Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд 825.9 тэрбум төгрөг зарцуулна

2022-05-27

Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар, “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр боловсруулсан “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” урт хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад (2022.05.26) гардууллаа. Ханбогд сумын ухаалаг, ногоон, тогтвортой хөгжлийн суурь зарчим тус төлөвлөлтийн үзэл баримтлал юм. Төлөвлөгөөг боловсруулахдаа Ханбогд сумын нийгэм, эдийн засаг, барилга байгууламж, дэд бүтцийн одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд үндэслэн, олон улсын хот төлөвлөлтийн аргачлалаар Монгол Улсын стандарт, норм, дүрмийг мөрдлөг болгосон юм.

Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлнэ. Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд томсгосон тооцоогоор нийт 825.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас эхний ээлжид 245.3 тэрбум төгрөг зарцуулахаар байна. “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Ханбогд сумын хөгжилд зориулан компанийн зүгээс 50.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн.

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх үе шат болох 2025, 2030, 2040 оны түвшинд инженерийн хангамжийн эх үүсвэрийг үе шаттайгаар өргөтгөх, шинээр барьж байгуулахаар төлөвлөсөн байна. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалтай уялдуулан орон нутгийн онцлогт тохирсон цэвэр эрчим хүч бүхий нарны дулааны энергийг нөөцлөх, дулааны станцтай хосолж ажиллах, технологийн уян хатан системтэй, ухаалаг дулааны сүлжээг бий болгоно.

Ханбогд сумын төвийн цахилгааны ачаалал 2025 онд 3.9 МВт, 2030 онд 7.3 МВт, 2040 онд 14.8 МВт болгох өсгөх төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжийн 2020-2025 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 1-10 кВт чадалтай нарны жижиг цахилгаан станцуудыг олон нийтийн барилгууд болон хувийн орон сууцанд суурилуулан, хооронд нь холбож, сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн системийг бий болгоно. Мөн 10 МВт хүчин чадалтай нарны станц ашиглалтад оруулж, эрчим хүчний хэрэглээний 70 хүртэл хувийг хангахаар төлөвлөжээ.

Хүн амын ундны эх үүсвэрийг дунд хугацаанд 2026-2030 онд баруун хэсгийн хайгуулын нөөц худгийг иж бүрэн барих, төлөвлөлтийн хугацаанд 2031-2040 онд зүүн хэсгийн хайгуулын нөөц худгийг иж бүрэн барихаар төлөвлөсөн.

Ханбогд сум нь ирээдүйд хойд зүгт тэлэх боломжтой байна. Сумын одоогийн суурьшил, засаг захиргаа, сургууль, цэцэрлэгийн байршил, газар олголт, газрын гадаргуутай уялдуулан авто болон явган замын сүлжээ, гудамжаар холбон, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, зам талбайн тохижилт, шаардлагатай худалдаа, үйлчилгээ, нийгмийн дэд бүтцийн барилгуудын хамтаар 1,610 га талбайд төлөвлөсөн байна.

Уул уурхайн сөрөг нөлөөллийг багасгахын тулд тогтвортой уул уурхайн зарчмыг тогтвортой аялал жуулчлалын зарчимтай уялдуулан говийн эмзэг, экосистем бүхий биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалж, байгаль орчинд ээлтэй ан амьтныг ажиглах, палеонтологийн аяллыг брэнд болгон хөгжүүлэх юм байна. Мөн дотоодын аялагчдад зориулсан олон улсын байгаль хамгаалах стандартад нийцсэн, аялал жуулчлалын барилга байгууламж бүхий аялал жуулчлалын үзмэртэй сум болгон хөгжүүлэхээр тусгажээ. Ханбогд сумын аялал жуулчлалыг тусгай хамгаалалттай байхаар тусгасан ба газар нутагт байгалийн болон судалгаа, шинжилгээний аялал голлосон долоон маршрут бүхий долоог аялал хөгжүүлнэ. Аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн, үзмэр, үйлчилгээ нь Галба уул орчимд төвлөрөх бөгөөд Шар цав, Дэмчигийн хийд орчимд өвөрмөц архитектур дизайнтай амралтын газрууд байхаар төлөвлөв.

Ханбогд сумын төв нь 1924 онд Галба сум нэртэйгээр Хадан хошуу гэх газар анх үүсгэн байгуулагдсан. Улаанбаатар хотоос 650 км, аймгийн төвөөс 250 км зайтай оршдог. Ханбогд сумын төв нь баруун, хойд талаараа Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Баян-Овоо сумдтай, зүүн талаараа Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сумдтай нутаг залган оршихоос гадна урд талаараа БНХАУ-тай хил залгаа оршин, Гашуунсухайт хилийн боомтоор Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны өсөлтийг дээшлүүлж байна. Газар нутгийн хэмжээ 15,150 км2, нийт таван багтай. 2019 оны байдлаар аймгийн нийт хүн амын 12.4 хувь буюу 1,956 өрхийн 8,660 иргэн суурин ажиллаж, амьдарч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг Улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ ажлыг эхлүүлж Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрт Гарын үсэг зуран баталгаажуулах түүхэн мөчийн гэрч болохоор та бид хуран цуглалаа. Цаашид Монгол улсын Засгийн газраас Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд өөрийн эдийн засгийг бие даан бүрдүүлж, Монгол улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй аймаг орон нутгийг бодлогоор онцгойлон дэмжиж ажиллах болно. Ханбогд сумыг жишиг хот болгон хөгжүүлэх өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Өмнийн их говьд Шинэ хот сүндэрлүүлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын зөвхөн эхлэл юм” хэмээн хэлэв.

“Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Элчин сайд Г.Батсүх: “Харилцан ойлголцлын санамж бичиг, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Ханбогд маань өргөжин дэвжиж, хил орчмын жишиг сум болж хөгжих гараанаас мордохоор зэхэж байна. Энэ нь манай улсын Засгийн газаас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт эрчимжиж байгаагийн тод илрэл юм” гэж цохон тэмдэглэв.

Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, амралт, аялал жуулчлал эрхлэх, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдсэн төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж, сумын төвийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг нөөцөд, бодлогод, хэрэглээнд тулгуурласан дагалдах салбаруудыг тодорхойлон гаргасан. Өөрөөр хэлбэл, Ханбогд сумыг говийн бүсийн тогтвортой, хүртээмжтэй, цогц, ухаалаг загвар сум болгон хөгжүүлж, технологи, дэд бүтэцтэй, амьдрах орчин сайтай, нөөц талбайн шийдэлтэй, ажилтай, орлоготой иргэдтэй, аялал жуулчлал хөгжсөн, ухаалаг засаглалтай сум болгох төлөвлөлтийн үндсэн шийдлүүдийг дэвшүүлсэн.

Ийнхүү нэгдмэл алсын хараанд чиглэсэн талуудын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолын 1 дэх заалтын 5 дахь хэсэгт заасан байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа нэн чухал ажил болохыг оролцогч талууд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 10 мин
    Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  
  • 12 цаг 25 мин
    Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна. Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна.
  • 14 цаг 42 мин
    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.   АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.   Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
  • 14 цаг 47 мин
    Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм.  3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 
  • 2023-01-27
     Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.