Эрдсийн зах 2022 онд өсөлтөө хадгална

2022-03-04

The Mongolian Mining Journal /Jan.2022/

Б. Төгсбилэгт

Эрдсийн зах зээлийн хувьд 2021 он томоохон өсөлтийн жил байсан бол энэ онд түүхий эдийн ханш өмнөх он шиг огцом дээшлэхгүй болов уу гэсэн таамгийг шинжээчдийн зүгээс өгч байна. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, өсөлтийн нөлөөгөөр үнийн түвшин огцом буурахгүй, тогтвортой хадгалагдах болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ он гарсаар эрдсийн ханшийн үзүүлэлт өсөлттэй гарч байна. Цаашлаад энэ онд ганцхан макро түвшний хүчин зүйлсээс гадна нийлүүлэлтийн шинж чанартай үзэгдэл ханшийн өсөлтөд голлох нөлөө үзүүлэхээр байна. Он гарсаар лити, никелийн ханш нийлүүлэлтийн хумигдмал байдлаас үүдэн огцом өсөлт үзүүллээ. Ингээд Монгол улсын экспортын зарим эрдсийн зах зээлийн төлөв байдлыг хүргэе.

 

Зэсийн ханш 2022 онд дахин өсөх төлөвтэй 

Зэсийн зах зээлийн урт хугацааны төлөв маш сайн байгааг бүгд мэднэ. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг арилгахаар дэлхий нийт хөдөлж буй цаг дор зэсийн ач холбогдол өсч байна. Энэ нь зэсийн ханш цаашид зөвхөн өснө гэсэн итгэлийг үүсгэж байгаа боловч зэс хэрэглэгч томоохон салбаруудын хувьд энэ нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэхээр байгаа юм. Тэгэхээр энэ онд зэс өмнөх оны түвшнээс нэмж өсөх болов уу гэдэг нь сонирхол татна. Он гарсаар зэсийн ханш 10 мянган ам.доллар руу дөхөж байна. Нэгдүгээр сарын 12-нд өдрийн дундах арилжаагаар тонн зэсийн ханш Лондоны металын бирж дээр 10034.5 ам.доллар/тонн хүрсэн нь өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс хойш байгаагүй өндөр дүн болжээ. Ханш өсч байгаа нь томоохон гүрнүүдийн макро бодлоготой холбоотой ч биржүүдийн агуулах дахь нөөц багассан нь бас давхар нөлөөлж байна. 

Өнгөрсөн оны тавдугаар сард Лондоны металын бирж дээр зэс тонн тутамдаа 10700 ам.доллар давсан нь оргил ханшид тооцогдсон. Тэгвэл “Голдман Сакс” банк энэ онд зэс дунджаар 11875 ам.доллар/тонн байна гэж төсөөлснөөрөө хамгийн өөдрөг таамаг дэвшүүлэгчээр тодорлоо. Тус банк 2025 онд зэс 15 мянган доллар хүрэх төлөвийг ч гаргажээ. Шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол. Тус байгууллага үнэ бууруулах хүчин зүйлс, тухайлбал, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын бууралтын нөлөөг тооцоолж байгаа ч нийлүүлэлтийн хомсдол үүсэх аюулыг сануулжээ. Бусад судалгааны байгууллагын хувьд харилцан адилгүй таамаг дэвшүүлснээс харахад энэ онд 8250-9990 ам.доллар/тоннын хооронд дундаж ханш тогтох төлөв тодорч байна. Судалгааны байгууллагуудын нэгэн төлөөлөл болох Фитч-ийн тооцооллоор энэ онд дэлхийн зэсийн эрэлт 1.8%-иар өсөхөөр байгаа бөгөөд нийлүүлэлтийн байдал, тэр дундаа Чили, Перу болон бусад томоохон тоглогчийн олборлолт өнгөрсөн оныхоос дээшилнэ гэж үзжээ. Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) өнгөрсөн онд дэлхийн зэсийн уурхайн олборлолт 2.1%, энэ онд 3.9%-иар өсөх тооцооллыг дэвшүүлсэн. Фитч энэ оны дундаж ханш 8800 ам.доллар/тонн байх төсөөллөө саяхан 9200 ам.доллар/тонн болгож нэмэгдүүлээд байгаа юм. Гэсэн ч энэ нь цаашид зэсийн үнэ одоогийн түвшнээс буурахыг илтгэж буй хэрэг. Хятадын хувьд энэ онд зэсийн хэрэглээ нь 1%-иар нэмэгдэх төлөв тодорсон бөгөөд эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрүүд үүнд нөлөөлөх тухай тус байгууллага таамаглажээ. 

