Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ж. Золжаргал: Эрчим хүчний үнийн өсөлт Монгол нүүрсний боломжийг тэлнэ

Нүүрсний ханш олон улсын зах зээлд оргил түвшинд хүрч байгаа нь манай улсын экспортын өсөлтийг даллан дуудавч цар тахлаас үүдсэн боомтын нэвтрэлтийн удаашрал арилаагүй хэвээр. Нөгөө талд Монголын түүхий эдийн экспортын төмөр замууд шил шилээ даран ашиглалтад орох   тов ойртсоор байгаа энэ үед Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж. Золжаргалтай MMJ-ийн Б. Төгсбилэгт ярилцлаа.

Нүүрсний ханш өссөөр байгаа нь том боломж байгааг харуулах ч манай улсын нүүрсний экспорт бууралттай хэвээр.  Оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 3 сая тонноор бага байна шүү дээ?
Уул уурхайн “тэсрэлт” болж байхад манай улсыг Канад, Австралийн хэмжээнд очих тухайд таамаг дэвшүүлэн ярьцгаадаг байсан. Ялгаа нь тэдэнд олон хувилбар бүхий далайд гарцтай зах зээл бий бол манайд зах зээл нэн хязгаарлагдмал, логистик сул хөгжсөн зэрэг нь бидний гол хязгаарлагч хүчин зүйл болдог. Тиймээс уул уурхайг хөгжүүлээд тэндээсээ их ашиг олно гэж бодвол тээвэр логистикийн дутагдалтай байдлаа засах хэрэгтэй. Түүнээс биш нөөцтэй байна гэдэг нь гол давуу тал биш болохыг бид өнгөрсөн хоёр жил хатуу ойлголоо. Үүнийг ойлгодоггүй байсан хүмүүс   бодит байдлыг ухаарсан нь давуу тал болсон гэж бодож байна. Нүүрсний үнийн өсөлтийг ашиглах нь   тээвэр логистикоос хамааралтай. Бидэнд хэрэгтэй түүхий эд бараа нь байх авч хилээрээ гаргаж чадахгүй байна. Зах зээлийн худалдан авагчид нь бас авахгүй байна. Үүний учир шалтгааныг цар тахалтай холбож ирсэн. Хоёр жил ингэж явсаар одоо гурав дахь жил рүүгээ орлоо. Одоо Хятадад бас халдварын тохиолдол нэмэгдээд байгаа мэдээлэл гарлаа. Тэгэхээр энэ байдал  дахиад удаан үргэлжлэх юм биш биз дээ гэсэн болгоомжлол төрж байна.

Цар тахлаас гадна ОХУ, Украины хооронд гэнэт мөргөлдөөн болоод олон улсын дэг журам, нөхцөл байдал өөр болох гээд цаг үе тогтворгүй байна. Ийм тохиолдолд дэд бүтэц, ялангуяа төмөр зам их чухал байсан. Сүүлийн хэдэн жил харин төмөр замын төслүүд нэлээд эрчимтэй урагшилж байна. 

Шивээхүрэн, Гашуунсухайтын нүүрсний терминалын бүтээн байгуулалт дууссанаар нүүрсний экспорт нэмэгдэнэ гэсэн найдвар байсан, хоёр боомтын экспорт яагаад сэргэхгүй байна вэ?
Терминалын бүтээн байгуулалт  уг нь экспортыг нэмэх зориулалттай. 
Одоо бол Гашуунсухайтын терминалаар чингэлэг тээврээр нүүрс экспортод гарч байна. Хэмжээ нь бага. Хятадын талд манай аж ахуйн нэгжүүд худалдан авалтаа нэмэгдүүлэх санал тавихад нөгөө талаас авахад бэлэн байгаа ч Монгол талаас ахиу орж ирэхгүй байна гэсэн тайлбар өгдөг. Өөрөөр хэлбэл зохион байгуулалтаа сайн хийж чадахгүй байна гэж хэлдэг. Чингэлэг тээврийн терминал дээр ажиллаж байсан хүмүүсээс ковидын халдвар илэрсэн. Хэдийгээр энэ бүтээн байгуулалтыг халдвараас сэргийлэх гэж байгуулсан ч ковид гарсаар байна. Тиймээс терминал дээр  хяналтаа сулруулж болохгүй юм байна гэсэн байр сууринд талууд хүрсэн. Бага хэмжээгээр экспорт хийгдэж байгаа нь зохион байгуулалт тодорхой хэмжээнд шаардлагад нийцсэн гэсэн үг. Гэвч бодит байдал дээр экспортын хэмжээ яагаад нэмэгдэхгүй   нь тодорхойгүй байна. 

