Геологийн судалгаанд төсвөөс энэ онд 27.7 тэрбум, ирэх онд 45.3 тэрбум төгрөг зарцуулна

2022-04-01


 

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.04.01) хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдээллийг сонслоо.

Улс, эх орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч Эрдэс баялгийн салбар маань энэ онд 100 нас хүрч байна. Нэгэн зууны түүхийг их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаар үдэж буй манай салбар өдгөө дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа гэв. Хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эрдэс баялгийн салбарын ирээдүйг тодорхойлох шаардлагатайг дэлхийн нийтийн чиг хандлага харуулж байна. Хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг дагаад өнгөт болон хар металл, чухал ашигт малтмалын хэрэглээ хэд дахин нэмэгдэх нь нэгэнт тодорхой болсон.

Өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг нүүрсний хэрэглээ цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, эрчим хүчний сэргэлтээс үүдэж буурах хандлагатай байна. Түүнчлэн ирээдүйд дэлхийн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины хэрэглээ нэмэгдсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсөж, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай байгаа бол гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна. Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад гол анхаарлаа хандуулж буй энэ цаг мөчид хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагаандаа ESG буюу байгаль орчин, нийгэм болон засаглалын шалгуурын амлалтын талаар тайлагнах асуудлыг цогцоор нь тусгах болсон. Ингэснээр хөрөнгө оруулагчдад урт хугацааны үр ашигтай, тогтвортой, харилцан ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх аж.

Эрдэс баялгийн түүхий эдийн дэлхийн чиг хандлага, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан салбарын бодлогыг “хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт” гэсэн зарчмаар тодорхойлж байна. Энэхүү бодлогын хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн дотоодын олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд нээлттэй, ил тод, худалдах зарчмыг баримтлан ажиллаж байгааг салбарын сайд тэмдэглэлээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ. Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгон санхүүгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин, хөрөнгийн хуримтлалын тогтолцоог цогцлоож, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх”-ээр тусгасан юм.

Дээрх бодлогын зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

Геологи, хайгуулын чиглэлээр: Манай орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын хэтийн төлөвийг тодорхойлох, нөөц, баялгийг үнэлэх, томоохон дэд бүтэц, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардагдах эрдсийн түүхий эдийн ордыг тогтоох зорилгоор улсын болон хувийн хөрөнгө оруулалтаар геологи-хайгуулын ажил гүйцэтгэж байна.

Геологи-хайгуулын ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар Улсын нэгдсэн тоо бүртгэлд экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс 69.4 сая тн, нүүрс 33 тэрбум тн, төмөр 1.7 тэрбум тн, алт 1586 тн, молибден 1.5 сая тн, гянтболд 0.5 сая тн, хайлуур жонш 30.2 сая тн, газрын тос 386.7 сая тн бол бусад стратегийн ашигт малтмал болох уран 156.6 мянган тн, газрын ховор элемент 14.5 сая тн геологийн нөөц тогтоогдож бүртгэгдсэн байна.

Улсын төсвийн хөрөнгөөр: Төрөөс эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй урт, дунд, богино хугацааны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар сүүлийн жилүүдэд  жил бүр дунджаар 15 орчим шинэ төсөл зарлан, тухайн жилдээ үргэлжилж буй төслүүдтэй нийт 50 орчим төсөл хэрэгжүүлж, 23-25 тэрбум төгрөгийн геологийн судалгааны ажил гүйцэтгэж байна. Энд төрөл бүрийн масштабтай геологийн зураглалын ажлаас гадна Монгол орны болон, бүс нутгийг хамарсан геофизикийн, геохимийн, геэкологийн, тектоникийн болон төрөл бүрийн ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлэх ажлууд хийгддэг.

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилтийг тогтмол нэмэгдүүлж, 2022 онд  27.7 тэрбум төгрөг, 2023 онд 45.3 тэрбум төгрөг зарцуулан Монгол орны суурь судалгааны ажлыг эрчимжүүлснээр ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлэн цаашид хайгуулын ажил гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.

Хувийн хөрөнгөөр: Монгол Улсын хэмжээнд хайгуулын ажлыг тусгай зөвшөөрөлтэй талбайд гүйцэтгэж байгаа бөгөөд /2022.03.31/-ийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 4% буюу 6.2 сая га талбайд ашигт малтмалын 2592 тусгай зөвшөөрөл байгаагаас 1.2% буюу 1.8 сая га талбайд 1692 ашиглалтын, 2.8% буюу 4.4 сая га талбайд 900 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч өнөөгийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос 2 дахин багассан байгаа нь уул уурхайн салбараас 20-30 жилийн өмнө түрүүлэн явах, ашигт малтмалын нөөцийг тогтвортой нэмэгдүүлж байх, улс орны эдийн засгийн хөгжлийг хангах ёстой салбарын хувьд чамлахаар үзүүлэлт юм.

2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин  буурчээ.

Иймд  энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, 2022 оны 4 дүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр ашигт малтмалын нөөцийг өсгөх, улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон орд газрыг  нэмж илрүүлэх боломж бүрдэнэ.

