Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Өнөөдрийн шинжилгээ 2022” уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Геологийн Төв Лаборатори ТӨҮГ (ГТЛ) 1957 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 65 жилийн ойгоо тэмдэглэж байна. Эрдэнэсийн нууцыг тайлсан 65 жилийн хугацаанд тус лаборатори Монгол орны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геологийн зураглал, ерөнхий эрэл, хайгуулын ажлын лабораторийн цогц шинжилгээ, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналт, гаалийн хяналтын шинжилгээг гүйцэтгэсээр ирсэн юм.  Олон улсын стандартад  нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинжилгээний баталгаат үр дүнгээр харилцагчиддаа үйлчилдэг ГТЛ нь 65 жилийн ойн тэмдэглэлт жилийн хүрээндээ олон чухал арга хэмжээг төлөвлөжээ. Үүний нэг болох “Өнөөдрийн шинжилгээ -2022” уулзалт хэлэлцүүлгийг Үндэсний Геологийн Албаны хурлын танхимд зохион байгууллаа.

Тус уулзалтыг Геологийн Төв Лаборатори ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуу нээж үг хэлж, Үндэсний Геологийн албаны дарга О.Чулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Баярхангай нар уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдод хандан мэдээлэл өглөө. Хэлэлцүүлэгт ГТЛ-тай хамтран ажилладаг 80 гаруй байгууллагын төлөөллүүд оролцсон юм. 
Өнгөрсөн оны есдүгээр сард ГТЛ-ыг Үндэсний Геологийн Албанд харъяалуулсан тул тус лабораторийн үйл ажиллагаа, цаашид хийгдэх ажлуудын талаар хэтийг төлвийг тодорхойлсон  төсөл боловсруулсан  гэдгийг О.Чулуун дарга тодотголоо. ГТЛ нь шинэ удирдлагатай, шинэ бүтэцтэй болсон тул нийт харилцагчид нартайгаа энэ талаар санал солилцож, мэдээлэл өгөх үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан гэдгийг тэрээр мөн тодотгов. 

2022 оны хоёрдугаар сард  ГТЛ ТӨҮГ болон “Оюу толгой” компани экспортын зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх, дээжлэлт хийх гэрээг шинэчлэн байгуулсан. Мөн 2010 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа нь 2013 оноос түр зогссон цөмийн шинжилгээний лабораторийг энэ жил сэргээн ажиллуулаад байна. Цөмийн шинжилгээний чиглэлээр “Uranium Industry” ХХК-тай ураны хүдрийн дээж боловсруулалт, цацраг идэвхт элементийн болон бусад геохимийн шинжилгээ хийх гэрээ байгуулах шатандаа явж байна.  

Энэ оны тавдугаар сард Уул уурхайн сайдын тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журам”-ын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологийн судалгааны ажлын лабораторийн шинжилгээг ГТЛ ТӨҮГ-аар гүйцэтгүүлэхээр болсон.  “Үйлдвэрлэл, шинжилгээний ажлыг тасралтгүй явуулах, захиалагчид түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Химийн хортой болон аюултай бодис импортлох зөвшөөрөл авсан” гэдгийг тус лабораторийн мэргэжилтнүүд онцолж байна. Барилга байгууламжийн их засвар, инженерингийн системийг бүхэлд нь шинэчлэн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэх ажлыг  2022 оноос эхлүүлжээ. Тодруулбал, ISO9001 болон ISO45001 стандартыг тус тус үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Харилцагчийн үйлчилгээний цэг болон химийн шинжилгээний дээж задаргааны өрөөг шинэчилж, олон улсын стандартад нийцсэн хөдөлмөрийн орчин бүрдүүлж эхэлсэн байна.   

ГТЛ нь үйл ажиллагаандаа “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага” MNS ISO /IES 17025, “Стандартчилсан загвар, үйлдвэрлэгчдэд тавих ерөнхий шаардлага” ISO 17034, “Ур чадварын сорилт зохион байгуулагчид тавих ерөнхий шаардлага” ISO /IES 17043 стандартуудыг нэвтрүүлж, үндэсний болон олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн юм. Тус лабораторийн Итгэмжлэлийн Хамтын ажиллагааны байгууллагын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ILAC MRA)-ийн хүрээнд дэлхийн 105 оронд хүлээн зөвшөөрөгдөөд байна.

  
Г.Идэр