Шивээхүрэн боомт дээр хоёрдугаар сарын 15-нд Хятадын талаас комисс ирж ажиллаад хэзээ нээх талаар шийдвэр гаргахаар болсон ч хариу алга. Шивээхүрэн дээр терминалаа дуусгахад бэлэн болсон ч пүү нь (ачааны машины жин хэмжигч) хил дээр гацчихсан   хэдэн сар хүлээгдэж байгаа юм. Боомтын хувьд бараг хагас жил нүүрсний экспорт зогсонги байна. Энэ бол хэвийн бус үзэгдэл. Үүнийг хоёр улсын харилцаанд таатай үзэгдэл гэж харахгүй байна. Ковидтой холбоотойгоор зөвхөн Монгол Улс бус, хуурай газраар хиллэж байгаа бүх улстай ийм шаардлага тавьдаг гэж ярьдаг. Гадаад харилцааны хүрээнд манай улс энэ асуудлаа тавих ёстой. Хоёр улсын тухайд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Манай улс Хятадын талтай Иж бүрэн стратегийн түншлэл байгуулсан. Манай эдийн засаг их эмзэг тул худалдаан дээр анхаарал хандуулахыг тэдэнд сайн хөршийн хувьд ойлгуулж, сануулж байх ёстой гэж бодож байна. 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлж байна. Та үүнээс нүүрсний салбарт ямар боломж гарч ирнэ гэж бодож байна вэ?
Гарц нэмэгдэх тусам боломж нэмэгдэнэ гэж харж байна. Нүүрсний зах зээл их өөрчлөгдөөд байна. Эрэлт нь заримдаа ихсээд бусад үед багасах маягтай. Хятад улс нь нүүрсний салбартаа зохицуулалт хийдэг орон. Тус улсын коксжих нүүрсний хэрэглээ харьцангуй тогтвортой байдаг бол зарим үед эрчим хүчний нүүрсний хэрэглээ нь өсдөг. Эрчим хүчний нүүрсний хувьд заримдаа олон улсын байдал болон бусад шалтгаанаар нийлүүлэлтийн доголдол үүсээд эрэлт нэмэгдэхэд Монгол бэлэн байх ёстой. Хятадын зах зээлийн багахан өөрчлөлт нь Монголд маш том нөлөө үзүүлнэ. Тэр үед манайх логистик сайтай, хэрэгтэй үед нь ахиухан нийлүүлбэл багагүй орлого олох боломжтой. Тэр утгаар нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам эрчим хүчний нүүрс болон коксжих нүүрсний экспортод ихээхэн хэрэгтэй зүйл гэж харж байна. Энэ чиглэлд өөр ч эрдэс баялгийн ордууд бас бий. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг түрүүлж бариад, улмаар зүүн тийш төмөр зам барина гэдэгтэй санал нийлдэг. Зүүн тийш баривал Монгол улсын хувьд зөв зүйл. Тэртээ тэргүй бид улсаа нийтэд нь төмөр замаар бүрхэх ёстой. Уул уурхайгаар далимдуулж барихгүй бол өөр арга байхгүй.

Эрчим хүчний нүүрсний ханш өсч байна. Манай улсын нүүрсний салбарт шинэ боломж гарч ирэх юм биш биз? Хятадын шинжээчид “Coal Mongolia” чуулган дээр Монголын эрчим хүчний нүүрсний хувьд экспортын үр ашиг багатай гэж хэлж байсан бол одоо байдал өөрчлөгдөж байна?
Эрчим хүчний нүүрсний хэрэглээний өсөлт нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоос болоод зогссон. Өсөлт буурч байгаа ч нийт хэмжээний хувьд доошлохгүй, харьцангуй тогтвортой олон жил үргэлжилнэ. 

