Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Las Bambas зэсийн уурхайн олборлолтыг сэргээнэ

Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг болох Las Bambas-ын олборлолтыг орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас арванхоёрдугаар сарын 18-нд зогсоосон билээ. Тэгвэл компани болон орон нутгийн иргэд зөвшилцөлд хүрснээр уурхайн олборлолтыг эргэн сэргээх болсон тухай уурхайн төслийг хэрэгжүүлэгч “MMG компанийн төлөөлөл мэдэгдсэн (2021.12.30) байна. Олборлолтыг сэргээхэд 5-6 хоног шаардлагатай ажээ.

Орон нутгийн иргэдийн хувьд уурхайн төслөөс ашиг хүртээхийг шаардаж арваннэгдүгээр сарын 20-ноос хойш нэг сар гаруйн хугацаанд тээвэрлэлтийн гол замыг хааснаар эцэстээ олборлолтыг зогсоохоос өөр аргагүйд хүрсэн юм. Гол шаардлага нь орон нутгийн иргэдийг Las Bambas уурхайд (жолоочоор) авч ажиллуулах төдийгүй мөнгөн туслалцаа үзүүлэх зэрэг багтаж байна. Эдгээр асуудлыг энэ сарын дундуур авч хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл талууд цаашид үргэлжлүүлэн хэлэлцээ хийх бөгөөд орон нутгийн иргэд зам хаахгүй болохоо илэрхийлсэн байна.

Зөвшилцөлд хүрэхэд бүх талаас ихээхэн хүчин чармайлт шаардсан. Тус улсын Ерөнхий сайд, хатагтай Мирта Васкес орон нутгийн иргэд болон уурхайн компанийн удирдлагатай уурхай дээр очиж уулзжээ.

Энэхүү томоохон зэсийн уурхайн олборлолт үргэлжлэх тухай мэдээ нь зах зээлийн нийлүүлэлт талаасаа сайн нөлөөтэй.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дунд үеийн байдлаар зэсийн ханш 9300 ам.доллар/тонн-оос доош орсон байсан ч сарын хоёрдугаар хагаст өсөх хандлагатай болж ирсэн. Лондоны металын бирж дээр арванхоёрдугаар сарын хамгийн сүүлийн өдрийн худалдаагаар зэсийн ханш 9692 ам.доллар/тонн болж хаагджээ. 

Б. Төгс