Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

А.Билгүүн: Үндсэн ордын ашиглалтаар илүү үйлдвэржсэн, байгальд нөлөөлөл багатай алтны салбарыг бий болгох боломжтой

Алтны экспорт сүүлийн хоёр жилд эрчимтэй өсч тэрбум доллар давах болсон. Энэ онд ч бас алтны экспорт нийт экспортод жин дарж, нүүрс болон бусад эрдсийн худалдааны болзошгүй бууралтыг нөхөх төлөвтэй байна. Цаашид Монгол Улсын хувьд алтны салбарыг дэмжихэд ямар ажлууд дээр анхаарах нь оновчтой талаар “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч А.Билгүүнтэй MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.  

Алтны ханш дэлхийн зах зээлд харьцангуй өсөлттэй байна. Монгол Улсын эдийн засагт ханшийн өсөлт сайнаар нөлөөлөх болов уу. Эдийн засгийн сэргэлтийг хүсэн хүлээж байгаа манайх шиг орны хувьд зах зээлийн таатай нөхцөлийг бүрэн ашиг­лахын тулд юу хийвэл оновчтой вэ?

Алтны үнэ сүүлийн үед өсөж байгаа нь Монгол Улсад эерэгээр нөлөөлѳхгүй болов уу. Учир нь нэгдүгээрт, алтны үнэ өснө гэдэг нь дэлхий даяар инфляц өндөр байгааг илэрхийлнэ. Тиймээс хэрэглээний ихэнх бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хувьд энэ бол зардал өсгөх хүчин зүйл. 

Хоёрдугаарт, алтны үнэ өссөн хэдий ч манай улс жилдээ ердөө 20 тонн алт олборлодог тул энэ нь эдийн засгийг тэлэхэд төдийлөн их хэмжээний хүчин зүйл болохгүй. Гэхдээ Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэртэй. Дэлхийн хэмжээнд 2021 онд БНХАУ нь 320 тонн алтны олборлолтоороо тэргүүлсэн бол ОХУ 300 тонн алт олборлон удаалсан. Бид хамгийн түрүүнд төгрөгийн ханшийг тогтворжуулах, жилийн 15.5%-д хүрээд байгаа инфляцыг тогтооход дотоодын алтны олборлолт нэн чухал үүрэгтэй болоод байна. 

Экспортын гол бүтээгдэхүүний нэг болох нүүрсний экспорт 44%-иар (2021 он) буураад байгаа энэ үед богино хугацааны шийдэл нь гадаадад экспортлох шаардлагагүй хэрнээ валютын нөөцийг нэмэгдүүлж, долларын ханшийг тогтворжуулдаг алтны олборлолтыг өсгөх зайлшгүй хэрэгтэй.  Олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд мөн алтны хайгуулыг эрчимжүүлж, геологийн нөөцийг тогтвортой  нэмэгдүүлж, хууль эрхзүйн хүрээнд бодитоор дэмжихэд анхаарах шаардлагатай. 

Төв банкнаас алтны үндсэн ордуудад үйл ажиллагаа явуулдаг компаниудыг түлхүү дэмжих бодлого баримталж байна. Үндсэн ордын төслийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа компаниудад уг дэмжлэгт хамрагдах боломж хэр байна вэ? Алтны компаниудыг дэмжихэд засаг юун дээр анхаарвал зохилтой вэ?

Одоогоор манай улсын алтны салбарт хоёр үндсэн давуу тал, мөн хоёр үндсэн сул тал байна. Давуу талуудаас нь дурдвал алтны үнэ чанга байгаа, мөн дөнгөж саяхан Оюутолгой төслийг гацаанаас гаргасан тул олон улсын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татан төвлөрүүлэхэд харьцангуй хялбар байна. Удаах давуу тал бол Монгол Улсад өндөр агуулгатай шинэ үндсэн ордуудыг нээж илрүүлэх боломжтой. Учир нь Монголын алтны салбар өнөөг хүртэл зөвхөн шороон ордууд дээр суурилсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин одоо сул талуудыг дурдвал нэн тэргүүнд төрийн байгууллагуудын зөвшөөрлүүд орно. Алтны үндсэн ордыг ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн Газрын БСШУЯ-наас бусад бүх яам, холбогдох агентлаг  шууд оролцоотой бөгөөд ямар нэгэн байдлаар төслийг гацаах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, улс төрийн эрсдэл бөгөөд зарим нэг иргэний нийгмийн байгууллагууд төслийн талаар худал мэдээлэл цацаж олон нийтийг төөрөгдүүлдэг нь алтны төслүүдийг гацаах бодит эрсдэл болдог. 

