Төлбөрийн тэнцэл, урсгал дансны хос алдагдал нь өр зузаарах үндсэн шалтгаан болж байна

2022-06-28

Монгол Улсын Их Хурал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран “Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд (2022.06.28) зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Ж.Батсуурь, Ж.Батжаргал, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Х.Булгантуяа, Д.Ганбат, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Д.Сарангэрэл, Т.Доржханд, Сангийн сайд Б.Жавхлан, Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгч Юн Сок Хёнг болон Үндэсний аудитын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, олон улсын байгууллагын төлөөлөл, судлаачид оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ өнгөрөгч гуравдугаар сард танилцуулсан төлбөрийн тэнцлийн мэдээллийг дахин сануулав. Тэрбээр, нийгэм, эдийн засгийн гол асуудлуудын үндсэн зангилаа нь төлбөрийн тэнцэл болсныг онцлоод манай улс сүүлийн 10 гаруй жилийн турш төлбөрийн тэнцэл, урсгал дансны хос алдагдалтай явж ирсэн нь эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгож, өр үүсэх үндсэн шалтгаан болсон гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.6%-иар агшиж, 2021 онд 1.4%-иар өссөн бол 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.8%-иар агшжээ. Экспортын 92% нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Энэ нь манай эдийн засаг анхан шатны, боловсруулаагүй түүхий эдээс хэт хамааралтайгаас шалтгаалж байна. Нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүний экспорт багатай. Түүхий эдээс хэт хамааралтай байдал нь эдийн засгийн өсөлтийг тогтворгүй болгож, энэ нь дундаж давхарга үүсэх, ядуурал буурахгүй байх, уул уурхайн бус үйлдвэрлэл, бизнес хөгжихгүй байх үндсэн шалтгаан болж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ дурдав.

Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5%-тай тэнцэж байгаа нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Нөгөө талаар эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагаас ядуурал дорвитой буурахгүй байгаа юм. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан боловч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлсэн буюу энэ хугацаанд гадаад өр мөн хэмжээгээр буюу 27.1 тэрбум ам.доллароор өсжээ. Манай улс сүүлийн 14 жилд зэсийн экспортоос 21.4 тэрбум, нүүрснээс 22 тэрбум, нефтиэс 4.4, алтнаас 7.1, төмрийн хүдрээс 5.8 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 73.8 тэрбум ам.долларын орлого олсон. Гэвч нөгөө талдаа энэ хугацаанд хүнс 7.1 тэрбум, автомашин 5.1, бензин шатахуун 13.5 тэрбум гэх мэт нийт 69.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж, үүний дээр гадаад улсуудад тээврийн үйлчилгээнд 3.2 тэрбум, аялал жуулчлалд 3.6 тэрбум гэх мэтээр нийт 15.5 тэрбум ам.доллар үйлчилгээний төлбөр төлжээ. Эдгээр үүссэн өр төлбөр нэмэгдэхийн хэрээр гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашигт төлдөг төлбөр нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн 14 жилийн хугацаанд зээл, бондын хүүд 6.4 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтын ногдол ашиг, хүүгийн төлбөрт 7.8 тэрбум ам.доллар төлсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсад үүсээд буй төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал, үүнээс үүссэн гадаад өрийн эмзэг байдлыг шийдэх гарч бол Үндэсний хуримтлал болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн цогц бодлого юм. Үүнийг хэрэгжүүлэхэд засаглалыг бэхжүүлэх тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал. Үүнд эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх, хариуцлага ил тод байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Улсын төсөв бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдээ зөв эрэмбэлэх шаардлага тулгарч байна. Үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зөвлөлдөх ардчиллыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хууль, эрх зүйн шинэчлэл хийх замаар бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж чадсанаар дотоодод ажил эрхлэлт, үйлдвэрлэл нэмэгдэхэд түлхэц болно. Ингэснээр үндэсний хуримтлал бүрдэж, макро эдийн засаг тогтворжино. Улмаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, өсөлт илүү хүртээмжтэй болж, ядуурал буурах боломж бүрдэнэ” гэлээ.

Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байгааг Сангийн сайд Б.Жавхлан “Гадаад өрийн удирдлага, цаашдын зорилго” сэдвээр танилцуулсан илтгэлдээ дурдав.

Засгийн газраас 2012 оноос хойш 3-10 жилийн хугацаатай Чингис, Дим сам, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Номад, Сенчири зэрэг нийт долоон бонд гаргасан байдаг. Засгийн газрын өр 2021 онд 26.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнийг өнөөдрийн үнэ цэнээр тооцвол ДНБ-ий 50.8%-тай тэнцэх болжээ. Өрийн бүтцийн хувьд 2016 онд Засгийн газрын өрийн 52 орчим хувь нь арилжааны нөхцөлтэй зээл байсан бол 2021 оны байдлаар 33.6%-д болтол бууруулжээ. Харин Засгийн газрын зээлийн ашиглалтыг авч үзвэл 40 орчим хувийг барилгын салбарт, 26%-ийг тоног төхөөрөмж худалдан авахад, 14 орчим хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байгаа бол 13 орчим хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулжээ.

Цаашид Засгийн газраас мөчлөг сөрсөн өрийн удирдлагын менежментийг хэрэгжүүлнэ. Ялангуяа донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана. Одоо байгаа зээлүүдийн ашиглалтынх нь үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого чиглэл барьж байна. Олон талт хөгжлийн түншүүдээс авах зээлийн хөтөлбөр, зээлийн ашиглалтыг зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан хөрөнгө оруулалт, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баталсан хөрөнгө оруулалтуудын хүрээнд л ашиглана гэсэн хатуу бодлого баримтална гэдгийг Сангийн сайд танилцуулав.

Олон улсын валютын сангаас Монгол Улсын эдийн засгийг өмнө нь долоон хувиар өснө гэж тооцоолж байсан бол нэг хувь болгож бууруулсан. Олон улсын валютын сан 2022 оны эдийн засгийн төлөв, нөхцөл байдлын тооцооллыг хийж байхдаа экспорт эрчимтэй сэргэж, эдийн засгийн тэлэлтийн жил болно гэж өнгөрсөн онд тооцоолж байсан байна. Хэдий тийм боловч таамаглаж байгаагүй ОХУ болон Украины асуудал, мөн БНХАУ-д цар тахлын халдварын тархалт нэмэгдэж, хатуу хөл хорио тогтоосон нь нөхцөл байдлыг өөрчилж байна. Монгол Улсын эдийн засагт гадаад орчинд өрнөж буй “шок”-уудад маш өртөмтгий, эмзэг байгаа учраас цаашид төсвийн бодлогыг сайжруулж, зарцуулалтаа танах хэрэгтэй. Төсвийн дэмжлэгийг зөвхөн дэмжлэг авах шаардлагатай, зорилтот бүлгийн иргэдэд олгох нь зүйтэй гэдгийг Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгч Юн Сок Хёнг тэмдэглэсэн юм.

Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийжээ. Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3%-иар, 2019 онд 14.3%-иар, 2020 онд 28.9%-иар тус тус өсжээ. Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан бол 16.5% нь зам тээвэр, 7.2% нь эрчим хүч, 5.3% нь усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6% нь эрүүл мэнд, 2.5% нь боловсролын салбарт зарцуулагджээ. Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагын зээлээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх эрх зүйн зохицуулалт бүрэн бүрдээгүй. Төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг батлан хэрэгжүүлсэн нь нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бууруулсан, бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдахгүй байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат тавьсан илтгэлдээ онцоллоо.

Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Э.Бямбажав хэлэхдээ, манай улсын эдийн засгаа дэмжих, тэлэх зорилт, дотоод гадаад өрөөр санхүүжүүлэх бодлого нь “өртэй, эмзэг эдийн засаг”-т хүргэж байгааг тэмдэглээд төсвийн урхагшсан алдагдал нь өр зээл өсөх суурь шалтгаан болсоор Монгол Улсыг гадаад өрийн шалгуур үзүүлэлтүүдээр дефольт болох эрсдэлтэй 10 улсын тоонд оруулж байгаа гэв. Мөн манай улсын гадаад өрийн удирдлагыг сайжруулахад одоогийн хууль, журам, стратегийг өөрчлөх шаардлагатай. Тодруулбал, гадаад зээлийг цаашид экспортыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнд ашиглах хэрэгтэй. Ингэхдээ тухайн зориулалтаар төлөвлөгөөт хугацаанд гаднаас авах зээлийн хатуу хязгаарыг тогтоож, мөрдөх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь өөрийн үйл ажиллагаа, орлого, ашгаараа зээлийн төлбөрөө гүйцэтгэх чадвартай байгаа нөхцөлд гаднаас зээлийн эх үүсвэр татах хатуу зарчмыг хуульчлах, хэрэглээ болон халамжийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчин хэрэгтэйг тодотгов.

Хэлэлцүүлэгт оролцогчид валютын гадагшлах урсгалыг хязгаарлах, дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхийн тулд жил бүр төлбөрийн тэнцлийн байдалд судалгаа хийж, түүнийг үндэслэн төсвийн болон макро эдийн засгийн төсөөлөл хийх хэрэгтэйг хэлж байлаа. Мөн Монгол Улсын төсвийг алдагдалгүй болгож, төсвийн хяналтыг чангатгаж, шалгуур үзүүлэлтүүдийг хатуу мөрдөж ажиллах замаар Засгийн газрын өрийн түвшинг багасгах, экспортод чиглэсэн үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих, экспортын даатгалын санг байгуулах, гадаад хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн таатай орчинг бий болгох хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлж байлаа. Түүнчлэн батлан гаргасан хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах асуудлыг ч хөндлөө.  “Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 39 мин
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.
  • Уржигдар 14 цаг 31 мин
    "Mongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.
  • Уржигдар 14 цаг 22 мин
    “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Одоогийн байдлаар үзсгэлэнд 150 гаруй бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчилахаар бүртгүүлээд байгаа бөгөөд олон улсын байгууллагууд өргөнөөр оролцож байна. Тухайлбал ОХУ, Канад, Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орнуудын байгууллагууд хүрэлцэн ирж оролцох юм.
  • 2022-08-01
    Хийх зүйл их байна, 120 насална” хэмээн профессор Содномын Цэдэндорж гуайн хэлсэн үг санаанд буув. Энэ бол мөрөөдлөөр жигүүрлэсэн, хийж бүтээх хүсэл тэмүүлэлээр дүүрэн хүний үг юм. Академич  П.Очирбат түүнийг нэгэнтээ “Их бүтээлч хүн” хэмээн тодорхойлсон нь бий. The Mongolian Mining Journal сэтгүүлийн “Зууны алдартан” булангийн энэ удаагийн хөргийн эзнээр эрдэмтэн С.Цэдэндорж гуайг нэрлэж, нийтлэлээ тэрлэж байна. Энэ жил Монгол Улсын гавьяат багш хэмээх төр, засгийн хүндтэй цол, тэмдэг хүртсэн түүний тухай ихийг өгүүлж болно. Гэхдээ энэ удаад Монголын уул уурхайн дээд боловсролын системд оруулсан хувь нэмэр, утга зохиол-яруу найргийн хэд хэдэн ном бүтээл тууривсан тухайг нь  тодотгон өгүүлэхийг зорилоо.  
  • 2022-07-29
    Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг БНХАУ-ын Ниншя ӨЗО, МҮХАҮТ хооронд Монгол, Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцжээ. Уг арга хэмжээний үеэр 11.8 тэрбум юанийн  “Монгол дахь Хятадын Ниншягийн худалдааны танхим” болон “Өлзий боомтын удирдлага, менежмент” ХХК хооронд “Нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, хадгалалтын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”, “Монголын Чөнжүнбао” ХХК болон Монгол Улсын Жүлө групп говь” ХХК хооронд “Тавантолгой-Өлзий боомт чиглэлийн 270 км хүнд даацын авто зам барих хамтын ажиллагааны төсөл”,