Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Хийн хоолой ба хоёр хөршийн хаялга 

The Mongolian Mining Journal /Feb.2022/

Д.Нарантуяа

 

Манай өмнөд хөрш БНХАУ Өвлийн олимпийн XXIV наадмыг амжилттай зохион байгуулж, өвөл, зуны олимпийн наадмыг зохион явуулсан анхны хотоор олимпизмын түүхэнд нэрээ үлдээлээ. АНУ тэргүүтэй барууны зарим орны зүгээс дипломат бойкот үзүүлэн албаны төлөөлөгчдөө илгээгээгүй ч 20 гаруй улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэт зочдын суудлаас минимал гэж тодорхойлж болох нээлтийг тольдлоо. 

Хятад улсын том амбиц болсон “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдэн эх газрын Хятадын хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэж буй орны тэргүүн нар гадаадын хүндэт зочдын индрийг зонхилон дүүргэлээ. 

Олимпийн нээлтэд оролцсон хүндэт зочид Хятадын удирдлагатай албан ёсны уулзалтууд хийж, ажил хэргийн гэрээ хэлцлүүд ч байгуулаад амжлаа. Үүнээс Монголд хамаатай хоёр үйл явдлыг онцгойлон үзэх хэрэгтэй бөгөөд хоёул байгалийн хийн хоолойн төсөл байлаа. 

Монголчуудын олон жил хүсэн хүлээж байсан Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн транзит тээврийн төсөл яриа хэлэлцээний шатнаас дараагийн шат руу шилжсэн сайхан үйл явдал энэ оны эхээр болсон. Гэсэн ч нийлүүлэгч Оросоос худалдан авагч Хятад энэ төслийн талаар албан ёсны байр суурь илэрхийлэхгүй байсан нь монголчуудын санааг зовоож байсан бол нээлтэд оролцохоор Бээжинд очсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр энэхүү төслийн явцыг эрчимжүүлэхээ Хятадын тал амлалаа. Ингэснээр Монгол Улс хийн тээврийн транзит улс болох эхлэл тавигдаж байгаа юм. Нөгөө талаар хоёр хөршийн хаялга ч гэж хэлж болно.

Нөгөө үйл явдал нь мөн байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, гэхдээ ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдэх том төсөл. Хоёр хөрш маань байгалийн хийн төсөлд хамтран ажиллаад удаж байгаа бөгөөд Хятад улс улам бүр өсөн нэмэгдэж байгаа хийн хэрэглээгээ хангахын тулд Оросоос байгалийн хий экспортлох сонирхолтой. Экспортын эхний шугам 2019 онд ашиглалтад орсон нь “Сила Сибири” хийн хоолой юм. Энэ хоолойн маршрут нь Монголын зүүн хилийн цаахнуур Оросын Алс Дорнодоос Хятадын зүүн хойд хилээр тавигдсан. Хоёр дахь маршрут нь одоо ид яригдаж байгаа Монголыг дайран өнгөрөх транзит шугам. Анх энэ маршрут нь Монголын баруун хилийн цаахнуур Оросын Алтайн хязгаараас Хятадын Шинжаан-Уйгур руу тавигдахаар яригдаж байсан ч олон хүчин зүйлийн улмаас цуцлагдан, чиглэл, нэрээ өөрчилсөн нь Монголыг дайран өнгөрөх магистраль шугам юм. Энэхүү магистралийг “Союз-Восток” хэмээн нэрийдэж байгаа бөгөөд “Сила Сибири-2” шугамын үргэлжлэл гэдгийг оросууд онцолж байгаа. Харин 3 дахь хийн хоолойн гэрээг олимпийн нээлтийн өдөр Орос, Хятадын тал үзэглэлээ. Алс Дорнодын гэж нэрлэгдэж буй энэ маршрут нь “Сила Сибири-3” төсөл бөгөөд Оросын Сахалинаас Хятадын зүүн хойд чиглэлээр хий экспортлох хоолойн тавих юм. Монголын транзит хоолойн төсөл ТЭЗҮ-ийн түвшинд явж байгаа бол “Сила Сибири-3” төсөл манай төслөөс шат илүү ахисан түвшинд байгаа төдийгүй энэ төсөл богино хугацаанд хэрэгжин ажил хэрэг болох нөхцөл, магадлал өндөр байгаа юм. Энэ гэрээ зурагдсаны дараа Оросын төдийгүй Европын хэвлэлүүдэд энэ төслийн талаар, Оросын эрчим хүчний зах зээлийн тэлэлтийн талаар тайлбар, байр суурь цөөнгүй гарлаа. Оросын хийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай Европын орнууд хийн нийлүүлэлт нь цаашид тогтвортой байх эсэхэд санаа зовинож байгаа юм. Харин Монголын хувьд “Союз Восток” хоолойг төслийн төлөвлөсөн цаг хугацаанд ашиглалтад оруулах талаар санаа зовох цаг ирлээ. Учир нь, “Сила Сибири” хоолойн төсөл манай транзит хоолойноос урьтаж ашиглалтад орох магадлал өндөр.  