Энэ нь илүү бодит байдалд нийцэх тайлбар болов уу гэж боддог. Нүүрсний хэрэглээг байхгүй болгоно гэвэл боломжгүй. Харин өсөлтийг байхгүй болгоно гэж ойлгож болох юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Хятад улс өөрөө 3.8 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Энэ бол маш том хэмжээ. Ийм зах зээлд 2-5%-ийн хэлбэлзэл гарах нь хэвийн үзэгдэл төдийгүй байнгын үзэгдэл. Ийм байхад уур амьсгалын өөрчлөлтөөс болоод нүүрсний хэрэглээ цаашид өсөхгүй, манайд зах зээлгүй боллоо гэж ярих нь утгагүй. Жаахан хэлбэлзэл дээр бид чадлаараа тоглох юм бол бидний барж идэхгүй хоол байгаа. Тийм болохоор бэлэн байдалтай байхын тулд тээвэр логистикийн асуудлаа шийдэх ёстой. Одоо ингээд өндөр үнэтэй байхад коксжих нүүрсээ гаргаж чадахгүй, зарим компани дээр хоёр жилийн өмнөх гэрээ нь хүртэл дуусаагүй явж байгаа тул үнэ ханшаа ч нэмж чаддаггүй, өртэй болсон. Ийм байхад эрчим хүчний нүүрсний үнийн өсөлтийг бид ашиглах ямар ч боломжгүй. Сайхан боломж нээгдээд байдаг. Бид ашиглаж чадахгүй. Тэгэхээр ерөөсөө дахиад л хил гааль. Бид түүхий эд гэж ярьж сурмаар байна. Түүхий эдийг баялаг болгохын тулд мэдлэг, логистик хэрэгтэй. Үгүй бол түүхий эд хэвээр л байна. 

Дайны байдлаас болоод эрчим хүчний үнэ огцом өсч байна. Энэ нь тодорхой хугацааны дараа буурч мэдэх юм. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн бага зэргийн өөрчлөлт нь манай улсад том нөлөө үзүүлэх тул нүүрс хэрэггүй болно гэдэг яриа нь бидэнд хэтэрхий томдоно. Үүний оронд хил гаалийн асуудлаа цэгцэлж дэд бүтцээ яаж тавихаа л шийдсэн дээр байх. 

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам ашиглалтад орж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Замын-Үүдийн боомтоор гардаг төмрийн хүдэр Ханги руу шилжихээр найман сая тонны сул орон зай үүснэ. Замын-Үүдээр нүүрс гарах боломж нэмэгдэх үү?
Гурав дахь улс руу экспортолно гэж бид ярьдаг. Хоёр жилийн өмнө ОХУ руу төмөр замтай харилцан хөнгөлөлттэйгээр тээвэр хийх тухай гэрээ байгуулсан тухай мэдээлэл гарсан. Хятадтай бас ийм гэрээтэй. Эдгээр хэлэлцээрээр тээврийн тарифыг бууруулсны үр дүнд Владивосток, Тянжин хүртэл нүүрс тээвэрлэх өртөг хоорондоо ойролцоо болсон ч тариф харьцангуй өндөр талдаа байгаа. Коксжих нүүрсээ тонн тутамд  200 ам.доллароос дээш зарж байж ашигтай гэсэн тооцоо гарсан байдаг. Үнэ өсөөд 300-400 ам.доллароос дээш гараад ирэхээр гуравдагч зах зээлд манай нүүрс гарч болмоор харагддаг. Тэгэхээр Зүүнбаян-Ханги чиглэлд төмрийн хүдэр гарахаар Замын-Үүдийн олон улсын гарцаар нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах нь байж болох л үзэгдэл.  Эрээн бол гурван улсыг холбосон чухал боомт бүхий том хот болж байгаа. Энэ хэсэгт нэгж килограммд ногдох үнэлгээ нь илүү үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх бодлого баримтлах маягтай. Орчин үеийн том хотууд дундуур овор ихтэй нурмаг ачаа тээвэрлэх сонирхол багатай гэсэн үг. Тиймээс транзит тээвэр, үнэ цэнэтэй, нэмүү өртөг шингэсэн бараа тээвэрлэх сонирхолтой. Ханги-Мандал чиглэлээр илүү уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх нь тохиромжтой болов уу гэсэн төсөөлөл байна. Олон улсад гарах тухайд олон жил ярьсан ч бодит байдал дээр чадахгүй байгаа шүү дээ. Хангийн боомтын хувьд олон улсын статустай болох тал дээр тодорхойгүй байна. 

