Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Австралийн эрчим хүчний нүүрсний үнэ 440 ам.доллар/тонн болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ

 

Австралийн Newcastle боомтоор худалдаалагддаг сайн чанарын эрчим хүчний нүүрсний ханш тонн тутамдаа 440 ам.доллар (2022.03.02) болж өсөөд байна. Ингэснээр өмнөх оны гуравдугаар сарын түвшнээс 357%-иар өссөн дүн боллоо.

Эх сурвалж: investing.com

Ийнхүү эрчим хүчний нүүрсний ханш өсч байгаа нь ОХУ, Украины хооронд үүсээд буй мөргөлдөөний улмаас эрчим хүчний хямрал даамжирч болзошгүй байгаатай холбоотой. ОХУ нь дэлхийн зах зээл дэх эрчим хүчний нүүрсний экспортын 17%-ийг эзэлдэг байна.

Герман улсын хувьд нүүрсний нөөцөө нэмэгдүүлэхээр хөдөлж эхэлсэн бол Италийн хувьд зарим зогсоосон байгаа уурхайнуудын үйл ажиллагааг сэргээх тухай авч үзэх болсон байна. Азийн улс орнууд мөн ОХУ-ын нүүрсийг орлуулах өөр шинэ нийлүүлэгчийг олоход ихээхэн хүндрэлтэй тулгарч эхэллээ.

Нүүрс олборлолт, экспортоор тэргүүлэгч Австрали, Индонезийн тухайд нийлүүлэлт нь тасалдах болсноор хөрөнгө оруулагчдын дунд нүүрсний ханш өсөх хүлээлт угаас бий болоод байсан юм.

Австралийн Засгийн газар дотоодын нүүрс олборлогч компаниудтай гадаад улс орнуудын худалдан авагчдыг холбож өгөх ажилд тусалж байгаагаа мэдээлжээ.

Түүхий эдийн үнэ тогтворжуулах бодлого эрчимтэй хэрэгжүүлж буй Хятадын хувьд Жэнжоу түүхий эдийн бирж дээр эрчим хүчний нүүрсний ханш нэг өдрийн дотор 4.75%-иар өсч тонн тутамдаа 957.8 юань болоод буй нь үнэ харьцангуй тогтвортой байгааг харуулна.

 

Б. Төгс