Монголчуудын хүлээж буй “Союз-Восток”
 
Олимпийн нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийсэн бөгөөд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл гаргалаа. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай хийсэн уулзалтын үеэр Монголын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц дэд бүтцийн том төслүүдийн хэрэгжилтийн талаар тодорхой тохиролцоонд хүрчээ. Хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр нягт хамтран ажиллах, Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон, Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах, ОХУ, БНХАУ болон Европын Холбоо, БНХАУ-ын худалдааны эргэлт дээд хэмжээнд хүрч байгаа цаг үед БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад дэвшүүлсэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх хүрээнд олон жилийн хугацаанд яригдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллах, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо. 

Бараг 20-иод жил ярьж байгаа Монголоор дайран өнгөрөх хийн хоолойн төсөл сүүлийн хоёр жилд амилж, хэрэгжих найдварыг төрүүлж байгаа. “Сила Сибири-2” төслийн хүрээнд Оросоос Хятад руу байгалийн хий нийлүүлэхдээ Монголын нутгаар дайруулан тавих дэд бүтцийн том төсөл бөгөөд Монголоор дайран өнгөрөх магистралийг “Союз-Восток” хэмээн нэрийдээд байгаа. Олимпийн өмнөхөн энэхүү магистралийн ТЭЗҮ-ийг төслийг хэрэгжүүлэгч “Газпром” компани танилцуулсан протоколыг хоёр тал зурсан юм. 
ТЭЗҮ-гээр хийн хоолой нь 962,9 км урт, хоолойн голч 1400 мм байх бөгөөд таван шахах станцтай байх ажээ. ТЭЗҮ-д энэхүү бүтээн байгуулалтын өртөгийн тооцоо, мөн ашиглалтын тооцоог тусгасан байна.

2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монголд хийсэн айлчлалын дараагаас энэ төсөл эрчээ авсан гэж хэлж болно. 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын “Газпром” компанийн хооронд энэхүү бүтээн байгуулалтын Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Уг санамж бичигт ОХУ-аас Монголын нутгийг дайруулан Хятад руу татах байгалийн хий дамжуулах хоолойн төслийн үнэлгээ, дүгнэлт хийхээр тусгасан билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсад тусгай зориулалтын “Газопровод Союз-Восток” ХХК-ийг 2021 оны нэгдүгээр сард байгуулсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Бээжингээс буцаж ирсний дараа буюу хоёрдугаар сарын 10-нд энэхүү төслийн Монголын талын удирдагч Л.Амарсанаа болон “Газопровод Союз-Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Евгений Николаевич Асеев нар Шадар сайд С.Амарсайханд өнгөрсөн жил хийсэн ажлын тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэдний танилцуулснаар өнгөрсөн 2021 онд гурван томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Эдгээр нь байгалийн хийн хоолой тавих зурвас газрыг тодруулах, ТЭЗҮ-г боловсруулж дуусгах, тусгай зориулалтын “Газопровод Союз-Восток” компанид үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлүүдийг авчээ. Ингэснээр төслийн дараагийн шат руу шилжихэд бэлэн болсон байна. Энэ 2022 онд инженер геодези, инженер геологи, инженер археологийн судалгааны ажлыг тавдугаар сараас эхэлж арваннэгдүгээр сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. 

