны ажлыг эхлүүлсэн гавьяатай. Тус компани    Засгийн газартай 2019 онд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г   байгуулан амжилттай ажиллаж байна. Энэ бол Монгол улсад хийн түлшний геологи хайгуулын ажлын  эхлэл болсон анхны гэрээ юм.

Метан  хийг дэлхий нийтээр “Ногоон түлш” гэж үздэг. Тиймдээ ч ахмад инженерийн хувьд З.Төмөрбаатар гуай эх орондоо өөрийн гэсэн хийн түлшний салбарыг хөгжүүлж, байгаль ээлтэй түлшний салбарыг хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж буй. “Төрийн тодорхой бодлого бол салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөө нь эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан бүс нутаг болон бүс нутаг дундын эдийн засгийн түшиц болох том хүчин чадлын  цөөхөн төслүүдийг ашигт малтмалын  олборлолт, боловсруулалтын нэр төрлөөр хэрэгжүүлэх боломж байгааг нарийвчлан тогтоож, түүнийг дэмжсэн дэд бүтэц, хил гаалийг өргөжүүлэн хөгжүүлэх цогц бодлогоор дэмжих явдал” хэмээн З.Төмөрбаатар гуай өгүүлсэн юм.

Нүүрсний салбарыг хөгжилд оруулж ирсэн түүний хувь нэмэр,  нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, үнэ цэнэтэй туршлага, мэдлэгийн тухай нэгэн удаа цөөхөн үгээр илэрхийлэхийн аргагүй билээ.