Цахилгаан машины борлуулалт Хятадын зах зээлд өнгөрсөн онд 160%-иар нэмэгдэж 2.9 сая ширхэгт хүрсэн байна. Энэ онд уг төрлийн машины борлуулалт тус улсад 5 сая ширхэгт хүрэх төлөвтэй. Хятадын Засгийн газар цахилгаан машины борлуулалтад олгодог татаасыг хоёр жилээр сунгаснаар борлуулалтыг дэмжихэд гол түлхэц үзүүлсэн байна. Уг татаасын хэмжээ 2020 оны эцсээр дуусгавар болох байсан юм. Тэгэхээр татаасын хугацаа нэмж сунгагдахгүй аваас энэ онд цахилгаан машины борлуулалт Хятадад тооцоолсноос ч илүү өсөх магадлал өндөр.

Энэхүү татаасын ачаар цахилгаан машины борлуулалтын үнэ тус улсын дотоодод 5000-10000 ам.доллароор буурах нөхцөл бүрдэж байгаа ажээ. Хятад улс нь цахилгаан машины борлуулалтын дэлхийн зах зээлийн 60 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Урт хугацаандаа буюу 2030 он гэхэд дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлтийн хомсдол 6 сая тонноор хэмжигдэх магадлалтай байна. Учир нь, мөн онд зэсийн эрэлтийн хэмжээ 16%-иар өсч 25.5 сая тоннд хүрэх бол нийлүүлэлт 19.1 сая тонноор илэрхийлэгдэхээр байгааг “Rystad Energy” байгууллагаас мэдээлжээ. Цаашид зэсийн нийлүүлэлтийн хомсдол 2023 оноос мэдрэгдэж эхэлж болзошгүй байгаа юм. Зэсийн хувьд цахилгаан машины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч тэлэхийн хэрээр эрэлт нь улам бүр өсөх дүр зураг харагдаж байгаа билээ. 
 
Дэлхийн зэсийн нийт эрэлтийн 40%-ийг дангаараа бүрдүүлдэг Хятадын зэсийн импорт 2021 онд 5.53 сая тоннд хүрсэн нь 2020 оныхоос 17.2%-иар буурсан ч зэсийн баяжмалын импорт 7.6%-иар нэмэгдэж 23.4 сая тонн болсноор шинэ дээд хэмжээг тогтоолоо. Мөн өнгөрсөн онд Хятадын зэсийн экспорт 932.4 мянган тоннд хүрсэн нь мөн л дээд үзүүлэлтэд тооцогдлоо. 2020 онд тус улсын зэсийн экспорт 744.5 мянган тонноор хэмжигдсэн юм. Хятад улсын хувьд зэсийн экспортлогч гэхээсээ хэрэглэгч орон. Гэвч өнгөрсөн онд зэсийн ханш оргил түвшинд хүрч өссөн төдийгүй Лондоны металын бирж болон Шанхайн бирж дэх ханшийн зөрүү багассан нь экспорт нэмэгдэх гол шалтгаан болжээ.

