Нүүрс тээврийн компаниуд болон жолооч нар туйлдаж байгааг сануулав

2022-01-13

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэр хийдэг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл өнөөдөр (2022.01.13) Хилийн боомтын зөвлөлд шаардлага хүргүүлж буйг мэдэгдлээ.

Цагаанхадны суурьшлын бүсэд 30 - 180 хоног тээвэр хийж чадалгүй хүлээлтийн байдалд ажил орлогогүй сул зогсож байгаа жолооч нарт сар шинийн баяраас өмнө боломж олгох шаардлагыг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.

Хагас жилийн өмнө Цагаанхадыг ногоон бүс болгосон. Ингэхдээ өнгөрсөн оны зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 20-ныг хүртэл Цагаанхад боомтыг түр хааж, дахин “Ногоон бүс” болгон Бөмбөлөг буюу битүүмжилсэн тээврийн баг үүсгэх хэлбэрээр тээвэрлэлтийг зохион байгуулах болсон. Ингээд сарын дотор 6000 жолооч татан авчирч, одоо үүнээс 4600 орчим жолоочийг бөмбөлгийн зохицуулалтад оруулжээ. Жолооч нарыг ерөнхийдөө Монгол гэрт цахилгаангүй, цэвэр усгүй нөхцөлд байрлуулж байгаа нь хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Гэвч тээвэрчдийг байрлуулах зардал өдөртөө 100-120 мянган төгрөгөөр хэмжигддэг. Энэ зардлыг нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүд хариуцаж байна.

Одоогоор Гашуунсухайт боомтоор өдөрт 100 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа нь жолооч нар нэг рейс хийхийн тулд илүү удаан хугацаанд дугаарлах нөхцөлийг үүсгэжээ.  Дугаарласны эцэст хуваарийн дагуу рейс хийх болоход “бөмбөлөг дэлбэрэх” буюу багийн аль нэг гишүүний PCR шинжилгээний хариу эерэг гарч бусад нь бүгд тээвэрлэлт хийх боломжгүй болдог. Ингэснээр хэдэн сараар сунжирсан хүлээлт үүсдэг байна. Гэвч шинжилгээг давтан хийх үед тухайн эерэг гарсан тохиолдол нь  сөрөг гарах нь элбэг байдаг ажээ.

Уг асуудлыг нягтлуулахаар Хилийн боомтын зөвлөлд хандахад тэд төрийн бусад холбогдох байгууллагууд руу бултуулдаг байна. Гэвч үнэндээ экспортын тээвэр гацах нөхцөлийг Цагаанхадад очоод ажиллаж буй ашиг сонирхлын зөрчилтэй төрийн албан хаагч нар болон төрийн удирдлагууд хийж байна. Бөмбөлгийг хэзээ тээвэрт гараад хаашаа явахыг шийдвэрлэдэг субьект бол Хилийн боомтын зөвлөл болохыг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл учирлалаа.

Нүүрс тээврийн компаниуд тээвэрлэлт хийлгүй хүлээлтийн байдалд шилжсэнээр бүдүүн тойм тооцоогоор өдөрт 640 сая, сард 18 тэрбум төгрөгийн үргүй зардал гаргаж байгаа ажээ. Уг нь нэг удаа рейс хийхэд тухайн компанид нэг машинаас 20 сая төгрөгийн ашиг оногдож, тээврийн жолоочид 8 сая төгрөгийн цалин олгогддог байна. Энэ нь мөнгөн дүнгийн хувьд бага тоо биш бөгөөд хилийн таталтыг шийдвэрлэдэг төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын ойрын болон өөрсдийн компаниуд тээвэрлэлтэд байгаа нь ашиг сонирхлын зөрчил бий болгожээ. Өөрөөр хэлбэл зургаан сар тээвэрлэлтгүй хоосон зогсож буй бөмбөлөг байхад сард 3-4 удаа рейс хийж буй бөмбөлөг ч бий ажээ.