Хийн хоолойн маршрут нь Шадар сайд С.Амарсайханы мэдэгдсэнээр ОХУ-ын Хиагтаас Сэлэнгийн Алтанбулаг, Алтанбулаг боомтоос Замын-Үүд хүртэл төмөр замын трассын дагуу тавигдана. Хоолойн хүчин чадал нь жилдээ 50 тэрбум куб метр байх юм. 50 тэрбум куб метр гэдэг бол өндөр хүчин чадалтай байна гэсэн үг. 

Хий дамжуулсан төлбөрийг авахаас гадна уг хоолойноос хий авч хэрэглэх, дотоодын хэрэглээгээ хангах талаар ОХУ-ын талтай яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн хэмээн Шадар сайд сэтгүүлчдэд мэдээлсэн. “Манай улс уг хийн хоолойноос хий авч хэрэглэх, дотоодын хэрэглээгээ хангах талаар ОХУ-ын талтай яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн. Мөн байгалийн хийн эх үүсвэртэй болгох зорилгоор эхний ээлжинд 1-2 цахилгаан станц барих, магадгүй төмөр замын дагуу, хийн хоолойг дагасан суурьшлын шинэ бүстэй болох, тэдгээрийг цаашид өргөжиж хөгжихөд хийгээр хангах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аажмаар манай улс хийн хэрэглээнд шилжих зорилтыг тавьж байгаа” хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэлсэн. Эдийн засгийн үр ашгийн тооцооллыг ярихад эрт байгааг тэр бас хэлсэн.

Төслийг хэрэгжүүлэхэд 7000 гаруй хүн хүч шаардагдана. “Өмнө нь манай улсад хэрэгжиж байгаагүй нарийн техник, технологийн том төсөл учир гол гол нарийн мэргэжилтнүүд ОХУ болон бусад улсаас ирж ажиллах байх. Бид дотоодын хүчийг бэлтгэх ажлыг давхар эхлүүлж байгаа. ОХУ-ын нефтийн чиглэлийн их, дээд сургуульд сургах, газар дээр нь дадлагажуулах, мөн дотооддоо сургах багш нарыг авчирч, ШУТИС, техникийн бусад сургуультай хамтарч боловсон хүчнээр хангана” хэмээн С.Амарсайхан хэллээ.


“Сила Сибири-3”

Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн төсөл ийнхүү эрчимтэй урагшилж байх үед “Газпром” хятадуудтай дахин нэг маршрутыг гэрээг хоёрдугаар сарын 4-нд Бээжинд хийлээ. Хятадын нефть, байгалийн хийн төрийн өмчит CNPC компани Оросын “Газпром” компанитай жилдээ 10 тэрбум куб метр хий дамжуулах хүчин чадал бүхий хийн хоолойн гэрээг баталгаажууллаа. “Алс Дорнодын маршрут” мөн “Сила Сибири-3” гэх зэргээр энэхүү маршрутыг нэрлэж байна.