Төмрийн хүдрийн ханш 2022 онд буурах төлөвтэй

Он гарсаар 62%-ийн агуулгатай төмрийн баяжмал нэгдүгээр сарын сүүлийн байдлаар дунджаар 126.5 ам.доллар/тонн-оор арилжаалагдаж байна. Шинжээчдийн хувьд энэ онд төмрийн хүдрийн ханш хэрхэх тухайд олон янзын таамаг дэвшүүлж байна. 
2021 онд төмрийн хүдэр зах зээлд ханшийн дээд үзүүлэлтэд хүрсэн. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн огцом өсч 220 гаруй ам.доллар/тонн-д хүрснээр дээд амжилт тогтоосон. Гэхдээ өнгөрсөн оны хоёрдугаар хагаст эрчимтэй буурч арваннэгдүгээр сард 84.5 ам.доллар/тонн-ын түвшин рүү доошилсон. Харин нэгдүгээр сарын байдлаар ханш эргээд өсөх хандлага харагдана. Хятадын гангийн үйлдвэрүүдийн төмрийн хүдрийн татан авалт нэмэгдэж, үйлдвэрлэлийн үзүүлэлт нэмэгдсэнээс гадна нийлүүлэлтийн тогтвортой байдалд эргэлзэж байгаа нь ханш өсөх суурь шалтгаан болж байна. Тодруулбал Хятадын голлох 33 боомтын агуулах дахь нөөц нэгдүгээр сарын 24-ний байдлаар 145.6 сая тоннд хүрсэн нь өмнөх долоо хоногийнхоосоо 1.4%-иар буурсан дүнтэй гарчээ. 

Энэ оны төгсгөлд төмрийн хүдрийн ханш тонн тутамдаа 75 ам.доллар болж буурна гэж тооцоолох байгууллагууд байхад дундаж үнэ 125 ам.долларт тогтоно гэж үзэх төлөөллүүд ч байна. ING банкны тооцоолж байгаагаар төмрийн хүдрийн ханш энэ онд 100 ам.доллар/тонн-д хэлбэлзэнэ гэж таамаглажээ. UBS банк энэ онд төмрийн хүдрийн ханшийг 85 ам.доллар/тонн байхаар тооцсон бол Сити банк 96 ам.доллар/тонн-ын төсөөлөл гаргажээ. Тэгэхээр өнгөрсөн онд төмрийн хүдрийн дундаж ханш 160 орчим ам.долларт хэлбэлзсэн бол энэ онд ханш мэдэгдэхүйц буурах дүр зураг ажиглагдаж байна. 

Хятадад үл хөдлөхийн салбар амаргүй байгаа ч мөнгөний зөөлөн бодлого явуулж эхлээд байгаа нь цаашид түүхий эдийн эрэлтийг дэмжих хүлээлт бий болгосон. Урд хөршийн төв банк өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн хоёр сар дараалан голлох зээлийн хүү болон бодлогын хүүгээ бууруулах болсон. Гэхдээ энэ нь хангалтгүй гэж шинжээчид тайлбарлаж байгаа бөгөөд оны эхний хагаст зээлийн хүүг дахин сулруулах төлөвтэй байна. Хятадын хувьд үл хөдлөхийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 29%-ийг бүрдүүлдэг тул уг салбарыг аврахын тулд нэмэлт дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй. Хятадын барилгын салбар дотоодын нийт гангийн эрэлтийнх нь тал хувийг бүрдүүлдэг байна. Тиймээс уг салбарт асуудал үүсвэл гангийн эрэлтэд шууд сөргөөр нөлөөлнө.

Хятадын Төмөр, гангийн холбоо (CISA) 2021 онд тус улсын гангийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 35 сая тонн буюу 3.3%-иар буурч 1.03 тэрбум тоннд хүрэх төлөвтэй гэж танилцуулсан. 2020 онд тус улсын гангийн үйлдвэрлэл 1 тэрбум 65 сая тоннд хүрснээр дээд амжилт тогтоож байсан юм. Харин тус улсын гангийн хэрэглээний хувьд 2021 онд 2020 онтой харьцуулахад 5.5%-иар буурч 990 сая тоннд хүрэх урьдчилсан тооцоолол гарсан. Ингэснээр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Хятадын гангийн хэрэглээ буурч байна гэсэн үг.

Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн онд 3.9%-иар буурч 1.12 тэрбум тоннд хүрсэн байна. Өнгөрсөн оны дунд үеэс эхлэн Хятад улс гангийн үйлдвэрийн гарцыг танах арга хэмжээ авах болсноор оны хоёрдугаар хагаст төмрийн хүдрийн хэрэглээ 10%-иар буурсан нь үүнд голлон нөлөөлсөн байна. Ерөнхийдөө Хятадын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахаар хөдөлж эхэлсэн. Өнгөрсөн аравдугаар сарын 24-нд тус улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын оргил түвшинг 2030 оноор хязгаарлаж цаашид бууруулах тухай үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулсан. Үүнд, эрчим хүч, хар төмөрлөг, өнгөт төмөрлөг, барилга, газрын тос, химийн салбар гээд бүгд багтсан. Зэрэгцээд Бээжингийн Өвлийн олимптой холбоотойгоор цэнгэг агаарыг нөхцөлдүүлэх үүднээс хойд бүс нутагт аж үйлдвэрийн гарцыг бууруулах арга хэмжээ авч буй юм. Үүний нөлөөгөөр оны эхний улиралд урд хөршийн гангийн гарц 30 сая тонноор багасах төлөвтэйг Фитч тооцоолж гаргасан байна. Гэхдээ тус улсын гангийн үйлдвэрлэл энэ онд нэг тэрбум тонноос илүү гарсан хэвээр байх бөгөөд барилгын салбарын өсөлтийн удаашралыг дэд бүтэц болон үйлдвэрлэлийн салбарын өсөлтийн нөлөөлөл давна гэж тайлбарлажээ. Дэлхийн гангийн холбоо Хятадын гангийн хэрэглээ энэ онд төдийлөн буурахгүй гэж үзжээ.

Дэлхийн гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 3.6%-иар өсч 1.91 тэрбум тонн болсон тухай Дэлхийн гангийн холбоо мэдээлсэн. Хятадын гангийн үйлдвэрлэлийн эрчим суларсан боловч бусад томоохон орны хувьд өссөн байна. Хятадын хувьд өнгөрсөн онд нэг тэрбум тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоосоо 3%-иар буурчээ. Энэ нь дэлхийн нийт ган үйлдвэрлэлийн 54%-ийг бүрдүүлсэн байна. Хоёр дахь томоохон тоглогч Энэтхэгийн гангийн үйлдвэрлэл 17.8%-иар өсч 118.1 сая тонн, Японых 14.9%-иар өсч 96.3 сая тонн болжээ. Мөн АНУ, ОХУ, БНСУ болон Европын холбооны орнуудын гангийн үйлдвэрлэл бүгд мэдэгдэхүйц өссөн дүнтэй гарчээ.   

 Коксжих нүүрсний ханш дээгүүр түвшинд тогтоно

Коксжих нүүрсний ханш өнгөрсөн онд шинэ дээд амжилт тогтоосон. Үүнд цар тахлын дараах сэргэлт, коксжих нүүрсний нийлүүлэлт буурсан асуудал голлон нөлөөлсөн. Хятадын зах зээлд гол нийлүүлэгчид болох Австрали, Монголын нүүрсний экспорт буурч, оронд нь үүссэн сул орон зайд ОХУ, АНУ, Канад тэргүүтэй тоглогч нар өрсөлдсөн. Гэсэн ч Хятад улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн онд 54.7 сая тоннд хүрч 2020 оныхоос даруй 24.6%-иар буурчээ. 

Уг нь Хятадын бүх төрлийн нүүрсний нийт импортын дүнг авч үзвэл өнгөрсөн оны хэмжээнд 6.6%-ийн өсөлттэй гарсан. Гэхдээ Хятадын коксжих нүүрсний импортын жин ийн буурсан ч худалдан авалтын үнийн дүн нь 30.5%-иар нэмэгдэж 11 тэрбум ам.доллартай тэнцсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна. Сарын дүнгээр авч үзвэл Хятад улс өнгөрсөн арванхоёрдугаар сард 7.49 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх арваннэгдүгээр сарынхтай (7.74 сая тонн) харьцуулахад 3.3%-иар буурчээ. Гэхдээ 2020 оны сүүл сартай харьцуулахад (3.56 сая тонн) хоёр дахин өссөн дүн ажээ. 

