Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилнэ

  
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.12.14) дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын Ажлын хэсэг “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Оюутолгой” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээний явцын талаар Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Оюутолгойн асуудлаарх УИХ-ын Түр хороотой хамтарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд олгов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Роснефть” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааны талаар танилцуулав.

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хилийн боомтуудаар нэвтрэх автозам болон төмөр замын ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.

Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын талаар танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.