“Монголын геологи, хайгуул 2022”: Энэ сараас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг зарлах төлөвтэй

2022-05-04

“Монголын геологи, хайгуул 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн эхэллээ. Уул уурхайн салбарын үндэс суурь болсон геологи, хайгуулын асуудалд төвлөрдөг тус хурал нь цар тахлын улмаас хоёр жил завсарласны дараа энэ оны тавдугаар сарын 4-5-нд 12 дахь удаагаа болж байна.

Хурал зохион байгуулах зөвлөлийн дарга М.Очирбат нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр цаашид хээрийн ажлын чанарыг сайжруулж, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай байгаа талаар дурдлаа.  Энэ удаагийн арга хэмжээнд орон нутгийн уулзалт, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг тус тус хийж талуудын ойлголцлыг ойртуулахаар төлөвлөсөн тухай тэрбээр онцоллоо.

Дараа нь салбарын сайд Г.Ёндон мэндчилгээ дэвшүүллээ. Сайд геологийн салбар энэ онд 83 нас хүрч байгааг тэмдэглээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, цахим платформ байгуулж ажиллаж байгааг онцолсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын ахлах шинжээч Х.Санчигдорж "Геологийн салбарын бодлого, цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавилаа. Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хоёр ажлыг голлон хийхээр тусгасан. Үүнд тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулах, тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлэх, мөн улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий газарт улсын төсвөөр гүйцэтгэх геологи хайгуулын ажлыг нэмэгдүүлэхээр тодорхойлсныг шинжээч Х.Санчигдорж тэмдэглэлээ.

Засгийн газрын 2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт геологийн салбарт багагүй ажил хийхээр төлөвлөсөн байдаг. Тухайлбал,

-Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх,

-Геологийн судалгааны ажлын үр дүнд хуримтлагдсан анхдагч материал, үр дүнгийн тайлангууд цаасан хэлбэрт байгааг цахимжуулах, чулуун дээж сорьцыг мэдээллийн нэгдсэн системд оруулах

-Ашигт малтмалын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, хэтийн төлөвийг тодорхойлох

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх буюу хайгуулын үйл ажиллагааг өргөжүүлж нөөц нэмэгдүүлэх зэрэг болно.

2022 оны байдлаар геологийн салбарт баримталж буй гол хоёр журмыг шинэчлэн батлуулаад байгаа ажээ. Үүний нэг нь Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журмыг шинэчлэн боловсруулсан байна. Үндэсний геологийн алба байгуулагдсанаар энэхүү журмыг шинэчлэх гол шалтгаан болжээ. Энэ онд манай улсын төсөвт нийт 27.7 тэрбум төгрөгийг геологи хайгуулын ажилд зарцуулахаар өнгөрсөн хоёрдугаар сарын төсвийн тодотголоор суулгаж өгсөн. Энэ санхүүжилтээр нийт 56 төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм байна. Үүний 12.1 тэрбум төгрөгөөр 1:50000 геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил болон бусад ажлууд, үлдсэн 15 тэрбум төгрөгийг геологийн сэдэвчилсэн судалгаа болон ашигт малтмалын эрэл үнэлгээ, хэтийн төлөвийн судалгаанд зарцуулах юм байна.

Энэ онд Үндэсний геологийн алба  1:50000-ны ГЗЕЭА-ын зургаан шинэ төсөл дээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажиллаж байгаа ажээ. Одоогийн байдлаар энэ чиглэлийн 33 төсөл хэрэгжиж байгаагийн дээр эдгээр төсөл нэмэгдэх юм. Салбарын яам нийт нутаг дэвсгэрийн зургаан бүсэд ашигт малтмалын төрлүүдэд нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд төрийн болон хувийн хэвшлийн геологи, хайгуулын ажлыг хандуулахаар бодлого боловсруулан ажиллаж байна. Нөгөөтэйгүүр 2024 он гэхэд 1:50000-ны зураглал нийт нутаг дэвсгэрийн 47%, геофизикийн судалгаа 70%, геохимийнх 100% хамарсан байхаар салбарын яам ажиллаж байгаа ажээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмыг шинэчлэн батлах ажил бараг дуусаад байгаа юм. Уг журмыг шинэчлэх болсон гол шалтгаан нь хуучин журмаар хөрөнгө оруулагчийн сонирхсон талбай хэдийд зарлагдах нь тодорхойгүй байсан. Мөн сонгон шалгаруулалтын гүйцэтгэлийн хувь багатай. Сонгон шалгаруулалтаар зөвхөн цаасан материал хүлээж авдаг байсан төдийгүй энэ явцад Үнэлгээний комиссын ачаалал өндөр байх төдийгүй тэдгээрийн үйл ажиллагаа нь ил тод бус байснаар хардлага дагуулах болсон. Шинэ журмыг эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чиглэн боловсруулж батлуулжээ.  

Энэ онд манай улс нийт 400 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа юм. Уг нь дөрөвдүгээр сард тусгай зөвшөөрөл олгож эхлэх байсан ч шинэчилсэн журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам дээр бүртгэх шатны ажил хүлээгдэж байна. Ингэснээр энэ сардаа багтаад тусгай зөвшөөрлийн талбайг зарлах хүлээлттэй байна.

Залгуулаад Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал "Ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсэж буй асуудлууд", Үндэсний геологийн албаны мэргэжилтэн Г.Гүнбилэг тус байгууллагын үйл ажиллагааны талаар, МХЕГ-ын Эрсдлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Д.Түмэндэмбэрэл "Хяналт, шалгалтын шинэчлэл бүтээмжийг нэмэгдүүлэх талаар", ТЕГ-ын ТТТГ-ын Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга Н.Мөнхбилэг "Эрдэс баялгийн салбарын татварын өгөөж", Цөмийн Энергийн Комиссын Тамгын газрын дарга Б. Баатарцогт "Цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ",  МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Эрдэс баялгийн салбарын асуудлууд" зэрэг сэдвээр илтгэл сонсгов.

Цаашид геологи, хайгуулын салбараа өөд нь татахгүй бол энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгааг хуралд оролцогчид “Эрдэс баялгийн тулгамдаж буй асуудлууд (ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, геологи-хайгуул-уурхай-орон нутаг)” хэлэлцүүлгийн үеэр санууллаа. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн "статус"-ыг илүү баталгаатай болгож өгөх саналыг хуралд оролцогчид хөндөн тавьж байна. Үгүй бол орон нутгийн захиргаа, иргэд төрөөс тухайн компанид нэгэнт олгосон тусгай зөвшөөрлийг эсэргүүцэж ямар ч үнэ цэнэгүй зүйл болгож, улмаар хайгуулын компаниуд ажлаа хийх боломжгүй нөхцөлд орох нь олонтаа ажээ. Уг хуралд 13 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд орон нутгийн удирдлагыг оролцуулсан хэлэлцүүлэг болно. Иймд энэ удаагийн хурлаар талууд харилцан ойлголцох талд илүү ойртох найдлага байна.

Хурлын эхний өдрийн дараагийн хэсэг Тавантолгойн ордын геологийн судалгаа, цаашдын хөгжлийн төлөвлөгөө, Газрын доорх усны тэжээгдлийг нэмэгдүүлэх болон Хайгуулын өрөмдлөгийн шинэ технологи болон бусад сонирхолтой сэдэвт сонсголоор үргэлжилнэ.

 

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 27 мин
    Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  
  • 12 цаг 42 мин
    Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна. Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна.
  • 14 цаг 59 мин
    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.   АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.   Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
  • 15 цаг 4 мин
    Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм.  3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 
  • 2023-01-27
     Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.