Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт арванхоёрдугаар сар гарсаар огцом буурав

Манай улсын гадаад худалдааны нийт эргэлт он гарсаар арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар 15.5 тэрбум америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.5%-иар өсчээ. Энэ дотроо экспорт 9 тэрбум ам.доллар, импорт 6.5 тэрбум ам.долларыг тус тус эзэлжээ. Тодруулбал экспорт 23.5%, импорт 28.3%-иар тус тус өссөн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Улсын нийт экспортод дийлэнхийг бүрдүүлдэг эрдсийн экспортыг зэс хошуучилсан хэвээр байна. Зэсийн баяжмалын экспорт он гарсаар буюу арванхоёрдугаар сарын дунд үеийн байдлаар 1.26 сая тоннд хүрч, орлогын дүн нь 2.84 тэрбум ам.доллартай тэнцжээ. Энэ нь жингийн хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.1%-иар буурсан хэрэг боловч орлогын дүнгээр 71.6% буюу 1.2 тэрбум ам.доллараар өссөн гэсэн үг. Цэвэр зэсийн экспорт мөн хугацаанд 9.7 мянган тоннд хүрч 41%-иар өссөн бол орлогын дүн нь 125%-иар нэмэгдэж 87 сая ам.долларт хүрчээ.

Нүүрсний экспорт арванхоёрдугаар сарын дунд үеийн байдлаар 15.5 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 44%-иар буурсан дүнтэй гарч байна. Гэхдээ орлогын дүн нь 32.3%-иар өсч 2.7 тэрбум ам.доллартай тэнцлээ. Хугацааны хувьд хагас сараар задалж авч үзвэл арванхоёрдугаар сарын эхний хагаст манай улс нийтдээ 304 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхний хагасын үзүүлэлттэй (784.5 мян.тн) харьцуулахад 60%-иар буурсан дүн болж байна.

Эх сурвалж: ГЕГ, ҮСХ

Гэхдээ нүүрсний хувьд хамгийн муу үзүүлэлттэй эрдэс биш гэж хэлж болно. Бусад эрдсийн экспортын үзүүлэлт арванхоёрдугаар сар гарсаар амаргүй нөхцөл байдалтай тулгарчээ. Тухайлбал зэсийн баяжмалын экспорт энэ сарын эхний хагаст ердөө 3.9 мянган тонноор хэмжигджээ. Энэ нь өмнөх сарынхаа эхний хагастай харьцуулахад 90 гаруй хувиар доошилсон гэсэн үг.

Төмрийн хүдрийн экспорт ч мөн энэ сарын эхний хагаст үлэмж буурч ердөө 11 мянган тонныг экспортолсон тухай дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ. Энэ нь сарын өмнөхөөсөө 96%-иар буурсан гэсэн үг.

Цайр, газрын тосны экспортын тухайд энэ сарын эхний 15 хоногт ямар нэг борлуулалт хийгээгүй байна. Жоншны экспорт ч хагас сарын дүнгээр мэдэгдэхүйц буурчээ.

Энэ онд эрдэс түүхий эдийн ханш нэлээд өсөлттэй байгаа нь зэс, нүүрсний экспортын орлогын өсөлтөөс мэдэгдэхүйц ажиглагдаж байгаа юм. Гэвч хил гаалийн асуудлаас болж манай улс боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна.

Ийнхүү голлох эрдсийн экспорт энэ сарын эхний 15 хоногт тун базаахгүй түвшинд байгаа бол цэвэр зэс, молибденийн баяжмалын экспортын биет хэмжээ огцом өсөлттэй гарчээ.

Өөрөөр хэлбэл хагас сараар авч үзвэл, арванхоёрдугаар сарын эхний 15 хоногт манай улсын нийт экспорт ердөө 149.5 сая ам.доллараар илэрхийлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 269 сая ам.доллар буюу 64.2%-иар буурчээ. Харин импортын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 69%-иар дээшилж 347.9 сая ам.долларт хүрчээ. Ингэснээр манай улсын гадаад худалдаа арванхоёрдугаар сарын эхний хагаст 198 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.

Эх сурвалж: ҮСХ

 

 

 

 

 

 

Б. Төгс