Хайгуулыг эрчимжүүлэх талаар саяхан болсон “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлаар салбарын яам мэдэгдсэн. Алтны  эрэл, хайгуулын чиглэлд төр засгаас ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ?

Хамгийн түрүүнд тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл цөөн тоотой олгогдсоноор хайгуулын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Энэ нь цаашлаад дунд хугацаанд олборлолтод нөлөөлнө. Нэг ордыг нээн илрүүлэх хугацаа дор хаяж 10 жил байдаг. Тэгвэл ордыг нээн илрүүлснээс хөгжүүлэлтийн шатанд хүргэхэд мөн адил 15-20 жил зарцуулдаг. Хайгуул тогтвортой хийгдэж, нөөц нэмэгдэж байж олборлолт нь зогсолтгүй явагдана. 

Дундаж хэмжээний нөөцтэй алтны ордыг нээн илрүүлэх дэлхийн дундаж өртөг 130 сая ам.доллар байдаг. Монгол Улсын хувьд мөн ялгаагүй, хайгуулын үйл ажиллагаа нь санхүүжилт ихээр шаарддаг, эрсдэл өндөртэй. Энэхүү салбарт ажиллах компаниудын хувьд санхүүжилтээ дотооддоо бүрэн шийдвэрлэх нь бэрхшээлтэй тул гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Төр засгаас авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний нэг бол яах аргагүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Гэвч энэ нь эргээд гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлэх хууль эрхзүйн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын хамгаалалт зэрэг асуудлыг хөнддөг.  

Өнгөрсөн нэгдүгээр сард Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа  эхэлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг эргэн татах томоохон арга хэмжээ болсон. Гэвч цаашид гадаадын хөрөнгө оруулалт татах бололцоог ашиглаж, бодит үр дүнд хүрэх хэрэгцээ байна.

Алтны салбарын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд экспортод илүү том үүрэг гүйцэтгэх болсон. Энэ онд ч мөн ялгаагүй цар тахлын дараах хүндрэлийг даван туулахад алтны экспорт, худалдаа том үүрэгтэй байх болов уу. Манай улсын алтны салбарын ирээдүйг ямар байдлаар төсөөлж байна вэ? Эдийн засагт гүйцэтгэх үүргээ тогтвортой хадгалж чадах болов уу? Шороон ордын нөөц буурч байгааг бид мэднэ. Үндсэн ордууд бууралтын алдагдсан орон зайг бүрэн нөхөж чадах  уу?

Дэлхий дахинд алтны ордын нээлтүүдийн тоо хэмжээ жил ирэх тутамд буурч байна. Энэ нь орд нээх нэгжийн өртөг өсөж байгаа болон хайгуулд зарцуулах хѳрѳнгѳ оруулалтын хэмжээ буурч байгаатай холбоотой. Дэлхий даяар жилд дунджаар 100 гаруй эрдсийн орд нээн илрүүлдгийн 40 орчим хувь нь алтны орд байдаг. 

Гэвч нээсэн орд бүрийг ашиглаад байдаггүйг тооцоолох хэрэгтэй. Нийт нээн илрүүлсэн ордын 75%-ийг ашигладаг бөгөөд нээлтээс олборлолт хүртэл 15-20 жил зарцуулдаг. Тиймээс ирээдүйд алтны эрэлт болон нийлүүлэлтийн хооронд зөрүү үүсэх бөгөөд алтны ханш чанга хэвээр нэлээд удах хандлагатай. 

