Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Эрчим хүчний зах зээл дэх оролцоогоо ОХУ тэлэх сонирхолтой

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалаар өндөрлөж байна. Заяагдсан хоёр хөршийнхөө нэгэнтэй тэгш ойн арга хэмжээгээ төрийн тэргүүний айлчлалаар өндөрлөсөн нь Монголын хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Хоёр улсын төрийн тэргүүн өчигдөр /2021.12.16/ Москва хотноо ганцаарчлан уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцон Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглалыг гаргалаа.

Ганцаарчилсан уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлээс харахад Монголын талаас хамтын ажиллагааны илүү өргөн цар хүрээтэй, төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах саналыг тавьснаа илэрхийлсэн бол Оросын зүгээс эдийн засгийн уламжлалт харилцаагаа, ялангуяа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа тэлэх байр суурийг баримталжээ. Цөмийн энергийн чиглэлээр хамтран ажиллах санал санаачилга явагдаж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Олон жил яригдаж байгаа Эгийн голын УЦС байгуулах асуудал цаасан дээр хэвээрээ үлдэхээр болж байх шиг байна. Байгаль нуурын экосистемийг хамгаалах талаар хамтран ажиллахаар тохиролцсоныг Путин хэлсэн үгэндээ онцолсон байна.

Хоёр Ерөнхийлөгчийн мэдэгдлийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөндсөн хэсгийг дор сийрүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

“Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг далайцтай нэмэгдүүлж, шинэ шатанд гаргах шаардлагатай гэж бид санал нэгтэй үзэж байна. Айлчлалын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын томоохон төслүүдэд Оросын талыг идэвхтэй хамтран ажиллахыг урьж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал илэрхийллээ. Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын хил дамнасан хамтын ажиллагааны бүс байгуулах талаар харилцан санал солилцлоо.

Талууд 2016 онд байгуулсан Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих 3 улсын хамтарсан төслийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байна.

Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, “Транзит Монгол” болох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам, эрчим хүчний шинэ коридор бий болгох талаар идэвхтэй хамтран ажиллахаар санал солилцлоо”.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:

“Оросын Холбооны Улс нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна.

Ойрын долоо хоногт Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно. Ажил амжилттай урагшилж байгаа. Энэхүү хоолой нь Оросын “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох боломжтой. Хамгийн оновчтой чиглэл, урт болон бусад үзүүлэлтийг нь тодорхойлоод байна.

Эрчим хүчний салбарт хоёр улс хамтын ажиллагааны хангалттай туршлага хуримтлуулаад байна.  Өнгөрсөн онд Оросын “РОТЕК”, “Уральский турбинный завод” компани Монголын ТЭЦ4 станцын өргөтгөлийг амжилттай хийж дуусгалаа. Ингэснээр Монголын үндэсний эрчим хүчний сүлжээний хүчин чадлыг 15%-иар нэмэгдүүллээ. Мөн ТЭЦ3 станцын хүчин чадлыг өргөтгөх ажил одоо яригдаж байна.

Цөмийн энергийн чиглэлд хамтрах боломж нээгдэж байна. “РосАтом” компанийн шугамаар Улаанбаатар хотод Цөмийн эрчим хүчний эрдэм шинжилгээний төв байгуулах боломжийг судалж байгаа бөгөөд энэ төв цөмийн энергийг Монголын эдийн засгийн төрөл бүрийн салбарт энхийн зорилгоор ашиглах асуудлыг судлах юм. Эдгээр нь эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарууд байх юм.

Орос, Монгол хоёр улс байгаль хамгаалах чиглэлээр цаашид ч хамтран ажиллах талаар өнөөдөр ярилцлаа. Байгалийн өвөрмөц Байгаль нуурын экосистемийг хамгаалах зорилгоор хил дамнасан урсдаг Сэлэнгэ, Улз голыг хамгаалахад хамтран ажиллана”.

МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

Монгол Улс, Оросын Холбооны Улс (цаашид Талууд гэх),

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва хотноо 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Оросын харилцааны түүхэн ач холбогдол, өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар өргөн хүрээнд санал солилцсон үр дүнг харгалзан,

-улс хоорондын харилцааны түүхэн дэх Монгол, Оросын ард түмний зуун жилийн найрамдал, сайн хөршийн харилцааны онцлог шинж чанарыг тэмдэглэн,

-Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хамтын тэмцэл, Ардын хувьсгал, Халх голын байлдаан болон Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд бэхэжсэн ахан дүүсийн дайчин нөхөрлөл, харилцан тусламж үзүүлж ирсэн гэгээн сайхан уламжлалыг үндэс болгон,

-хоёр талын нягт хамтын ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэх үндэс суурь болсныг тэмдэглэн,

 -түүх, соёл, зан заншлаа харилцан хүндэтгэж, хоёр ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн,

-бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэн,

-батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг эрмэлзэн,

 -худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг, байгаль орчныг хамгаалах салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр талын шугамаар болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд өргөжүүлэхийг зорин,

-бүс нутгийн болон дэлхий нийтийн гол асуудлуудаар ижил буюу төстэй байр суурьтай байдгаа үндэслэн,

-хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хугацаагүйгээр хөгжүүлж, дараагийн зуунд хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийг зорин дараах зүйлсийг тунхаглаж байна:

Улаанбаатар хотноо 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ” нь хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гарган хугацаагүй хэрэгжихийг баталгаажуулсан бөгөөд Монгол, Оросын хамтын ажиллагааг уламжлалт найрамдал, итгэлцэл, сайн хөршийн харилцаа, төрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмуудын дагуу цаашид хөгжүүлэх бат бөх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлснийг Талууд онцлон тэмдэглэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн нь хоёр орон, ард түмний найрамдал, сайн хөршийн харилцаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, энэхүү гэгээн сайхан уламжлалыг үеэс үед дамжуулах Монгол, Оросын харилцааны цаашдын хөгжлийн эрх ашигт нийцсэн олон нийтийн дэмжлэгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан ажил болсныг Талууд тэмдэглэв.

Талууд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх 2016 оны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, шинэ хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлагыг судлах нь зүйтэй гэж үзэв.

Талууд хоёр талын улс төрийн байнгын хэлхээ холбоо, ялангуяа өндөр, дээд түвшний харилцааг тогтмол хадгалах нь хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв.

Талууд Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, парламент хоорондын харилцааны механизмуудыг хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцоход идэвхтэй ашиглахад бэлэн байгаагаа нотлов.

Талууд цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн болохыг тэмдэглэж, цэрэг-техникийн туслалцаа үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, түүнчлэн цэргийн төлөөлөгчдийн солилцоо, хамтарсан сургуулилт, соёл, спорт, хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулах замаар батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

Талууд Халх голын байлдаан, Аугаа их Эх орны дайн болон Дэлхийн хоёрдугаар дайнд байгуулсан ялалтад зориулсан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, эдгээр үйл явдлыг судлах, дурсгалыг нь мөнхжүүлэх санаачилгуудыг дэмжиж, түүхийг гуйвуулах, нацизмыг алдаршуулах явдал гаргахгүй байх арга хэмжээ авна.

Талууд терроризм, хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх, зэвсэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн бэлдэц, түүхий эдийг хууль бус эргэлтэд оруулах, эдийн засаг, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх болон олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ үүднээс Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Талууд түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор банк, санхүүгийн байгууллага хоорондын яриа хэлэлцээг урагшлуулах, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс, түүний дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байна.

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.

Талууд “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол” байгуулсныг сайшааж, боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.

Монгол, Оросын хилийг шалгах ээлжит ажлыг хэрэгжүүлэх хоёр талын хамтарсан комисс байгуулагдаж, тус комисс нь ажлаа 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж буйг Талууд сайшааж байна.

Талууд онцгой байдал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах, тэр дундаа хамтарсан сургуулилт хийх, тулгамдсан чухал асуудлуудаар мэдээлэл, туршлага харилцан солилцох, мэргэжилтнүүдийг бэлтгэх замаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ.

Талууд Улаанбаатар хотноо 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т үндэслэн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлнэ.

Талууд хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, замын шинэчлэлийг цаашид хийх, түүнд суурилж хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус нийгэмлэгт бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.