Энэхүү гэрээ нь “Газпром” болон CNPC хоёрын хооронд хийгдэж буй хоёр дахь том хэмжээний гэрээ болж байна. 
Байгалийн хий нийлүүлэх эхний гэрээг хоёр компани 2014 онд байгуулсан бөгөөд төслийг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Энэ нь “Сила Сибири” хий дамжуулах хоолой бөгөөд энэ төслийн бүрэн хүчин чадал жилдээ 38 тэрбум куб метр юм. Хоёр дахь гэрээний хүчин чадлыг оруулан тооцвол Хятад улс Оросоос жилдээ 48 тэрбум куб метр хий худалдан авах болж байгаа юм. Монголоор дайруулан татах хийн хэмжээ 50 тэрбум куб метр гэвэл нийлээд 100 тэрбум хүрэх бөгөөд энэ нь “Газпром”-ын Европ руу нийлүүлж байгаа нийт хийн хэмжээнээс ч илүү гарч байна. 
Гэхдээ 2019 оны эцсээр ашиглалтад орсон “Сила Сибири” хоолойн хүчин чадал төслийн бүрэн хүчин чадалдаа хараахан хүрээгүй байгааг дурдах хэрэгтэй. Нийлүүлэлтийг он, сараар төлөвлөн өсөн нэмэгдүүлж байна. “Газпром” компанийн экспортын мэдээгээр 2021 оны арваннэгдүгээр сараас Хятадын тал экспортын хэмжээгээ төлөвлөснөөс бараг 3 дахин нэмэгдүүлжээ. Арваннэгдүгээр сарын 21-ны өдөр хийн нийлүүлэлт хамгийн өндөр түвшинд буюу 35,8% нэмэгдүүлсэн талаар мэдээлжээ.

“Байгалийн хий нийлүүлэх хоёр дахь гэрээг ийнхүү үзэглэсэн нь хоёр улс болон хоёр компанийн хоорондын харилцан итгэлцэл дээд түвшинд байгааг илтгэж байна. Манай Хятад дахь түнш CNPC компани нь “Газпром”-ийг найдвартай нийлүүлэгч гэж хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо” хэмээн “Газпром” компанийн Ерөнхий захирал Алексей Миллер хэлжээ.

Ингэснээр үүнээс өмнө баруун зүгт төвлөрч байсан “Газпром” компанийн экспортын урсгал зүүн зүгт хүчээ авах нь тодорхой боллоо. “Алс Дорнодын” чиглэлийн хий дамжуулах гэрээ ийнхүү зурагдсан нь гэнэтийн байлаа гэдгийг Оросын зарим хэвлэлд бичсэн байна. 2019 онд ашиглалтад орсон “Сила Сибири” 2024 оноос төслийн бүрэн хүчин чадалдаа хүрнэ, Монголоор дайрах транзит хоолойг 2024 оноос барьж эхлэн 2027-2028 онд ашиглалтад оруулна гэж тооцож байгаа нөхцөлд “Сила Сибири-3” төсөл ийнхүү амилсан нь анхаарал татжээ. Монголоор дайрах транзит хоолойн эдийн засгийн тооцооллын талаар огт мэдээлэл гарахгүй байгааг Оросын хэвлэлүүд бас анхааруулсан байна. Маршрутын урт, хийх татах ордын байрлал, дэд бүтцийн таатай байдал зэргийг харгалзан үзвэл “Сила Сибири-3” төсөл “Союз Восток”-оос өмнө амилах боломжтой гэжээ. 

Яригдаж буй гурван хоолойгоор дамжих хий нь гурван өөр ордоос татагдана. Ашиглалтад ороод гурав дахь жилийн нүүрийг үзэж байгаа 3000 гаруй км урт “Сила Сибири” хоолойгоор дамжуулж байгаа хийг Эрхүү, Якутын ордоос татаж байгаа. “Союз Восток” хоолой нь Ямалын баялаг ордоос хийгээ авна, харин сая зурагдсан Алс Дорнодын маршрутын хийн эх үүсвэр нь Сахалин байх юм. 

Алс Дорнодын маршрут Оросын талд ч, Хятадын талд ч ашигтай тусахаар байна. Нэгдүгээрт, хий татах үндсэн дэд бүтцийн нэлээдгүй хэсэг бэлэн хийгдсэн байгаа, хоёрдугаарт, маршрутын хувьд дөт, гуравдугаарт, Сахалин арлын хавьд “Газпром”-ын эзэмшиж байгалийн хийн ордуудад хөрөнгө оруулах сэдлийг энэ гэрээ өдөөх учраас хөрөнгө санхүүгийн хувьд саад багатай гэж үзэж байна. “Газпром” нь Сахалин хавьд Киринский болон Южно-Киринский гэсэн хоёр ордыг эзэмшиж байгаа. Киринскийн ордыг 2014 оноос олборлож эхэлсэн бөгөөд төслийн хүчин чадал нь жилдээ 5.5 тэрбум куб метр. Өнгөрсөн 2021 онд уг ордоос 1.2 тэрбум куб метр олборлосон нь 2014 оноос хойших дээд үзүүлэлт байжээ. Харин Южно-Киринскийн олборлолтыг ирэх 2023 оноос эхлэхээр төлөвлөж байна. Южно-Киринскийн ордыг 2010 онд нээсэн бөгөөд урьдчилсан тооцоогоор 611.7 тэрбум куб метр хэмээн нөөцийг тогтоосон.