Геологийн судалгаа, хайгуулын ажлыг хилийн бүсэд болон Улсын тусгай хамгаалалт бүхий газруудад гүйцэтгэн геологийн тогтоц, ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлнэ.

Цаашид зэс, нүүрс, төмөр, алт, хайлуур жонш зэрэг уламжлалт ашигт малтмалын төрлөөс гадна дэлхийн эрдсийн түүхий эдийн зах зээлд эрэлт ихтэй өндөр технологийн түүхий эд, газрын ховор элементийн хэтийн төлөвийг тодорхойлох, нөөц, баялгийг үнэлэх, ордыг шинээр нээх зорилгоор улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ.

Олборлолтын чиглэлээр: Өнөөдрийн байдлаар нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, хайлуур жонш, цайр зэрэг 10 гаруй нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн олборлон анхан шатны боловсруулалт хийж экспортод гаргаж байна.

2021 оны жилийн эцсийн байдлаар 30.1 сая тонн нүүрс, 1.3 сая тонн зэсийн баяжмал, 19.0 тонн алт, 6.3 мянган тонн молибдений баяжмал, 3.7 сая тонн төмрийн баяжмал, 118.3 мянган тонн жонш, 60.3 мянган тонн жоншны баяжмал, 75.2 мянган тонн цайрын баяжмал, 9.2 сая тонн төмрийн хүдэр олборлосон. Цар тахлын улмаас БНХАУ хилээ хааснаас шалтгаалан нүүрсний экспорт 56.3%, төмрийн хүдэр, баяжмалын экспорт 88.9%-ийн гүйцэтгэлтэй байсан бол бусад ашигт малтмалын олборлолт, экспортын гүйцэтгэл харьцангуй сайн байсан.

Цаашид стратегийн болон нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ордыг иж бүрэн ашиглах чиглэлээр Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цогцолбор төсөл, Цагаан суварга, Зүүн цагаан дэл, Асгат, Баянхөндий, Алтанцагаан Овоо зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.

Дээрх төслүүд хэрэгжсэнээр зэсийн баяжмалын экспорт 3 дахин, нүүрсний экспорт 2-3 дахин нэмэгдэх боломжтой.

Боловсруулалтын чиглэлээр: Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хөрш орнуудын болон дэлхийн түүхий эдийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийн мөчлөгөөс ихээхэн хамааралтай болсныг бид мэдэрдэг болсон. Тиймээс тус яам олборлолтоос боловсруулалтад шилжих бодлого баримталж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.

Дээрх зорилтын хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүсэд “Монгол ган-1” цогцолбор, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор, Дорноговь аймагт “Алтан ширээт аж үйлдвэрийн парк”-ийг  байгуулах зэрэг боловсруулах үйлдвэрийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна.

Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогын хүрээнд дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр дотооддоо 1.3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортыг 55-60%-иар бууруулна. Коксжих нүүрсний экспортын 30%-ийг дотооддоо баяжуулна. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 2.1 сая тоннд хүргэж, 422 мянган тонн катодын зэс үйлдвэрлэн экспортолно. Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 630 мянган тоннд хүргэж дотоодын хэрэгцээний 60 орчим хувийг хангана.

Эдгээр төслүүдийг нийт 15 гаруй их наяд төгрөгөөр хэрэгжүүлснээр экспортын орлогыг 10 орчим их наяд төгрөгөөр, төсвийн орлогыг 1.2 их наяд төгрөгөөр, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 20 гаруй хувиар нэмэгдүүлж,  6500  орчим шууд ажлын байрыг бий болгохоос гадна нефть-хими, нүүрс-хими, машин, тоног төхөөрөмж, химийн аж үйлдвэрийн суурийг тавьж жижиг, дунд үйлдвэрүүд кластер хэлбэрээр даган хөгжих нөхцөл бүрдэнэ.

Борлуулалт, хуваарилалтын чиглэлээр: Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний экспортын Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр чингэлэгт тээврийн терминалыг байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Гашуунсухайт чингэлэг тээврийн терминал нь 30 га талбайг хамарсан 8100 чингэлэг буюу жилд 8 сая тонн нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох хүчин чадалтай томоохон бүтээн байгуулалт болсон.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын шинэ гарц бий болгох чиглэлээр Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Гашуунсухайт-Ганцмодны боомттой холбох цаашлаад Ханги-Мандал чиглэлийн төмөр замын төслүүдийг Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын тоо хэмжээ, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх ач холбогдолтой юм.

Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан борлуулах бодлого баримтлан ажиллаж байна.