Талууд Оросын Холбооны Улсын үл хөдлөх хөрөнгийн өмчийн эрхийг хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт газар ашиглах Оросын Холбооны Улсын эрхийг шинэчлэн бүртгэх үйл явцыг аль болох хурдан хугацаанд дуусгахын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах болно.

Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, харилцан хүндэтгэх үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарч ажиллахыг эрмэлзэнэ.

Талууд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэхийг зорьж, Монголын боловсон хүчнийг ОХУ-д сургах, орос хэлний сургалтыг Монгол Улсад өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад орос судлал, ОХУ-д монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Талууд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах, инновацыг хөгжүүлэх зорилгоор эрдэмтэн, мэргэжилтэн, оюутан харилцан солилцох зэргээр шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Талууд нийгэм, соёлын сэдэвчилсэн арга хэмжээ, концерт, үзэсгэлэн, уран бүтээлийн уулзалт зохион байгуулах замаар хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэнэ.

Талууд хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөрүүдийн өгөөж боломжийг нэмэгдүүлнэ.

Талууд эрүүл мэнд, нийгмийн болон хүмүүнлэгийн салбарын, түүний дотор хоёр улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, байгалийн голомтот болон бусад халдварт өвчинтэй тэмцэх, анагаах ухааныг хөгжүүлэх, эрүүл мэнд, эм зүйн салбарын мэргэжилтэн сургах, давтан сургах чиглэлээр туршлага солилцоход чиглэсэн хэлхээ холбоог улам бэхжүүлнэ.

Талууд шинэ төрлийн коронавируст (COVID-19) халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр орны тээврийн харилцааг сэргээхэд шаардлагатай хүчин чармайлт гаргаж, цар тахал дууссаны дараа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг аль болох түргэн, бүрэн сэргээх боломжийг эрэлхийлж ажиллана.

Талууд 2015 онд байгуулсан “Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал” болон 2016 онд байгуулсан “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Монгол, Орос, Хятадын энэхүү ирээдүйтэй гурван талт цогц хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх үүднээс идэвхжүүлнэ.

Талууд Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд Монгол, Оросын газар зүйн ашигтай байршлын давуу байдлаа бүрэн дүүрэн ашиглахын тулд энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхлоо нотлов.

Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ.

Талууд дэлхийн болон бүс нутгийн олон асуудлаар хандлага ойролцоо байдгийг тэмдэглэж, олон улсын байгууллага болон бүс нутгийн тавцан дахь хоёр талын хамтын ажиллагааны түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Талууд гадаад бодлогын уялдааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох зорилгоор тогтмол хийдэг хоёр талын зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлнэ.

Талууд олон улс болон бүс нутгийн үйл хэргийн хүрээнд нөгөө Талын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хохирол учруулахуйц алхам хийхгүй гэдгээ нотлов.

Талууд Нэгдсэн үндэстний байгууллага, Ази-Европын уулзалт (АСЕМ), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ), АСЕАН-ы Бүс нутгийн чуулга (АРФ), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.

Монголын тал Их Евразийн түншлэл байгуулах санаачилгыг дэмждэгээ илэрхийлэв.

Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа, түүний дотор эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд дахь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааны ажлын хэсгийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр

Москва хот

Жич: Энэхүү айлчлалын статусыг тодотгох зөв юм. Монгол талын албан мэдээнд энэ айлчлалыг “албан ёсны” хэмээн тодотгож байсан ч ОХУ талын албан эх сурвалжуудад ажлын айлчлал гэдгийг тодотгож байсныг дурдах хэрэгтэй. Тусгаар улсуудын хоорондын дипломат харилцаанд төрийн тэргүүний айлчлал онцгой үүрэгтэй бөгөөд айлчлалыг төрийн, албан, ажлын, дайран өнгөрөх, албан бус зэргээр ангилдаг бөгөөд эдгээр тодорхойлолтоос хамааран айлчлалаар ярилцах сэдвийн хүрээ, дагалдан гарах баримт бичиг, дагалдан явах төлөөлөгчдийн тоо, угтан авах ёслолын цар хүрээ, хөтөлбөр хамаардаг.

 Д.НАРАНТУЯА