Өмнө нь 2008, 2011 болон 2017 онд Австралийн Квийнслэнд мужид хар салхи, үер болж, томоохон уурхайнууд олборлолтоо зогсоох үед коксжих нүүрсний ханш 350 ам.доллар/тонн-д хүрч дээд амжилт тогтоож байв. Тэгвэл энэ удаад Австралийн коксжих нүүрсний ханш 400 ам.доллар/тонн-д (FOB нөхцөлтэй) хүрсэн нь шинэ дээд амжилт болов. Хятадын дотоодын зах зээлд ханш бүр 600 ам.доллар/тонн-ын шугамыг давсан юм. Өмнөх жилүүдийн тохиолдлоос харахад коксжих нүүрсний ханш оргил түвшнээс асар богино хугацаанд урууддаг байсан бол энэ удаад урт хугацаанд ханш дээгүүр хадгалагдах таамгийг McKinsey байгууллагаас дэвшүүлсэн байна. Учир нь, ногоон шилжилтийн нөлөөгөөр арилжааны банкууд коксжих нүүрсний уурхай болон холбогдох бизнест зээл олгох нь хумигдаж байгаа нь уг чиглэлд хөрөнгө оруулалтын урсгал татрах нөхцөл болохоор байна. Энэ үйл явц нь коксжих нүүрсний нийлүүлэлтийг хумигдмал байдалд шилжүүлж, ханш дээгүүр түвшинд хадгалагдах суурь болох ажээ. 

Коксжих нүүрсний ханшийн энэхүү өсөлт нь олборлогчдод эерэг нөлөөтэй ч гангийн үйлдвэрүүдэд амаргүй тусна. Ийм нөхцөлд гангийн салбарт өөр технологиуд руу хошуурах нөхцөл бүрдэж, өртгийн хувьд илүү өрсөлдөхүйц хувилбарыг эрэлхийлэх явцыг хурдасгахыг McKinsey сануулжээ. Тэгэхээр цаашид түүхий эдийн үнэ өндөр байвал ган бүтээгдэхүүний үнэ ч мөн адил өндөр байх дүр зурагтай байна. Дээр нь “ногоон” ган гэх ойлголтод хамаарах хүлэмжийн хийн ялгаруулалтгүй технологийн хөгжүүлэлтийн эрчим түргэсч таарах нь. Гэхдээ BHP тэргүүтэй компаниуд уламжлалт ган хайлах зуух (blast furnace) бүхий технологи нийт үйлдвэрлэлийн дийлэнхийг бүрдүүлсэн хэвээр байх тул ойрын 20-30 жилд коксжих нүүрс үнэ цэнээ алдахгүй гэж тайлбарладаг.
Ийнхүү судалгааны байгууллага McKinsey&Company коксжих нүүрсний ханш илүү дээгүүр түвшинд хадгалагдана гэж үзэж байгаа бол Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний газар цаашид үнэ тогтвортой буурна гэж үзжээ. Өнгөрсөн онд тус улсын сайн чанарын коксжих нүүрсний (FOB нөхцөлтэй) үнэ дунджаар 227 ам.доллар/тонн байсан бол 2023 онд 162 ам.доллар/тонн болж буурах таамгийг тус байгууллага дэвшүүлсэн байна. Гэхдээ 160 ам.долларын түвшин нь харьцангуй боломжийн үнэ болохыг тус байгууллага тэмдэглэжээ. Ийнхүү цаашид ханш тогтмол буурахаар байгаа нь томоохон тоглогчид болох Австрали, Монгол, АНУ, Канадын нийлүүлэлт нэмэгдэж зах зээлд эрэлт, нийлүүлэлт тэнцвэржихтэй холбоотой ажээ. Мөн Хятадын коксжих нүүрсний импорт 2022 онд нэмэгдэх боловч цар тахлын өмнөх түвшинд хүрэхгүй болов уу гэж тооцоолжээ. 

Хятадын коксжих нүүрсний импортын таамаг /сая тн/

    2020        2021        2022        2023
    
    73             55            62            65

 
Эх сурвалж: Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний газар


Австралийн коксжих нүүрсний ханш сүүлийн жилүүдэд


 

Газрын тосны ханш үргэлжлэн өсч болзошгүй

Газрын тосны ханшийн тухайд өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлээд тасралтгүй өссөөр баррель тутамдаа 90 ам.доллар руу ойртсоор байна. Ингэснээр нэгдүгээр сард Брэнт газрын тосны ханш сүүлийн долоон жилийн хугацаан дахь дээд түвшинд хүрлээ. Цар тахлын шинэ хувилбарын тархалт Европ, Ази болон Хойд Америкт хурдацтай тархаж байгаа ч газрын тосны эрэлтийн өсөлтөд төдийлөн нөлөөлөхгүй гэж нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК тайлбарлаж байна. 