Газрын тос, байгалийн хийн үнэ өсч байна. Эрчим хүчний үнэ урт хугацаанд хэрхэн тогтох тухайд та ямар бодолтой байна вэ? ОХУ-ын эсрэг тавьсан барууны эдийн засгийн хориг арга хэмжээ нэг хэсэгтээ үргэлжлэх байх.
Одоогоор болж буй үйл явдлаас ОХУ-ын газрын тос, байгалийн хийнд шууд хориг тавих юм бол дэлхий ертөнц шал өөр болох гээд байна. ОХУ шууд орлогогүй болно. Түүнийг нөхөөд Хятад руу нийлүүлэх хэмжээний дэд бүтэц бэлэн болоогүй. Тэгэхээр барууны тал нефть, байгалийн хийг  авахгүй тохиолдолд хэрхэх бол гэсэн гайхшрал байсан. Гэтэл Европын холбоо нефть, байгалийн хийн импортоо үргэлжлүүлэх бололтой. Үүний зэрэгцээ ОХУ-аас Хятад руу нийлүүлэх хэмжээ нэмэгдэх байх. Хятад улс хориг арга хэмжээнд нэгддэггүй юм гэхэд ОХУ-ыг дэмжихгүй гэж олон улс судлаач нар ярьдаг. Гэхдээ хориг арга хэмжээ зарласан барууныхан байгалийн хий, нефтийг нь аваад байхад хориг арга хэмжээ зарлаагүй Хятад яагаад авахгүй гэж? Тийм логик байна. Тиймээс Хятадууд авдгаараа авна. ОХУ-ын тал сая Украин руу цэрэг оруулахаас өмнө Өвлийн Олимпийн үеэр урд, хойд хоёр хөрш орны ерөнхийлөгч нар Сахалины хийн хоолойтой холбоотой гэрээ байгуулсан. Монголоор дамжуулах хийн хоолойн төсөл ч сүүлийн хоёр жил эрчимтэй яригдаж байна. Энэ нь цаашид Хятадын худалдан авалт нэмэгдэх төлөвийг батална. Барууны эсрэг дэлхий олон төвт болно, ОХУ, Хятад хоёр нэг хүчний төвлөрөл байна гэсэн зүйл яригдаад олон жил болж байна. Үүний бэлтгэл суурь нь хоёр хөрш орны хоорондын худалдааны харилцааны бэхжилтээр явагдаж байсан болов уу гэж боддог. Тиймээс бага багаар зүүн тал руугаа байгалийн хий, нефтийн худалдаа шилжих байх. 

Эрчим хүчний үнийн хувьд өндөр байх нь тодорхой. Учир нь нийлүүлэлт багасахын сацуу эрсдэл нэмэгдэхээр юмны үнэ өсдөг шүү дээ. Хоёрдугаарт дайн дууслаа гэж бодоход хориг арга хэмжээ, хүйтэн уур амьсгал нэг хэсэгтээ сулрахгүй нь тодорхой. ОХУ нь эрчим хүчийг зэвсэг болгож ашиглаад байна, улстөрийн нөлөөлөх хөшүүрэг болгоод байна гэж барууныхан шүүмжилдэг. Байгаа юмаа хүн ашигладаг учраас барууны эсрэг сөрж зогсдог бол түүнийгээ ч гэсэн зэвсэг болгож ашигласан хэвээр байх болов уу. ОХУ нь Венесуэлийн газрын тосны компаниудын 60%-ийг эзэмшдэг болсон гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр Венесуэл нь АНУ төдийгүй дэлхийн газрын тосны том ханган нийлүүлэгчдийн нэг. Венесуэлд ОХУ-ын нөлөө өндөр байгаа бол дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөө нь өндөр байх юм байна. Тэгээд баруунтайгаа хэл амаа ололцохгүй бол үнэ өндөр хэвээр байх юм байна. Байгалийн хий, нефтийн хийн үнэ өндөр байх юм бол нүүрсний үнэ өндөр байх төлөв харагдана. Эдгээр нь хоорондоо үргэлж уялдаатай байдаг үзэгдэл. Эрчим хүчний үнэ өндөр болж байна л гэсэн үг. 

