Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр (2022.05.11) тогтлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болжээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нь үндэсний баялгийн сангийн төрлийг тогтоож, тус сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, сангийн тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. Тус хуулийн төсөл нь 3 бүлэг, 10 зүйлээс бүрдэж байна.

Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулжээ.

Тус хуулийн төслийг дагалдуулж Хөгжлийн сангийн тухай хуулийг боловсруулж, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлнө

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

“2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээллээ. Мөн энэ 2022 онд Хөгжлийн  банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлөх, зах зээл дээрээс буцаан худалдан авч өрийг бууруулах асуудлыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.