Гэхдээ Южно-Киринскийн ордын ашиглалтыг “Газпром” АНУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж шаардлагатай тоног төхөөрөмжийг хүртэл АНУ-аас авчирсан байсан ч 2015 онд АНУ-ын эдийн засгийн хоригт энэ орд хамрагдан хамтын ажиллагаа зогсоод байгаа юм. АНУ-ын хоригт Оросын тодорхой бизнесмэнүүд, компаниуд хамрагдаж байсан ч орд хамрагдсан онцгой тохиолдол болсон юм. Энэ хоригийг Орос хэрхэн тойрч, ордын ашиглалтыг эхлүүлэх эсэх нь тодорхойгүй. 

“Союз Восток” маршрут нь Монголын нутгаар дайран өнгөрөх нь асуудал дагуулж байснаас илүүтэй Оросын нутгаар дайран өнгөрөх маршрут нь маш их шүүмж дагуулсан. Энэ маршрут нь хийн хэрэглээнд холбогдоогүй Сибирийн оршин суугчдын эрчим хүчний хэрэгцээг хангах давхар зорилго агуулж байгаа ч Ямалаас Сибирь рүү татах газар нутаг нь байгалийн хүнд ширүүн нөхцөлд явагдах бөгөөд, тэр чинээгээр зардал, цаг хугацаа шаардана. Тэгээд ч энэ чиглэл нь анхнаасаа “Газпром”-ын Хятад руу хий нийлүүлэх том төслийн баруун чиглэл гэгдэж байсан, Алтайн хязгаараар дамжин Шинжаан-Уйгур руу татах тооцоотой байсан ч байгаль, газар зүйн хувьд ярвигтай, ЮНЕСКО-ийн өвд орсон байгалийн дархан цаазат газрыг хөндөх байсан зэрэг шалтгааны улмаас дэмжлэг аваагүй буцсан төсөл байсныг санаж байгаа байх. Financial Times-ийн бичсэнээр хүн амын өндөр нягтаршилтай Сибирийн том хотуудын ихэнх нь хийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, эрчим хүч, дулааны эх үүсвэр нь нүүрс хэвээр байгаа юм. Сибирийн засаг захиргааны 83 төвийн зөвхөн 11 нь, 17 сая хүн амтай Сибирийн тойргийн 17 хувь нь л хийн сүлжээнд холбогджээ. 

Хэдийгээр Оросын хэвлэлүүд Алс Дорнодын маршрутын гэрээг гэнэтийн гэж байгаа ч энэ гэрээний яриа хэлцэл эхлээд 7-8 жил болж байгаа. 2015 оны есдүгээр сард хоёр компани харилцан ойлголцлын санамж бичгийг зурсан, 2017 оны арванхоёрдугаар сард хий нийлүүлэх үндсэн нөхцөлүүдээ, үүнд, нийлүүлэх хэмжээ, гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа, хий нийлүүлэх хугацаа, хүчийн чадлыг нэмэгдүүлэх хугацаа, хилийн нэвтрэх цэг зэргийг тохирсон байсан юм. “Сила Сибири” хоолойг гэрээ байгуулагдсанаас хойш таван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан бол “Сила Сибири-3”-ын хувьд таван жилээс бага хугацаа шаардах магадлалтай. Өмнө өгүүлсэн дэд бүтцийн ихэнх хэсэг бэлэн байгаа юм. Энэ нь Сахалин-Хабаровск-Владивосток маршрутаар 1800 км урт хийн хоолойн бэлэн баригдсан байгаа явдал. Үүнээс Хятад хүртэл 25 орчим км хоолойг нэмж барих шаардлагатай, мөн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд шахах станцуудыг нэмж барих шаардлагатай. Эдгээр хүчин зүйл нь энэ маршрутын хийн үнийг бусад нийлүүлэгчдийнхээс хямд байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Хятад одоогийн байдлаар байгалийн хийг Индонез, Малайз, Австрали, АНУ, Катараас импортолж байгаа бөгөөд Алс Дорнод маршрутаар татан авах хийн үнэ эдгээр импортлогчдынхоос хямд байх юм. 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэглэх зорилтын хүрээнд Хятадын байгалийн хийн хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. 2021 оны дүнгээр Хятадын байгалийн хийн импортын хэмжээ ойролцоогоор 160 тэрбум куб метр байжээ.