Сонирхолтой нь энэ дайны нөхцөл байдал үүсээгүй байсан ч эрчим хүчний үнэ өндөр болох нь ойлгомжтой. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой түлшний хэрэглээг бууруулж эхэлсэн. Эдийн засаг нь угаасаа түлшин дээр суурилсан тул чулуужмал түлшний хэрэглээ олигтой буурч өгөхгүй байгаа. Тиймээс ч нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын татвар буюу карбон татвар гэдэг зүйлийг бас л олон жил НҮБ дээр ярьсаар ирсэн. Өөрөөр хэлбэл нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хичнээн тонн нүүрсхүчлийн хий ялгаруулснаар нь татвар ногдуулж төлүүлнэ гэсэн санаа. Ингэж байж эрчим хүч бага хэрэглэдэг болно. Энэ нь нэг тонн CO2 буюу нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт тутамд Германд 60 евро, Хятадад 50 долларын татвар ногдуулах байдлаар зарим том төслүүд, улс орнуудад хэсэгчилсэн зарчмаар татвар аваад эхэлсэн. Манай дээр нэг тод жишээ байдаг нь CDM (Clean Development Mechanism) гээд Япон, Монголын хооронд хэрэгждэг хөтөлбөр бий. Хүлэмжийн хийг бууруулсан төсөл, технологийг Японы талаас 50%-ийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг. Хариуд нь буюу карбон худалдааны (carbon trade) зарчмаар CO2 ялгаруулалтын хэмнэлт тутамд Японы тал хүлэмжийн хийн ялгаруулалтыг буурууллаа гэж өөрийн тал дээрээ тооцуулдаг гэсэн үг. Эндээс CО2-ийн үнэ гараад ирнэ. Тэгэхээр энэ бол аль хэдийнэ хэрэглээнд нэвтэрсэн нүүрстөрөгчийн татвар. Гэсэн ч дэлхий нийтээр албажаагүй байгаа л гэсэн үг. Албажих нь тодорхой, цаг хугацааны асуудал. Нэг тонн тутамд 50-100 ам.долларын карбон татвар ногдуулна гэсэн үг. Үүнийг бид юу гэж ойлгох вэ гэхээр нэг тонн нүүрс хэрэглэсэн бол 50 ам.доллар төлнө. Нэг тонн нүүрсэнд 50 ам.доллар гэдэг бол 400 ам.долларын нүүрс хэрэглэж байгаа улсад төсөөлөгдөхүйц. Манайд бол 15 ам.долларын нүүрс хэрэглэж байгаа нөхцөлд 50 ам.доллар төлөх нь санаанд багтахгүй. 

“МcKenzie” гээд судалгааны байгууллагын устөрөгчийн тайланд өгүүлснээр цэвэр эрчим хүчинд шилжинэ, устөрөгчийн түлш буюу чулуужмал бус түлш хэрэглэнэ гэсэн таамгууд бий. Тэгэхэд нэг тонн ялгаруулалтад ногдуулах карбон татвар 100 ам.доллараас дээш байх юм бол устөрөгчийн түлш эдийн засгийн хувьд бодитой болно гэсэн тооцоо бий. Тэгэхээр энэ бол бас л их өндөр тоо. Юу хэлэх вэ гэвэл дайн болоогүй байсан бол эрчим хүчний үнэ ялгаагүй өснө. Тэгэхээр байгалийн хийн үнэ одоо 10 дахин өссөн нь угаасаа болох байсан. Харин болж буй үйл явдал тэр үйл явцыг илүү хурдасгасан байх. Энэ бол хэвийн зүйл. Байх ёстой жам ёсныхоо хэмнэл рүү орж байна гэж бодож байна. Яагаад гэхээр эрчим хүч бол угаасаа үнэтэй байх ёстой. Эрчим хүчийг, байгалийн гаралтай шатах ашигт малтмалын хуримтлалыг бодит өртгөөс нь хамаагүй бага үнээр авч ашигладаг байсан. Үүнд байгаль орчинд үзүүлж байгаа хохирлоо тооцдоггүй байв. Яг ийм үнэгүй зүйл дээр хорьдугаар зууны том суурь-аж үйлдвэрлэл хөгжиж ирсэн. Одоо бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр энэ бүхнийг тооцохоос өөр аргагүй болж байна. Тэгэхээр бодит үнэ цэнэ рүүгээ илүү ойртож байна гэсэн үг. Тиймээс дайн дажин намжихгүй бол үнэ өндөр байх нь, намдсан ч үнэ буурахгүй юм байна гэж үзэж болно. Харин манай улсад түлшний түүхий эдээ борлуулах боломж өндөр байна. 

