Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн шинэ дарга томилогдлоо

“Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байсан Томпсон нь “залгамжлагч олдвол албан тушаалаасаа огцорно” гэдгээ энэ оны эхээр мэдэгдсэн билээ. Түүний залгамжлагч тодорч “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргаар Доминик Бартоныг /2021.12.20/ томиллоо. Шинээр томилогдсон Бартон 2022 оны дөрөвдүгээр сард тус компанийн ТУЗ-д орж, тавдугаар сарын 5-нд болох “Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар одоогийн дарга Саймон Томпсоныг орлож, улмаар даргын үүргийг гүйцэтгэх ажээ.

Шинээр томилогдоод буй Доминик Бартон нь Уганда гаралтай Канад иргэн бөгөөд “McKinsey & Company”-нд 30 гаруй жил ажилласан нэгэн аж. Харин 2019 оноос хойш Канад улсаас Хятадад суух Элчин сайдаар ажиллаж байгаа юм. Үүнээс өмнө тэрбээр “Teck Resources” гэх уул уурхайн компанийн даргаар нэг жил ажилласан байна. Мөн Бартон нь банк санхүү, эдийн засаг, технологи, үйлдвэрлэл зэрэг олон салбарт зөвлөгөө өгдөг, геополитик, компанийн тогтвортой байдлын талаар өргөн мэдлэгтэй, бизнесийн талаар арвин туршлагатай нэгэн ажээ.

"Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм шинээр томилогдсон захирлын талаар хэлэхдээ “Би Доминиктэй хамтран "Рио Тинто"-гийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно. Ялангуяа түүний бизнесийн болон дипломат харилцааны арвин туршлагад тулгуурлан хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэсэн юм.

Харин Доминик энэ томилгоог товчхондоо "нэр төрийн хэрэг" гэж тодорхойлсон юм. Тэрбээр “Хувийн хэвшилд эргэн ирж, өөрчлөгдөж буй өрсөлдөөнт орчинд, дэлхийн түвшний хүмүүстэй ажиллах болсондоо баяртай байна. Би компанийн Удирдах зөвлөлтэй хамтран нүүрстөрөгчийг саармагжуулах асуудлыг бизнесийн гол цөмөө болгож, компанийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллаж буй бүс нутгуудад итгэлцэл бий болгож, тогтвортой байлгах бодлого хэрэгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэлээ. 

Эх сурвалж: Mining-journal.com