Дэлхий нийтэд инфляц дээд түвшинд хүрээд буй энэ үед цаашид газрын тосны үнэ үргэлжлэн өсөх үү гэсэн асуулт урган гарч байна. Үүнд ОПЕК-ийн (гишүүн бус) хамтрагч орон болох Оман улсын Газрын тосны сайд зах зээл дэх ханшийг 100 ам.долларт хүрэхгүй болов уу гэж харж байна. ОПЕК болон түнш орнууд ийм өндөр ханшийг хүсэхгүй байгаа бөгөөд дэлхий нийт ч үүнд бэлэн биш гэж сарын эхээр тэрбээр мэдэгджээ. 

Шатахууны үнийн өсөлт улс орнуудад инфляцын “галыг өрдөж” буй энэ үед хэрэглэгч, үйлдвэрлэгч нар аль аль нь ханшийг тогтвортой хадгалахад анхаарч байна. АНУ, Хятад тэргүүтэй улс орнууд газрын тосны ханшийн өсөлтийг хазаарлахаар стратегийн нөөцөөсөө дотоодын хэрэглээнд гаргаж эхлэхээ зарласан. 

ОПЕК газрын тосны гарцаа сар бүр 400 мянган баррель/өдөр-өөр нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн ч амласан зорилтоо биелүүлж чадах эсэхэд шинжээчид эргэлзэх болсон. Учир нь, тус байгууллага өнгөрсөн 10-12 дугаар сард дараалан олборлолтын зорилтоо бүрэн гүйцэд биелүүлж чадаагүй юм. Ирэх хоёрдугаар сарын эхээр болох ОПЕК-ийн уулзалтаар олборлолтын түвшинг нэмэгдүүлэх хэмжээг мөн л 400 мянган баррель/өдөр-т барихаар тогтоно гэж шинжээчид таамаглаж байна. Үүний зэрэгцээ АНУ болон ОХУ-ын хооронд Украины асуудлаар хурцадмал байдал улам бүр даамжирч байгаа нь газрын тосны ханшийн төлөвт үнэ өсөх шалтгаан болж байна. Хэрэв ОХУ Европ руу байгалийн хий нийлүүлэхгүйд хүрвэл газрын тосны эрэлт улам бүр өсөх нь дамжиггүй. Эсвэл АНУ хойд хөршийн газрын тосны худалдаанд хориг тавибал зах зээлд нийлүүлэлт талд томоохон асуудал үүсгэнэ. Гэхдээ уг асуудалд ОХУ-ын зүгээс зөвхөн энхийг эрхэмлэх эсвэл дотоодын аюулгүй байдлаа хамгаалах байдлаар хандахаа үргэлж илэрхийлж байгаа юм. 

Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас “JPMorgan”, “Goldman Sachs”, болон “Morgan Stanley” энэ онд Брэнт газрын тосны ханш баррель тутамдаа 90-125 ам.долларт хүрнэ гэж тооцоолоод байгаа юм. Гэхдээ олонхи судалгааны байгууллагуудын дундаж таамгаар газрын тосны ханш энэ онд 70 гаруй ам.доллар/баррель-д тогтохоор байна. 

Гэхдээ цаашид хөгжингүй улс орнууд газрын тос, байгалийн хийн төслүүдэд нэмэлт санхүүжилт батлахгүй бол ханш урт хугацаандаа 90-100 ам.доллар/баррельд буюу харьцангуй өндөр тогтож болзошгүйг сануулж байгаа юм. 
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) энэ онд дэлхийн газрын тосны олборлолт дунджаар 101.41 сая баррель/өдөр байхаар байгаа нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 5.46 сая баррель/өдөр-өөр нэмэгдэхээр байгаа юм. ОПЕК дэлхийн газрын тосны хэрэглээ оны гуравдугаар улиралд эсвэл оны эцсээр цар тахлын өмнөх түвшинд хүрч өснө гэж үзэж байна. 

