Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

О.Амгаланбаатар:  Нарансэвстэйн боомтыг нээснээр Монгол Улс Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно

МОНЦАМЭ агентлагийн Говь-Алтай аймаг дахь сэтгүүлч Э.Нарангэрэл

 

“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” уулзалт-хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 11-нд Говь-Алтай аймгийн Алтай хотноо боллоо. 

Хэлэлцүүлэгт Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн дарга Б.Дашпүрэв, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Засаг даргын орлогч Г.Чинбат, АЗДТГ-ын дарга Ц.Батзориг, АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Хурцгэрэл, сумдын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагчид, хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцов. Өнөөдрийн байдлаар, Говь-Алтай аймгийн хэмжээнд ашиглалтын 59, хайгуулын 68, түгээмэл тархацтай ашигт малтмалын 9, нийт 136 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа бөгөөд энэ нь нийт газар нутгийн 3.8%-ийг эзэлж байна.

Эрдэс баялгийн салбарын бод­лого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөв­шүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хэлэлцүүлэг өрнөсөн юм.  АМГТГ-ын дарга Л.Баярмандал, аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат нар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, хэлэлцүүлгээр төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхайн салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлсон үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.

Мөн үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Говь-Алтай аймгийн эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал” сэдэвт илтгэлдээ “Говь-Алтай аймагт Нарансэвстэйн боомтыг нээснээр Нарансэвстэй-Алтай чиглэлд 500 км хатуу хучилттай зам тавьж, Монгол Улс  Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгон  БНХАУ-ын Ганьсу мужаар дайран өнгөрч байгаа Монгол Улсын хилээс 60-100 км-т байгаа торгоны замын зангилаа болох хэвтээ тэнхлэгийн төмөр зам, хурдны замтай холбогдоно”  гэдгийг тэмдэглэж байлаа.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Цээл сумын Засаг дарга Д.Буянхишиг, “Алтайн Хүдэр” ХХК-ийн удирдлагууд гурван жилийн хугацаатай хамтран ажиллах /хариуцлагын/ гурвалсан гэрээ байгуулав. Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тус компанитай байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд зорилгоор ийнхүү хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. 
Гэрээний дагуу “Алтайн хүдэр” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр тусгагдсан нь шинээр оруулсан онцлог заалт болсон байна.  Тухайлбал, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх найман арга хэмжээг тусгажээ. Тодруулбал,
1. Нийт ажлын байрны 30-аас доошгүй хувьд орон нутгийн иргэдийг зохих түвшний сургалтад хамруулсны үндсэн дээр ажиллуулах
2. Орон нутгийн оюутан залуусыг дадлага хийх нөхцөл боломжоор хангах
3. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх
4. “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайн олборлолтын үйл ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдийг орон нутгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, холбогдох хуулийн дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлж, татварыг хугацаанд нь бүрэн төвлөрүүлэхэд хүчин чармайлт гаргах
5. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон төлөвлөгөөний дагуу үйлдвэр, уурхайн орчин, замын маршрутын дагуу хөрс, ургамал, булаг, шанд, гол горхи, ан амьтан хамгаалах ажлыг зохион байгуулж, нөхөн сэргээлт хийх
6. “Шинэ цээл” суурьшлын бүсэд шинээр баригдах барилга байгууламжийн дэд бүтцэд зориулж халаалтад 500 сая төгрөг, цэвэр бохир усны дэд бүтцэд 2.0 тэрбум төгрөг нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг үе шаттайгаар олгох
7. “Алтай Хүдэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Таяннуурын уурхайгаас Бургастай боомт хүртэлх барьж буй авто замын засвар арчилгааг хариуцан ажиллах
8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй 1 тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Таяннуур-Бургастай чиглэлийн тээв­рийн замын дагуу мод тарьж ургуулах зэрэг заалтуудыг тусгажээ.