Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Геологи, уул уурхайн салбарынхан төрийн одонгоор энгэрээ мялаалаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, мөн Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбартаа манлайлж, салбарын хөгжилд хөгжилд хөдөлмөр, бүтээлээ зориулан үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд, ажилтнуудад төрийн дээд одон гардууллаа.

Сайд Г.Ёндон шагнал гардуулах ёслолыг нээж, “Одоогоос 100 жилийн өмнө Налайхын нүүрсний уурхайг төрийн мэдэлд авснаар хөгжлийн суурь тавигдаж байсан салбар маань өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болтлоо хөгжсөн байна. Өнөөдөр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, экспортын орлогын 93 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шим юм. Уурхайчид маань улс орны хөгжлийн төлөө зогсох эрхгүйгээр ажиллаж, уул уурхайн салбарыг хөгжлийн өнөөгийн түвшинд хүргэхэд ахмадууд, эрдэмтэн судлаачид, салбарын үе үеийн удирдлага, хамт олон чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэв.

Сүхбаатарын одонгоор Бэрхийн уурхайн ерөнхий инженерийн орлогчоос ажлын гараагаа эхэлж салбарын яам, Улсын төлөвлөгөөний комисс, “Монгол Эрдэнэ” компани, “Монголросцветмет” нэгдэл, “Монголчехметалл” компанид хариуцлагатай ажил гүйцэтгэж, улмаар манай салбарын яамны дэд сайдаар олон жил үр бүтээлтэй ажилласан Дамдингийн Амгалан;

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Аж үйлдвэрийн яаманд санхүүгийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, улмаар ЗХУ-д дээд сургууль төгсөж ирээд Түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн яаманд Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтсийн дарга, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч сайд, “Монголчехметалл”, “Монголросцветмет” нэгдэл, “Эрэл” ХХК, Эрэл банкинд газрын захирал, Ерөнхий ня-бо, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Гомбожавын Дорж, Монгол Улсад тэсэлгээний салбар бий болох үндсийг тавьж өнөөг хүртэл хөгжүүлсээр байгаа, төрийн шагналт Жижигийн Жамъян, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж төрийн яам, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч асан  Намгарын Алгаа, Геологийн төв лабораторийн ерөнхий инженерээр ажлын гараагаа эхэлж, салбартаа 30 гаруй жил ажиллаж байгаа ба одоогоор Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа Галданжамцын Бат-Эрдэнэ нар энгэрээ мялаалаа.

Мөн Гавъяат уурхайчин цолоор Шарын голын уурхайд засварчнаар ажлын гараагаа эхэлж уурхайн ерөнхий инженер, Түлш эрчим хүчний яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны дэд сайд, газрын дарга, Нүүрсний газрын дарга, Түлш, эрчим хүний ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан манай ахмад уурхайчин Загарын Төмөрбаатар, Баянтээгийн уурхайн даргаар ажиллаж байсан, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат Самбуугийн Пүрэвдорж, Шивээ-Овоогийн уурхайд тасралтгүй 30 жил хүнд даацын технологийн автомашины оператороор ажиллаж байгаа Борхүүгийн Цогтсайхан, хоосон тал дээр цахилгаан станц, ил уурхай, баяжуулах үйлдвэр, орон сууцны цогцолборыг сүндэрлүүлсэн “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл нар  шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүллээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Салбарын маань 100 жилийн ой энэ оны 12 дугаар сарын 25-нд тохионо. Түүхт ойн өдрийг хүртэл салбарын маань олон олон сайчууд ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн одон, гавъяат гэсэн эрхэм цолоор шагнуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд эрхэм уурхайчид болон тэдний ар гэр, хамт олонд Улсын баяр наадмын мэндийг хүргэж, аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөв.


Эх сурвалж: УУХҮЯ