Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр (2022.07.05) манай улсад хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхана.

Эдгээр уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, Монгол, Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн өргөтгөх, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд оросын талаас хөрөнгө оруулалт хийн хамтарсан үйл ажиллагаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, эрчим хүч, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар талууд ярилцана.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой албан ёсны (2022.07.05) хэлэлцээ хийв.

Сайд нар Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэж, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр талуудын тохиролцсон асуудлуудын хэрэгжилт болон харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд, томоохон арга хэмжээ, төслүүдийн  талаар  санал солилцов. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг сайд нар тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, энэ хүрээнд ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолой төслийн хэрэгжилт хуваарийн дагуу хэвийн явагдаж байгааг тэмдэглэж, зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр зам барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй ажлыг танилцуулав.

Мөн “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, эрчим хүч, хөдөө аж ахуй салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг урагшлуулах, сүүлийн үед хоёр улсын худалдааны салбарт үүсээд буй бэрхшээлүүдийг даван туулах арга замыг тодорхойлох талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Оросын бүс нутгийн харилцаа сүүлийн үед эрчимжиж байгааг онцолж, хамтын ажиллагааны шинэ боломжууд бий болж буй нь хоёр талын худалдааг дэмжих нөхцөлийг бүрдүүлж байгааг дурдав.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд соёл, урлагийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, иргэд хоорондын шууд харилцааг хөхиүлэн дэмжих, олон улсын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцож тус тусын байр сууриа илэрхийллээ.

 

Эх сурвалж: ГХЯ