Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн технологийн парк байгуулахад ОХУ-аас туршлага судална

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов, ОХУ-ын “Роснефть” компанийн Худалдаа, ложистик хариуцсан дэд ерөнхийлөгч О.К.Каримов, Росгеологи” ХК, “Зарубежгеологи” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, шатахууны тогтвортой нийлүүлэлт, тэсрэх бодисын хангамжийн асуудал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажилд хамтарсан судалгааны ажил хийх, туршлага судлах асуудлаар санал солилцлоо.

Манай улсын хувьд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар ажиллаж байгаа ба төслийн хүрээнд зэсийн баяжмалыг хайлах, цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанаас ялгаран гарах хүхрийн давхар исэл (SO2)-ийг боловсруулах хүрээнд хүхрийн хүчил, элементийн хүхэр, фосфорын бордоо, криолит зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлаар хамтарсан судалгааны ажил хийх, туршлага судлах юм.

Мөн албаныхан ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууныг захиалгын дагуу тогтвортой гүйцэтгэх, харилцан ашигтай хамтран ажиллах, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын онгоц цэнэглэх, шатахуун хангамжийн байгууламжийг хамтран ашиглах асуудлаар хоёр талын саналыг эцэслэж, харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулан, газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай зарим техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, худалдан авах боломжийг судалж, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Түүнчлэн Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1910 дугаар тогтоолоор азотын бордооны экспортод хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор манай улсын уул уурхайн үйлдвэрлэлд ашигладаг тэсрэх бодисын түүхий эдийн тасалдал үүссэн асуудлыг шийдвэрлэх, цар тахалын улмаас Монгол-Хятадын хил хаагдаж, үйл ажиллагаа нь тогтмол бус болсонтой холбоотойгоор алтны үйлдвэрт ашигладаг цианидын импорт тасалдах болж, ОХУ-ын үйлдвэрлэгчдээс импортлон авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Оросын талаас энэ асуудалд анхаарал хандуулан ажиллана хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл (1)