Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт XII сард 541 мянган тонн болж буурав

Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар болж өнгөрсөн 2020 оноос 25%-иар дээшилсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 9.25 тэрбум орчим ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.85 тэрбум ам.доллар болжээ. Өөрөөр хэлбэл экспортын хэмжээ 2021 онд өмнөх оныхоосоо 22.1%-иар, импорт 29.2%-иар тус тус өссөн байна.

Харин эрдсийн экспортын хувьд зэсийн баяжмалын экспорт орлогын дүнгээр хошуучилсан байна. Тодруулбал 2021 оны хэмжээнд нийтдээ 1.28 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 2.9 тэрбум орчим ам.долларын орлого олжээ. Энэ нь 2020 оны дүнтэй харьцуулахад жингээр 8.1%-иар буурсан ч орлогын дүнгээр 63.1%-иар буюу 1.12 тэрбум ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Цэвэр зэсийн экспорт өнгөрсөн онд 9.85 мянган тоннд хүрч, үнийн дүн нь 88.5 сая ам.долларт хүрснээр орлогын өсөлт 49.3%-иар хэмжигдлээ.

Нүүрсний экспортын тухайд 2021 онд манай улс нийтдээ 15.7 сая тонн нүүрс экспортоллоо. Энэ нь жингийн хувьд 2020 оныхоос 45%-иар буурсан боловч орлогын дүн нь 30%-иар өсч 2.76 тэрбум ам.доллартай тэнцжээ. Сарын дүнгээр авч үзвэл манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн арванхоёрдугаар сард ердөө 541 мянган тонноор хэмжигдсэн нь өмнөх сарынхаасаа даруй 68%-иар буурсан дүнтэй гарлаа.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар 

Төмрийн хүдрийн тухайд өнгөрсөн онд нийтдээ 7.1 сая тонн бүтээгдэхүүн экспортолж 950 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь жингээр өмнөх 2020 оныхоос 13.4%-иар буурсан хэрэг боловч орлогын дүнгээр даруй 50%-иар дээшиллээ.

2021 онд экспортын орлогын хамгийн их өсөлтийг харуулсан түүхий эдээр газрын тос, молибденийн баяжмал тодорч байна.

Харин хар тугалга, жонш, алтны экспортын орлого бууралттай гарлаа.

Өнгөрсөн оны хэмжээнд эрдсийн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ дийлэнхийнх нь хувьд буурсан боловч эрдсийн зах зээлийн ханшийн өсөлтөөр орлогын дүн нь огцом өссөн үр дүнг харууллаа.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

 

Б. Төгс

Сэтгэгдэл (1)