Энэ хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Монгол улсын Үндсэн хууль, салбарын хөгжлийн баримт бичигт заагдсан зорилт хангагдаж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “газрын хэвлийн баялаг нь төрийн нийтийн өмч бөгөөд уг баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчмыг тунхагласан". Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Үндэсний баялгийн санг байгуулахдаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, хүртээмжтэй хүргэж буй олон улсын сайн туршлагыг судалж тусгасан. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс үндэсний баялгийн санд хөрөнгийн хуримтлалын тогтолцоог бий болгож, нийгэм, эдийн засгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Хууль, эрх зүйн чиглэлээр: Дээрх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хүнд үйлдвэрийн тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, эрдэс баялгийн салбарт хэрэгжиж байгаа хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, Улсын Их Хурлаар батлагдсан бусад холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх, салбарын шинэчлэл, олон улсын сайн туршлагатай нийцүүлж, хариуцлагыг бий болгох гэсэн дөрвөн үндсэн үзэл баримтлалын хүрээнд боловсруулж байна.

Хуулийн төсөлд байгалийн баялгийг эрж хайх, үйлдвэрлэлийн аргаар зүй зохистой ашиглах, боловсруулах, улмаар байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн болон хөрөнгө оруулагчид, бусад оролцогч талуудын уялдаа холбоог хангах, нийгэм, эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийг иргэн бүрт тэгш шударга хүртээх зэрэг асуудлыг иж бүрнээр тусгах юм. Өөрөөр хэлбэл уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж, хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай, хариуцлагатай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдүүлэх, ил тод байх зэрэг олон улсын сайн туршлагад суурилсан зохицуулалтуудыг улам бүр баталгаажуулна.

Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслөөр хүнд үйлдвэрийн салбарт хамаарах үйлдвэрлэлийг тодорхойлж, тус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжих арга хэлбэр болон хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан. Хүнд үйлдвэрийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар болох  хүнд үйлдвэрийг хөрөнгө оруулалт, татвар, хүний нөөцийн зэрэг төрийн нэгдсэн бодлогоор дэмжин хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий импортыг орлох, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслөөр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөний зарчмаар арилжаа хийхтэй холбогдсон харилцааг тусгана. Уг хуулийн гол зарчим нь уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн гол зарчим нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс үндэсний баялгийн санд төвлөрүүлж, санхүүгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн дэмжих, хөрөнгийн хуримтлалыг бий болгох тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Үндэсний баялгийн санг холбогдох бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу хуримтлалын болон хөгжлийн сангийн хэлбэрээр нэгтгэн байгуулж, хөгжлийн сангийн эрх зүйн үндсийг хуульчлах зайлшгүй шаардлагатай байна.

Энэ хууль хэрэгжсэнээр санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, валютын ханшийг тогтворжуулах, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компанийн засаглал, ашигт ажиллагааг сайжруулах замаар төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлэх, одоо ба ирээдүй үед салбарын өгөөжийг тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ.

Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр газрын доорх баялгийг иргэн бүрт тэгш хүртээх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжрах, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэн өсөх, үүнийг дагаад эдийн засгийн бусад салбар хөгжих зэрэг өргөн хүрээний ач холбогдолтой гэв.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 49 мин
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.
  • Уржигдар 14 цаг 31 мин
    "Mongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.
  • Уржигдар 14 цаг 22 мин
    “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Одоогийн байдлаар үзсгэлэнд 150 гаруй бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчилахаар бүртгүүлээд байгаа бөгөөд олон улсын байгууллагууд өргөнөөр оролцож байна. Тухайлбал ОХУ, Канад, Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орнуудын байгууллагууд хүрэлцэн ирж оролцох юм.
  • 2022-08-01
    Хийх зүйл их байна, 120 насална” хэмээн профессор Содномын Цэдэндорж гуайн хэлсэн үг санаанд буув. Энэ бол мөрөөдлөөр жигүүрлэсэн, хийж бүтээх хүсэл тэмүүлэлээр дүүрэн хүний үг юм. Академич  П.Очирбат түүнийг нэгэнтээ “Их бүтээлч хүн” хэмээн тодорхойлсон нь бий. The Mongolian Mining Journal сэтгүүлийн “Зууны алдартан” булангийн энэ удаагийн хөргийн эзнээр эрдэмтэн С.Цэдэндорж гуайг нэрлэж, нийтлэлээ тэрлэж байна. Энэ жил Монгол Улсын гавьяат багш хэмээх төр, засгийн хүндтэй цол, тэмдэг хүртсэн түүний тухай ихийг өгүүлж болно. Гэхдээ энэ удаад Монголын уул уурхайн дээд боловсролын системд оруулсан хувь нэмэр, утга зохиол-яруу найргийн хэд хэдэн ном бүтээл тууривсан тухайг нь  тодотгон өгүүлэхийг зорилоо.  
  • 2022-07-29
    Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг БНХАУ-ын Ниншя ӨЗО, МҮХАҮТ хооронд Монгол, Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцжээ. Уг арга хэмжээний үеэр 11.8 тэрбум юанийн  “Монгол дахь Хятадын Ниншягийн худалдааны танхим” болон “Өлзий боомтын удирдлага, менежмент” ХХК хооронд “Нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, хадгалалтын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”, “Монголын Чөнжүнбао” ХХК болон Монгол Улсын Жүлө групп говь” ХХК хооронд “Тавантолгой-Өлзий боомт чиглэлийн 270 км хүнд даацын авто зам барих хамтын ажиллагааны төсөл”,