Нүүрсхүчлийн хийг ангилан хадгалах буюу Carbon Capture Storage/Sequestration (CCS) технологи нь нүүрсний салбарын ирээдүйг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчимтэй бодлого хэрэгжиж буй энэ үед илүү баталгаажуулж байна гэж ойлгодог. Манай улсад хүссэн хүсээгүй энэ технологи гарцаагүй нэвтрэх болов уу? Нөгөөтэйгүүр сүүлийн жилүүдэд манай улсын нүүрсний экспорт нэмэгдээд ирэхээр хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ ч дагаад өсч байна. Манай улсын Парисын хэлэлцээрт өгсөн амлалт бий. Үүн дээр манайх яаж анхаарах ёстой юм. Амлалтаа биелүүлэх нь хэтэрхий өртөгтэй болчих вий гэсэн болгоомжлол байна?
CCS-ийн хувьд зарим судалгаа манайд хийгдсэн. Монголд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэртэй болбол тэндээс CO2 ялгарна. Уг ялгарах хийг хааш нь хадгалах вэ гэдэг асуудал тулгарсан. Үүнд чиглэсэн судалгааг хийсэн. Carbon Capture Sequestration-ийг хийх шаардлага манайд гарч ирж таарна. Үндэсний геологийн алба (ҮГА) манайд байгуулагдсан. Энэ байгууллага өнөө маргаашийн компанийн бизнесийн хайгуул биш улс оронд хэрэгтэй нөөцийг сууриар нь нэмэгдүүлэх үүрэгтэй. Түүнчлэн аж үйлдвэрлэлийг сууриар нь хөгжүүлэх боломжийг гаргаж ирэхийн тулд CCS технологийг нэвтрүүлэх хэрэгтэй бол түүнд чиглэсэн судалгааны ажлыг ҮГА эхлүүлэх шаардлагатай. Үндэсний геологийн алба нь хаана нүүрстөрөгчийн хийг агуулж болох тогтоц байгааг олж илрүүлэх хэрэгтэй. Хадгалах газар нь газрын гүний усны хэсэг байж болно. CO2-ийн хувьд ямар нэг хоргүй. Гагцхүү энэ технологийг хөгжүүлэхийн тулд нүүрсхүчлийн хийг түгжих орон зай хэрэгтэй. Хувийн хэвшлийнхний хувьд үүнд хөрөнгө оруулах боломжгүй. Тэгэхээр ҮГА бол энэ чиглэлээр судлах шаардлагатай гэж боддог. Одоогоор яг тийм тодорхой хийсэн бодитой ажил байхгүй байгаа болов уу. 

Аж үйлдвэрийн салбарын хүлэмжийн хийн тооллого гээд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтын 2020 оны шинэчилсэн тайлан бий. Үүнд Аж үйлдвэрлэлийн салбарын ялгаруулалтын шинэчилсэн тооллогод миний хувьд орж ажиллаж байсан. Түүнээс харахад манай улсын хүнд аж үйлдвэрийн ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж байгаа, цаашид ч өснө. Монгол Улсын хувьд хүлэмжийн хий бууруулах амлалтуудыг өгсөн. 2030 он хүртэл яаж түүндээ хүрэх вэ гэдэг аргаа бас тодорхойлсон. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхэд дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ. Ингэж чадвал манайх амлалтдаа хүрэх боломжтой. 

Гэсэн ч манай улсад карбон татвар өндөр тогтвол өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. Үүн дээр манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт, НҮБ-ын гишүүн орон учраас Монгол Улс санаачлаад хүйтэн цаг агаартай, далайд гарцгүй улс орон карбон татварыг зарим салбарт төлөхгүй эсвэл багаар төлөх нөхцөлийг санал болгох боломжтой. Ер нь хөгжлийн түвшнээс хамаараад улс орон бүрт карбон татвар өөр өөр байх ёстой. Гол нь цаг агаартай холбосон томъёоллыг гаргаж ирэх ёстой. Ерөнхийдөө ногоон хөгжлийн чиглэлээр дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь гарцаагүй үнэн. Олон улсын санхүүжилттэй судалгааны ажил явдаг учраас дэгсдүүлсэн мэдээ их явдаг. Хэт дэгсдүүлээд байх нь Монголын төрийн бодлогод нийцэх зүйл биш гэж бодож байна. Асуудалд бодитойгоор хандах хэрэгтэй. Ялгаварласан зохицуулалт байх хэрэгтэй гэдгийг бид эртнээсээ ярих хэрэгтэй. Ямар асуудлыг тавьж олон улсад дэмжүүлэх үү? Дандаа хүний ам сонсолгүйгээр өөрсдөө бас асуудлаа гаргаж тавих хэрэгтэй. Карбон татварыг хэрхэн зохицуулах тухайд эдийн засаг, цаг агаарын бүсээр ялгавартай тогтоох хэрэгтэй.