Европчуудын зовнил

“Союз Восток” маршрутын ажил ийнхүү богино хугацаанд урагш ахиж байгаа Европын эрчим хүчний салбарын шинжээчдийн анхааралд өртөөд байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээр дэлхийн том тоглогч болох төдийгүй хийн нийлүүлэлтийг Ямалын ордуудаас татах нь Европын эрчим хүчний найдвартай, тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй гэсэн тайлбарууд хэвлэлээр гарлаа. Тухайлбал, Telegraph сонинд “Хятад руу хий нийлүүлж байгаа хоолой, саяхан зурагдсан шинэ хоолой нь Зүүн Сибирийн ордуудаас нийлүүлтээ хийнэ. Харин Монголын нутгаар дайран өнгөрөх хоолойн нь Европ руу нийлүүлж байгаа Ямалын ордуудаас нийлүүлэгдэхээр байгаа нь Европын хийн нийлүүлэлтэд эрсдэл учруулж болзошгүй. Нөөцийн хувьд оросууд Европ болон Азийн зах зээлийг хангах боломжтой ч үнийн бодлого ямар байхаас их зүйл хамаарна” хэмээн бичжээ. Өнгөрсөн жилээс Европ тив эрчим хүчний хямралд ороод байгаа учраас тэдний зовнил маш үндэслэлтэй. Өнгөрсөнг аравдугаар сард Европын хэрэглээний хийн үнэ огцом нэмэгдэж 113 ам.доллараас 1900 /1000 куб метр/ хүртэл өссөн, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 980 орчим ам.долларт хэлбэлзэж байна.

“Газпром”-ын төлөвлөж байгаагаар Ямалын Бованенково болон Харасавей ордуудаас хийг татна. Ямалын нефть, байгалийн ордууд нь Оросын үүц гэж хэлж болно. “Газпром” компани энд 100 жил олборлох эрх эзэмшиж байгаа бөгөөд нийтдээ 18 орд тус компанийн мэдэлд байна. Эдгээрээс хамгийн баялаг нөөцтэй нь Бованенково болон Харасавэйн ордууд юм.

Туркменистан нийлүүлэлтээ нэмэх хүсэлтэй

Хятадад байгалийн хий нийлүүлж байгаа Туркменистан нийлүүлэлтээ нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Туркменистан өнөөдрийн байдлаар гурван чиглэлээр Хятадад хий нийлүүлж байгаа бөгөөд дөрөв дэх хоолойг барих хүсэлтэй байгаа юм. Туркменистан-Узбекистан-Казахстан-Хятад гэсэн хийн хоолойн гурван салаагаар Хятад жилдээ 40 орчим тэрбум куб метр хий экспортолж байгаа бөгөөд шинэ дөрөв дэх салааг барьж дахин 30 тэрбум куб метрийг нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Гэхдээ Хятадын зүгээс энэ саналыг тийм хурдан хүлээн авахгүй байх магадлалтай. Тогтворгүй нөхцөл байдалтай Дундад Азийн бүс нутгаас эрчим хүчний эх үүсвэрийн хамаарлаа нэмэх бодол хятадуудад байхгүй.