Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75%-иар огцом нэмэгдүүлэв

АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.75%-иар нэмэгдүүлж буйгаа (2022.06.15) зарлалаа. Энэ нь бодлогын хүүг 1994 оноос хойших хамгийн өндөр дүнгээр нэмэгдүүлсэн хэрэг болж байна. Ингэснээр АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн хэмжээ 1.5-1.75%-д хүрч байна. Энэ оны эцэс гэхэд тус улсын төв банкны бодлогын хүү 3.4%-д, улмаар ирэх оны хавар гэхэд 3.8%-д хүрэхээр байгааг тус банк төсөөлж байна. Гэхдээ бодлогын хүү ирэх оны эцэс гэхэд эргээд буурч 3.4%, 2024 оны эцэс гэхэд 3.1%-д хүрэх болов уу гэж үзжээ.

Төв банкны тэргүүн Жэром Пауэлл ирэх долдугаар сард бодлогын хүүг 0.5-0.75%-иар дахин нэмэгдүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Ингэхдээ инфляцын нөхцөл байдлыг харзнаж байж шийдвэрээ гаргах ажээ. Холбооны нөөцийн банкны хувьд урт хугацаандаа инфляцыг 2%-д хүргэхээр зорьж байгаа бол өнгөрсөн тавдугаар сард тус улсад инфляц 8.6%-д хүрч сүүлийн дөч гаруй жилийн дээд хэмжээнд очжээ.

Энэ оны бодлогын хүүгийн өсөлтийн тооцоолол өнгөрсөн гуравдугаар сарын төсөөллөөс 1.5%-иар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Тус банк энэ оны АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж 1.7% болгожээ. Уг нь өнгөрсөн гуравдугаар сард уг үзүүлэлтийг 2.8%-иар илэрхийлэгдэнэ гэж төсөөлж байв. АНУ-ын эдийн засгийн өсөлт оны эхний улирлын байдлаар 1.4%-иар буурсан дүнтэй гарсан бол хоёрдугаар улиралд тэг хувиар өсөх таамгийг Холбооны нөөцийн банкны Атланта дахь салбар гаргаад байна. Ингэснээр нэгдүгээр улсын эдийн засаг оны эхний хагаст бууралттай гарч болзошгүй болжээ.

Гэхдээ АНУ-ын ажлын байрын үзүүлэлт харьцангуй сайн байгаа бөгөөд эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд нэгдүгээр улирлын дараа сайжрах төлөв ажиглагдаж буйг албаныхан тэмдэглэжээ. Тус улсын төв банк энэ онд инфляц 4.1-4.2%, ирэх онд 2.6-2.7% руу огцом буурна гэж найдаж байна.

 


Б. Төгс