CCS технологийг станцад нэвтрүүлэх нь карбон татвар төлөөд явахаас илүү хямд тусах боломжтой юу? 
CCS технологи нь улам хүчээ авч байна. CCS байгуулах нь  50 ам.долларыг тонн ялгаруулалт тутамд төлөөд явснаас хямд тусна. Нүүрстөрөгчийн давхар ислийг цахилгаан станцын хувьд яндангаар гарахаас урьтаж ялган авч газрын гүнд шахахын тулд хүчилтөрөгчөөр шатаадаг зуухтай байх ёстой. Хүчилтөрөгчөөр шатааж байж нүүрсний C+О2=CО2 болно. Одоо бол агаараар шатаадаг технологиор уламжлалт станцууд баригдаж байна. Агаарын 76% нь азот. Яндангаар гарч байгаа хий нь азот болон бусад төрлийн хийгээс бүрддэг. Эдгээрийг бүгдийг нь барьж аваад газрын гүн рүү шахаж болохгүй. Үүний тулд хийг цэвэрлээд хөргөөд зөвхөн CО2-ыг ялгаад газрын гүнд шахна. Тэр үйл явц нь асар их цахилгаан ашигладаг. Тэр цахилгааныг гаргаж авахын тулд асар их CО2 ялгаруулж таардаг тийм үйл явц. Хэрвээ бид CCS хэрэглэнэ гэж бодвол цахилгаан станцаа анхнаас нь хүчилтөрөгчөөр ажилладаг байдлаар бодож хийнэ гэсэн үг. 

Оюутолгой төслийг цахилгаанаар хангах Тавантолгойн станцын хувьд одоогоор тийм тооцсон зүйл байхгүй. Санхүүжилтийн хувьд уламжлалт нүүрсний станцын технологийн төрлийг зөвшөөрч байгаа нөхцөлд хуучин хувилбараа бариад явах нь зүгээр. Хэрэв санхүүжилтийн нөхцөл нь заавал “oxyfuel” хувилбарыг шаардаж байвал ингэж барихаас биш энэ нь өртөг өндөртэй тусна. Тэгэхээр асуудлыг одоохондоо хүндрүүлэлгүйгээр шийдэх нь зөв. 