Үүссэн нөхцөл байдлыг шийдэхийн тулд Цагаан сар хүртэлх хоёр долоо хоногийн хугацаанд өмнө нь олон удаагийн рейс хийсэн жолооч нарыг гэрт нь буцаагаад тээвэрлэлт огт хийгээгүй жолооч нарт боломж олгох хувилбарыг санал болгож байна. Уг ажлыг Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан Гашуунсухайт боомтод биечлэн ирж газар дээр нь шийдвэрлэж өгөх хүсэлтийг тээвэрчид, тэдний ар гэрийнхний зүгээс илэрхийллээ.

Хилийн боомтын зөвлөлд хүргүүлсэн шаардлагын нөхцөлүүдэд ийн заасан байна. Үүнд:

Нэгт, 60/90 ба 120 хоногоор бөмбөлөгт орж чадаагүй тээвэрчдийн судалгааг жагсаалтаар гаргаж өгөх. Хоёрдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд багтаж нэг рейс хийлгэж цалин орлоготой болгох зохицуулалт гаргах, үүний хэрэгжилтийг хангаж өгөх.

Хоёрт, Ажлын хэсэг нэг ч рейс хийгээгүй компаниудын тээвэрчдийг суларсан бөмбөлөгт шилжүүлж, шинжилгээний хуваарьт оруулж тээвэрт хамруулж компаниудыг үргүй зардлаа нөхөх, Сар шинийн баяраар тээвэрчдийг цалин орлоготой ар гэртээ буцах зохицуулалтыг шуурхай журмаар зохион байгуулах.

Гуравт, Цагаан сарын баярын дараа Бээжингийн Өвлийн олимп хоёрдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Залгуулаад Хятадын Коммунист намын хурал зарлагдаад байна. Цар тахлын тархалт нэмэгдсэн нь хилийн таталтыг улам бүр хатуу хязгаарлалтад оруулахаар байгааг төр засгийн зүгээс мэдэгдээд буй тул тодорхой хугацаанд тээвэрчдийг тээвэр хийсэн байдлаар шат дараалан гэрт нь хариулах арга хэмжээг даруй эхлүүлэх.  Ирэх гуравдугаар сараас Ногоон бүст тээврийн шинэ бүтэц зохион байгуулалтыг хийх санал журмыг Хятадын талын нөхцөл байдлын судалгаанд үндэслэн тээврийн компаниуд ТББ, тээвэрчдийн санал судалгаанд суурилан шинээр гаргах.

Дөрөвт, хагас жилийн турш тусгаарлах байраар дамжиж бөмбөлөгт орсон тээвэрчдийг цахим бүртгэлд хамруулж гэрчилгээ олгох, дөрөвдүгээр сараас хилийн таталт нэмэгдэхэд буцаан тээвэрт оруулж өгөх.

Тавд, эдгээр ажлыг Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан Гашуунсухайт боомтод биечлэн ирж ажиллаж боомтын дарга нарт үүрэг даалгавар өгч хэрэгжүүлэх ёстой гэж тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл мэдэгдлээ. 

Хэрэв шаардлагын хариуг өгөхгүй бол маргаашнаас эхлээд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж Сангийн яамны өмнө суулт зарлахыг анхаарууллаа.

 

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 56 мин
    Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлнэ. Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд томсгосон тооцоогоор нийт 825.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас эхний ээлжид 245.3 тэрбум төгрөг зарцуулахаар байна. “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Ханбогд сумын хөгжилд зориулан компанийн зүгээс 50.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн.
  • Уржигдар 12 цаг 12 мин
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа. Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт (2022.05.25) хэвийн ажиллаж эхэлсэн. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экпортолно. Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая тонн нүүрс хуримтлагджээ.
  • 2022-05-26
    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг энэ намар багтааж бүрэн ашиглалтад оруулна. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно. Гашуунсухайт боомтоор энэ нэгдүгээр сард зэсийн баяжмал, нүүрсний экспортын 120 машин өдөрт нэвтэрдэг байсан бол энэ сарын байдлаар өдөрт 398 машин нэвтэрч байна. Хэрэв бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэнэ.
  • 2022-05-26
    Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус суманд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв.
  • 2022-05-25
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.