Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох Их Британийн “ВР” өнгөрсөн 2021 онд 12.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан талаар “CNBC” мэдээлэв. Энэ нь сүүлийн найман жилийн дээд үзүүлэлт бөгөөд олон улсад нүүрлэсэн эрчим хүчний хямрал үүнд нөлөөлсөн хэмээн шинжээчид онцолжээ. Тус компанийн ашгийн гол үзүүлэлт 2021 оны дөрөвдүгээр улиралд газрын тос, байгалийн хийн үнийн өсөлтөөс шалтгаалж өссөн байна. Тодруулбал, ОХУ, Норвеги улсаас нийлүүлэх хэмжээ багассан, мөн эрчим хүчний эрэлт их байсантай холбоотой ажээ.
Нефть, байгалийн хийн үнэ өсөхтэй зэрэгцэн “BP” компани өнгөрсөн онд 1.7 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авсан байна. Энэ оны эхний улиралд 1.5 тэрбум ам.доллар хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаар төлөвлөжээ. Тэд нэгж хувьцаанд 5.46 ам.долларын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ өгсөн бөгөөд жилийн дотор хөрөнгө оруулалт 59%-иар өсч, 80.11 тэрбум ам.доллар болжээ.
Их Британийн газрын тос үйлдвэрлэлийн өөр нэг компани болох “Shell” мөн 2022 оны эхний хагаст 8.5 тэрбум долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа. Тус компани жилийн өмнө 3.5 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авсан юм.
“Goldman Sachs”-ийн шинжээчид цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй холбоотой эрэлт хэрэгцээ, ОПЕК-ийн зарим орнуудын олборлолтын бууралт, Хятадын аж үйлдвэрийн идэвхжил зэргээс шалтгаалж нефтийн үнэ энэ жил баррель нь 100 ам.доллараас давж өснө хэмээн таамаглаж байна.
Р.Ренчин