Монгол Улсын хувьд сүүлийн 10 жилд бодитой хайгуул судалгааны ажил хийгээгүйгээс үндсэн ордын нөөцөө дорвитой нэмэгдүүлж чадаагүй. Үндсэн ордуудын нөөцөөр шороон ордуудыг бүрэн нѳхѳх боломжтойгоос гадна шороон ордуудыг бодвол илүү үйлдвэржсэн, байгаль орчинд сѳрѳг нѳлѳѳлѳл багатай алтны салбарыг бий болгох бүрэн боломжтой. Харамсалтай нь хайгуул судалгааг хангалттай хийж шинэ нөөц тогтоолгүй 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Монгол Улсын алтны салбарын боломжийг харахын тулд ердөө хоёр хөршөө л харахад болно, тэд алт олборлолтоороо дэлхийд тэргүүлэгчид. 

Өнгөрсөн оны төгсгөлд цар тахлын дараах   сэргэлтээр алтны ханш ялим­гүй буурах зураглалыг шинжээчид дэвшүүлж байсан бол ОХУ, Украины мөргөлдөөн төсөөллийг эрс өөрчилж байна. Энэ нь алт цаашид тасралтгүй өсөх төлөвийг авчирч байна  уу? Хоёр тал хэлэлцээрт хүрсэн ч барууны орнуудын хориг арга хэмжээнээс үүдэлтэйгээр тогтворгүй байдал нэг хэсэгтээ үргэлжилнэ. Улс орнуудын төв банк алт худалдан авалтаа нэмэгдүүлэхээс гадна алтны хөрөнгө оруулалтын сангуудын эрэлт нэмэгдэх байх. Та алтны зах зээлд ямар үйл явц өрнөнө гэж харж байна вэ?

Алтны ханш чанга хэвээр нэлээд удах болно. Энэ нь зөвхөн ОХУ, Украины асуудлаас үүдсэн хориг арга хэмжээнүүд, түүний нөлөөллөөс гадна дэлхий дахинд үүсээд байгаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тодорхой хэмжээний тасалдал үүсэж, инфляцын түвшин өсөж байгаа зэргээс хамааралтай. Ерөнхийдөө хүн төрөлхтний бэлэн мөнгөнд итгэх итгэл суларч байна. Геополитикийн асуудлууд намжиж, дэлхийн эдийн засаг цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтийн хэмжээнд хүртэл хөрөнгө оруулагчдын алтанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ буурахгүй болов уу. 

Алтны салбарт ногоон шийдлүүд нэвтрүүлэх талаар, хүлэмжийн хийн ялгаруулалтгүйгээр олборлолт явуулах тухайд ICMM, Дэлхийн алтны зөвлөл /WGCouncil/ мэдэгдэх болсон. Манай улсын алтны салбарт ногоон шийдлээр, мөн хариуцлагатай байдлаар алт олборлолтыг явуулах тухайд ямар асуудлуудыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй вэ? 

Зөвхөн алт гэлтгүй уул уурхайн бүхий л салбар хариуцлагатай, ногоон шийдлийг амжилттай хэрэгжүүлж байна. Компаниуд ESG буюу байгаль орчин, нийгэм болон засаглалын стандартууддаа маш ѳндѳр ач холбогдол өгөх боллоо. Засгийн газар, захиргааны байгууллагууд хяналт тавихаас гадна бусад оролцогч тал, хөрөнгө оруулагчид байгаль орчинд нөлөөлөх байдлыг хамгийн бага түвшинд байлгах, нөхөн сэргээлт уурхайн хаалтын үйл ажиллагааг сайжруулах, нийгэмд үзүүлэх эерэг өгөөжийг нэмэгдүүлэх зэрэгт давхар хяналт тавьж, хөрөнгө оруулалтын онцлох шаардлага болгож байгаа нь компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл юм. Манай улсын хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тулгарч байгаа асуудлуудын нэг нь орон нутаг. Орон нутгийн иргэдэд хариуцлагатай болон хариуцлагагүй уул уурхайн ялгааг ойлгуулах, орон нутагт оруулах хөрөнгө оруулалт, өгөөжийг нэмэгдүүлж ил тод болгох, оролцогч талуудтай хамтран байгаль орчин, нөхөн сэргээлтийн хамтын мониторинг хийх зэрэг ажлыг гүйцэтгэж, асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байна.