Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

2022 онд хөнгөн цагааны хомсдол нүүрлэнэ

Олон улсын эрдэс баялгын шинжээчид хөнгөн цагаан үйлдвэрлэлийн дэлхийн хоёр дахь том компани болох “UC Rusal”-ын удирдлагатай уулзалт хийжээ. Тэдний таамаглаж байгаагаар 2022 онд эрэлтээс шалтгаалсан хөнгөн цагааны хомсдол 1.6-1.7 сая тонн хүрэх ажээ. Энэ байдал хөнгөн цагааны үнэ цаашид үргэлжлэн өсөхөд хүргэх магадлалтай гэж Forbes-т мэдээлсэн байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд хөнгөн цагааны үнэ 24%-иар өсч, нэг тонн нь 3000 гаруй ам.долларт хүрч, сүүлийн арван жилийн дээд хэмжээндээ хүрсэн юм.

Шинжээчдийн таамаглаж буйгаар, хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Хятадын нийт үйлдвэрлэл 2022 онд 40.3-40.4 сая тонн болж өсөх хэдий ч өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа эрэлтээс шалтгаалан хомсдол үүснэ. 2021 оны аравдугаар сард “UC Rusal”-ын орлогч дарга Роман Андрюшин, дэлхийн зах зээлд эрэлт нийлүүлэлтийн тэнцлээс шалтгаалсан хөнгөн цагааны хомсдол 1.5 сая тонн болно гэж мэдэгдэж байсан юм. Дэлхийн хөнгөн цагааны хамгийн том үйлдвэрлэгч төдийгүй худалдан авагч Хятад улс энэ металлыг 2022 онд их хэмжээгээр худалдаж авах нь хэвээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр нэмж хэлжээ.

Хөнгөн цагааныг бокситын хүдрээс ялгаж авдаг бөгөөд зэвэрдэггүй, бусад металтай харьцуулахад хөнгөн, цахилгаан, дулааныг ман сайн дамжуулагч болдог. Тиймээс хөнгөн цагаан болон хайлшийг нь пуужин, нисэх онгоц, тээвэр, цахилгаан дамжуулах болон барилгын үйлдвэрлэлд өргөн ашигладаг юм.

Р.Ренчин