Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

WoodMackenzie: Гангийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт 30%-иар буурна

Гангийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 2050 он гэхэд 30%-иар буурах тооцооллыг Wood Mаckenzie” судалгааны байгууллага дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл 2021 оны байдлаар гангийн салбар нийтдээ 3.34 тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулсан бол 2050 онд энэ хэмжээ 2.33 тэрбум тонн болж буурна гэж тооцжээ.

Энэ зууны дунд үе хүртэл гангийн салбарын хэмжээнд (хаягдал төмөр/шууд ангижруулсан төмөр) ашигладаг цахилгаан нуман зуухны гарц жил бүр 2.3%-иар өсөх бол уламжлалт домен зуухны хүчин чадал жил бүр 0.5%-иар буурах төлөвтэй байгаа ажээ. Улмаар 2050 он гэхэд цахилгаан нуман зуухны гангийн үйлдвэрлэлд эзлэх хувьд 48%-д хүрэх бөгөөд өнгөрсөн онд уг үзүүлэлт 30%-тай байжээ. Ингэснээр цахилгаан зуух болон домен зуухны ган үйлдвэрлэлд эзлэх байр суурь зэрэгцэж ирэх юм байна.

Хөрөнгө оруулагчид гангийн салбарыг хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахыг шаардаж буй нь цаашид цахилгаан нуман зуухны хэрэглээг нэмэгдүүлэх хөшүүрэг болж байна. Үүний зэрэгцээ гангийн салбар нүүрсхүчлийн хийг ангилан хадгалах технологийг ч хамтад нь ашиглах байдлаар жилд 178 сая тонн ялгарлыг бууруулах боломжтой болохоор тооцжээ. Энэ нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах тооцооллын 20 орчим хувийг эзэлж буй юм. Асуудлын гол нь домен зуухны технологийн хувьд агаарт ялгарах хүлэмжийн хийнээс нүүрсхүчлийн хийг ангилан авч хадгалах нь нэлээд амаргүй сорилт болохыг тус байгууллага онцолжээ.

Түүнчлэн гангийн салбарын хувьд устөрөгчийг ашиглах технологийн туршилт явагдаж байгаа бөгөөд энэ чиглэлд Европын холбоо тэргүүлж байгаа юм. Улмаар 2027 оноос арилжааны горимоор үйлдвэрлэл эхлэх бөгөөд 2050 он гэхэд энэ төрлийн технологиор үйлдвэрлэх гангийн хэмжээ жилд 232 сая тоннд хүрэх ажээ. Энэ нь нийт үйлдвэрлэлийн 10%-ийг эзэлнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр 2050 он гэхэд шууд ангижруулсан төмрийн үйлдвэрлэлийн 40% нь устөрөгч ашигладаг технологид суурилна гэж үзжээ.

Хөгжингүй орнууд цаашид цахилгаан зуух руу хурдацтайгаар шилжих дүр зурагтай байгаа бол Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн улс орнууд уламжлалт домен зуухны хүчин чадлаа түлхүү нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм. Цахилгаан нуман зуух нь уламжлалт домен зуухыг бодвол хүлэмжийн хийн ялгаруулалт нь 75%-иар бага байдгаараа илүү байгальд ээлтэй байдаг ажээ.

 

Б. Төгс