Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

ОХУ-ын Красноярскийн хязгаарын Аж үйлдвэр, эрчим хүчний сайдтай уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ОХУ-ын Красноярскийн хязгаарын төлөөллийг (2022.06.07) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тус бүс нутгийн байгалийн баялаг, үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарын талаар танилцуулга хийж, харилцан хамтран ажиллах боломж бүхий салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, геологи хайгуул, аж үйлдвэр, эрчим хүч, цахилгаан, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, инженерчлэл, барилгын материал үйлдвэрлэл болон бусад салбарт хамтран ажиллах талаар хүсэлт тавьсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон түүхий эдийн экспорт давамгайлсан Монгол Улсын хувьд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх замаар эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслүүд хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгөөд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрс баяжуулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Уулзалтын үр дүнд талууд дээрх чиглэлд туршлага солилцох, судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахаар боллоо.

Красноярскийн хязгаар нь 80 төрөл зүйлийн ашигт малтмалын нөөцтэй, ОХУ-ын хүрэн нүүрсний нийт нөөцийн 70%, зэсийн нөөцийн 20% нь тус бүсэд байршдаг, никелийн 80%-ийг үйлдвэрлэж, алтны 20%-ийг олборлодог, газрын тос боловсруулах үйлдвэр, 5 усан цахилгаан станцтай, өөрийн хэрэглээнээс давсан эрчим хүч үйлдвэрлэдэг, хөнгөн цагааны 2 үйлдвэртэй ба улсын нийт үйлдвэрлэлийн 30 хувийг хангадаг, өнгөт метал үйлдвэрийн чиглэлээр тэргүүлдэг томоохон бүс нутаг юм. 

 

Эх сурвалж: УУХҮЯ