Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 15, 16-ны ээлжит хурлаар дараах шийдвэрийг гаргасан байна. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны ирээдүйн төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

1. Бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах;

2. 2022 оны нэгдүгээр улирлын Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоох;

3. Репо санхүүжилтийн хүүг бодлогын хүү+0.5 хувиар тогтоох;

4. Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18%-д хүргэхээр боллоо.

Жилийн инфляц 2021 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 10.5%, Улаанбаатар хотын хэмжээнд 10.0%-д хүрэв. Хилийн хязгаарлалт, малын халдварт өвчний тархалт, тээврийн зардлын өсөлт зэрэг нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц ойрын хугацаанд өсөх хэдий ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтын орчимд тогтворжих төсөөлөл гарч байна. Гэвч нийлүүлэлтийн сүлжээний саатал, хилийн хязгаарлалт, хүнс, шатахууны үнийн хүлээлтээс давсан өсөлт зэргээс шалтгаалан инфляц хурдан буурахгүй байх эрсдэлтэй байна. Иймд урт хугацаат репо санхүүжилтийн зориулалтыг өргөтгөн шатахуун болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг шаардлагатай түвшинд хүртэл бүрдүүлэхэд ашиглаж болохоор шийдвэрлэлээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа боловч, дотоод эдийн засгийн өсөлт сүүлийн 2 улиралд төсөөллөөс доогуур гарлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжил, сэргэлтэд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч өрхийн хэрэглээ сэргэхгүй, хилийн хязгаарлалттай холбоотойгоор гадаад худалдаа, нийлүүлэлтийн хангамж тасалдаж, улмаар тээвэр, боловсруулах, барилгын салбарт идэвхижил сул байгаа нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлөв. Бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах нь эдийн засгийн сэргэлтийг тэтгэх, өсөлтийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлэхээр байна.  

Түүнчлэн, Мөнгөний бодлогын хорооноос банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Монголбанк