Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалт явуулж эхэллээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/11 тоот тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.
Шалгалт өчигдөр /2022.2.7/ эхэлсэн бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтэй байгаа иргэд monitoring@mmhi.gov.mn цахим хаягаар болон албан бичгээр гомдлоо илгээж болох ажээ.
Мөн 51-264013 дугаарын утсаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Жадамбад санал хүсэлтээ өгч болох юм байна. Түүнчлэн санал, хүсэлт нь холбоо барих дугаар, мэдээлэлтэй байх шаардлагатай аж.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилсон билээ. Тэрбээр уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/, ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку их сургуулийг төгссөн нэгэн юм.
Р.Ренчин