Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөв

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 2018 оноос хойш анх удаа өсгөж буйг тус банкны тэргүүн Жером Пауэлл (2022.03.16) мэдэгдлээ. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлснээр хүүгийн хэмжээ 0.25-0.5%-тай болж байна. Он дуустал тус банк дахин зургаан удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлж оны эцэс гэхэд 1.9%-д хүргэж магадгүй байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын төсөөллөөс даруй нэг хувиар илүү дүн болохыг хэвлэлүүд онцоллоо. Залгуулаад 2023 онд ч дахин гурван удаа бодлогын хүүгээ өсгөж 2.8%-д хүргэх зураглал тодорлоо.

АНУ-ын инфляцын түвшин өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 7.9%-иар өссөнөөр 1982 оноос хойших дээд хэмжээнд хүрчээ. ОХУ болон Украины мөргөлдөөнөөс үүдэн АНУ-д инфляц улам бүр нэмэгдэж болзошгүй байгаа юм. Инфляцыг зорилтот түвшинд (2%) хүргэж бууруулахын тулд Холбооны нөөцийн банк мөнгөний хатуу бодлого явуулах хүлээлт өнгөрсөн оны эцсээр бий болсон. Ийнхүү энэ оны гуравдугаар сараас эхлэн АНУ-ын төв банк бодлогын хүүгээ чангаруулах ажлаа хэрэгжүүлж эхэллээ.

Холбооны нөөцийн банк энэ онд АНУ-ын инфляцыг 4.3% байхаар тооцсон нь өнгөрсөн арванхоёрдугаар сард уг үзүүлэлтийг 2.6%-иар төсөөлсөнтэй харьцуулахад хавьгүй өндөр дүн юм. Цаашлаад инфляц 2023 онд 2.7%, 2024 онд 2.3%-д хүрэхээр төсөөлөл гаргаад байна. Эдгээр үзүүлэлт нь өмнөх арванхоёрдугаар сарын тооцооллоос мөн л өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 4%-иар төсөөлж байсныг 2.8% болгож бууруулжээ.

Тус улсын төв банк зөвхөн бодлогын хүү чангаруулахаас гадна мөнгөний нийлүүлэлтийг хумих үүднээс эзэмшилдээ буй 9 их наяд орчим ам.долларын бондын хэмжээг ирэх тавдугаар сараас эхлэн хумиж магадгүй байна. Уг үйл явц нь цаашид хөрөнгийн зах зээлд савлагаа үүсгэх төдийгүй банкуудын зээл олголтыг бууруулж болзошгүйг зарим шинжээч анхааруулж байна.

 

Б.Төгс