Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын нүүрсний импорт оны эхний хоёр сард 14%-иар буурав

Хятадын нүүрсний импортын хэмжээ оны эхний хоёр сарын байдлаар 35.39 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 14%-иар буурсан тухай тус улсын Гаалийн газар мэдээлсэн байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн бага дүн болсон бөгөөд 2020 оны эхний хоёр сард тус улсын нүүрсний импорт 67.94 сая тонн буюу оргил түвшинд хүрч байсан юм.

Нүүрсний нийлүүлэлт дэлхийн хэмжээнд өнгөрсөн оны эхнээс хумигдах болж, залгуулаад эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр эрэлт өссөн нь Хятадын импортын нүүрсний татан авалтад хүндрэл үүсгэх болжээ. Энэ тухай тус улсын нүүрсний мэдээллийн гол агентлаг "Фэнвэй Энержи" мэдээлжээ.

Ийнхүү өмнөд хөршийн нүүрсний импорт буурахад Индонезийн Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард нүүрсний экспортдоо хориг тавьсан явдал болон Цагаан сарын баяр тохиосон нь голлон нөлөөлсөн байна.

Цаашид Индонезийн нүүрсний экспорт төдийлөн нэмэгдэхгүй байх дүр зурагтай байгаагийн сацуу ОХУ-ын нүүрсний худалдаа барууны орнуудын хориг арга хэмжээнээс үүдэлтэйгээр буурах шинжтэй байна.

ОХУ нь Хятадын хувьд Индонезийн дараа хоёрдугаарт бичигддэг нүүрсний томоохон нийлүүлэгч юм. Оны эхний сард Хятад улс ОХУ-аас 2.86 сая тонн, хоёрдугаар сард 2.27 сая тонн нүүрс тус тус импортолжээ. Харин гуравдугаар сарын эхний найм хоногийн байдлаар 0.65 сая тонн нүүрс импортолсон байна. Цаашид Хятадын хувьд ОХУ-аас түлхүү нүүрс импортлож чадах аваас дотоодын зах зээлд нийлүүлэлт болон ханшийг тогтвортой байлгах нөхцөл бүрдэх юм байна. Хятадын хувьд ОХУ-д Украины мөргөлдөөнөөс үүдэн худалдааны ямар нэг хориг тавиагүй. Гэвч тус улсын нүүрсний импорт эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгжүүд барууны хоригоос үүдэн Оросын нүүрсийг худалдан авах эсэхэд болгоомжлонгуй хандах болжээ.

 

Б. Төгс