Алтны ханш үргэлжлэн буурна

Алтны хувьд энэ онд ханш өсөх магадлал харьцангуй бага байгаа юм. 2022 оны хувьд АНУ-ын Төв банк мөнгөний хатуу бодлого явуулахтай холбоотойгоор америк долларын ханш өсөх болов уу гэсэн хүлээлт үүссэн. Нөгөөтэйгүүр АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж дагаад өсөхтэй зэрэгцээд алтны сангуудаас хөрөнгөө татах байдал ажиглагдаж болзошгүй. Өнгөрсөн онд ч алт төдийлөн сайн үр дүнг үзүүлээгүй. 2021 онд цар тахлын дараах улс орнуудын эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн үр дүнд хөрөнгийн зах зээлд гайхалтай өсөлт ажиглагдсан. Энэ нь алт руу хошуурах хөрөнгө оруулагчдын идэвхийг бууруулсан байна. Энэ оны эхний хагаст унц алтны ханш 1800 ам.долларт хэлбэлзэх бол оны эцэс рүү илүү доошилж 1600 ам.доллар болох таамгийг ANZ банк өгч байна. Гэхдээ алтны ханшийн хувьд урьд нь 1300 ам.доллар/унц-ын түвшнийг харьцангуй боломжийн гэж үздэг байсныг энд санах нь зүйтэй. Дэлхийн банк тэргүүтэй зарим санхүүгийн байгууллага энэ онд алтны дундаж ханш 1500-1750 ам.доллар/унц-д хэлбэлзэнэ гэж үзэж байна. 


 
Алтны ханш буурах нь манайх шиг Төв банкны валютын нөөцийг алтаар өсгөдөг орны хувьд сайнгүй нөлөөтэй. 
Гэхдээ энэ онд хөрөнгийн зах зээлийн “хөөс” хагарах үзэгдэл явагдаж магадгүй гэсэн болгоомжлол шинжээчдийн  дунд байгаа юм. Хэрэв энэ үйл явц бодитоор өрнөх аваас алтны ханшийн одоогийн таамаг ихээхэн зөрж, үнэт металын үнэлгээ шинэ дээд амжилт тогтоож мэдэх юм. 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 59 мин
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.
  • Уржигдар 14 цаг 31 мин
    "Mongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.
  • Уржигдар 14 цаг 22 мин
    “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Одоогийн байдлаар үзсгэлэнд 150 гаруй бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчилахаар бүртгүүлээд байгаа бөгөөд олон улсын байгууллагууд өргөнөөр оролцож байна. Тухайлбал ОХУ, Канад, Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орнуудын байгууллагууд хүрэлцэн ирж оролцох юм.
  • 2022-08-01
    Хийх зүйл их байна, 120 насална” хэмээн профессор Содномын Цэдэндорж гуайн хэлсэн үг санаанд буув. Энэ бол мөрөөдлөөр жигүүрлэсэн, хийж бүтээх хүсэл тэмүүлэлээр дүүрэн хүний үг юм. Академич  П.Очирбат түүнийг нэгэнтээ “Их бүтээлч хүн” хэмээн тодорхойлсон нь бий. The Mongolian Mining Journal сэтгүүлийн “Зууны алдартан” булангийн энэ удаагийн хөргийн эзнээр эрдэмтэн С.Цэдэндорж гуайг нэрлэж, нийтлэлээ тэрлэж байна. Энэ жил Монгол Улсын гавьяат багш хэмээх төр, засгийн хүндтэй цол, тэмдэг хүртсэн түүний тухай ихийг өгүүлж болно. Гэхдээ энэ удаад Монголын уул уурхайн дээд боловсролын системд оруулсан хувь нэмэр, утга зохиол-яруу найргийн хэд хэдэн ном бүтээл тууривсан тухайг нь  тодотгон өгүүлэхийг зорилоо.  
  • 2022-07-29
    Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг БНХАУ-ын Ниншя ӨЗО, МҮХАҮТ хооронд Монгол, Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцжээ. Уг арга хэмжээний үеэр 11.8 тэрбум юанийн  “Монгол дахь Хятадын Ниншягийн худалдааны танхим” болон “Өлзий боомтын удирдлага, менежмент” ХХК хооронд “Нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, хадгалалтын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”, “Монголын Чөнжүнбао” ХХК болон Монгол Улсын Жүлө групп говь” ХХК хооронд “Тавантолгой-Өлзий боомт чиглэлийн 270 км хүнд даацын авто зам барих хамтын ажиллагааны төсөл”,