Таны бодлоор уул уурхайн, тэр дундаа нүүрсний компаниуд хүлэмжийн хийн ялгаруулалтын тэг түвшинд хүргэх боломжтой юу?
Боломжгүй. Нүүрс олборлогч компани ялгаруулалтын тэг түвшинд (net zero) очих боломжгүй. Харин улсын хэмжээнд боломжтой гэж үзэж болно. Тэг түвшин гэдэг нь нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй гэсэн үг биш. Ялгаруулалт нь шингээсэнтэйгээ тэнцэнэ гэсэн үг шүү дээ. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг шингээлт буюу ногоон байгууламж, CCS болон бусад байдлаар тэнцвэржүүлнэ. Монгол Улсын хувьд тэг түвшинд очино гэдэг бол Европын аль нэг улс ялгаруулалтгүй болохоос хэд дахин хүнд. Тэр нь эрс тэс уур амьсгалтайгаа холбоотой. Манай ногоон бүрхэвч ч тийм их биш. “Алсын хараа-2050” дээр 2050 он гэхэд тэг түвшинд очино гээд тусгасан. Одоогоор хэрхэн үүнийг биелүүлэх үе шатаа Монгол Улс тодорхойлоогүй. Үүн дээр гадаадын байгууллагын хийсэн ганц нэг судалгаа бий. Устөрөгч рүү шилжинэ гэх мэт. Энэ бол гадаадын байгууллага бус монголчууд өөрсдөө хийх ёстой ажил. Манайхны төлөвлөсөн эрдэс боловсруулалт, метал хайлуулалт, зэс хайлуулалт, гангийн үйлдвэр, коксын үйлдвэр, газрын тос боловсруулах гээд энэ бүгд нь хамгийн их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг том үйлдвэрүүд. Тэгээд ийм их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулчихаад яаж тэг болгох нь өөрөө ойлгомжгүй байна. Нэг бол тэр төслүүдээсээ татгалзана. Үгүй бол огт өөр байдлаар тооцоолох хэрэгтэй болно.  Мэдээж эдгээр томоохон төслөөс татгалзах юм бол Монгол Улс хөгжихгүй. Суурь үйлдвэрлэл байхгүйгээр дан мэдээлэл технологийн чиглэлээр аливаа улс хөгжихгүй. CCS-ийг төрийн бодлого хэрэгжүүлэгч яам, ҮГА нь хийх ёстой. Хүлэмжийн хийн ялгаруулалтгүй (carbon neutral) болох тухайд манай улс өөрсдөө тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Ингэхдээ хүнд аж үйлдвэрийн салбар, эрчим хүч, байгаль орчны чиглэлийн мэргэжилтнүүд, тээврийн салбарынхан нийлж байж уг зорилтод хүрэх замын зургийг (roadmap) гаргах ёстой. Хамгийн чухал нь хүнд аж үйлдвэрийн салбар оролцох ёстой. Түүнээс биш олон улсын байгаль орчны байгууллага энэ ажлыг хийхгүй. Тэрийг бид ойлгох хэрэгтэй байгаа юм. Энэ судалгааны чухал ажлыг өөрсдөө хийлгүйгээр олон улсын төслүүдэд өгөөд байдаг. НҮБ, олон улсын өмнө манай улс амлалт авчихаар энэ нь Монгол төрийн хийх ёстой ажил болж байгаа юм. Тэгэхээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэрхэн тэг болгох тухайд салбарынх нь байгууллагууд өөрсдөө манлайлах хэрэгтэй. 

Ногоон устөрөгчийн “аюул” коксжих нүүрсийг дарангуйлах үзэгдэл цаашид даамжрах уу? Нүүрсний салбарт аль хэр хугацаа үлдээд байна вэ?
Устөрөгчийн түлш их өртөг өндөртэй төдийгүй цаашид технологийн өртөг мэдэгдэхүйц буурах төлөв ажиглагдахгүй байна. Сүүлийн үеийн өрнөлөөс харахад байгалийн хийн үнэ хэт өндөр болсноос Англид анх удаагаа ногоон устөрөгчийн өртөг уламжлалт устөрөгчийн өртгөөс хямд боллоо гэсэн мэдээ цацагдсан. Уур амьсгалын үүднээсээ эрчим хүчний үнэ өсөх нь ашигтай. Учир нь сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөх чадвар дээшилж, ногоон устөрөгчийн орон зай илүүтэй гарч ирнэ гэсэн үг. 

Гэхдээ 2050 он хүртэл манайд коксжих нүүрсний тухайд санаа зовох зүйлгүй. Манай урд том зах зээл байна. Бид ойр байрладаг. Ер нь бол арван жилийн дотор нүүрсний зах зээлд сөрөг үзэгдэл гарахгүй гэсэн судалгаа ч бий. Устөрөгч орж ирлээ гэхэд түрүүн хэлсэнчлэн “McKinsey”-н судалгаагаар 100 ам.долларын карбон татвар ногдуулах тогтолцоонд шилжихээс нааш коксжих нүүрстэй өрсөлдөхүйц болж чадахгүй. Тэр өндөр өртөгтэй зүйлийг авч хэрэглэх хэсэг байхад коксжих нүүрсээ ашигласан хэвээр карбон татвараа төлөөд байх хэсэг ч байсаар байх болно. Дахиад хэлэхэд карбон татварыг албан журмаар нэвтрүүлж  устөрөгч ашиглах төлөв нь дэлхий нийт НҮБ-ын уриалга дор нэгдмэл байдлаар уг тогтолцоог нэвтрүүлэх нөхцөлд биелэх боломжтой. Одоогийнх шиг сөргөлдөөн ихтэй байвал тийм зөвшилцөлд хүрэх нь улам л цаашилна. Тэр нь бас коксжих нүүрсний зах зээл илүү урт хугацаатай байхад нөлөөлөх болов уу гэж бодож байна.