Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Тавантолгой түлш” компанийн санхүүгийн механизм

The Mongolian Mining Journal /Oct.2021/

Б.Төгс

Утаагүй өвлийг үзэх боломжийг нийслэлчүүдэд олгож буй “Тавантолгой түлш” компани 2019 оноос эхлэн түлшээр тасралтгүй хангахаар зүтгэн ажиллаж байна. Гэхдээ тасралтгүй хангах үүрэг хариуцлагыг алдах амархан болохыг саяхны нөхцөл байдал батлан харуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан. Тэгвэл тус компанийн хяналтын багцыг “Эрдэнэс Тавантолгой”-д шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ (2021.10.13). Тодруулбал “Тавантолгой түлш” ХК-ийн 51%-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 39%-ийг Эрчим хүчний яам, 10%-ийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тус тус эзэмших шийдвэр гаргасан юм.

Гэхдээ энэхүү компани нь үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой” компаниас бүрэн санхүүжиж ирсэн. “Тавантолгой түлш” компанид 2018-2020 онд нийт 269.1 тэрбум төгрөг зарцуулсан тухай “Эрдэнэс Тавантолгой” мэдээлжээ. Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст дэлгэсэн мэдээллээр 2021 он гарсаар уг санхүүжилт тасралтгүй үргэлжлэн олгогдсоор аравдугаар сарын 21-ний байдлаар “Тавантолгой түлш” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос 126.5 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж авчээ. Ингэснээр “Тавантолгой түлш” компанид “Эрдэнэс Тавантолгой”-оос олгосон нийт санхүүжилт 400 орчим тэрбум төгрөгт хүрээд байна  гэсэн үг. 

“Тавантолгой түлш” компанийн хувьд хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, “Энержи Ресурс”-ээс угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүйгээр татан авдаг. “Тавантолгой түлш” үнэ төлбөргүй авсан нүүрсээ өөрийн эзэмшлийн үйлдвэртээ татан авч барьцалдуулагчтай хольж сайжруулсан түлш үйлдвэрлэн нийслэлчүүдэд зохих үнээр зарж борлуулдаг. Цар тахлын үед түлшний борлуулалтын үнийг бууруулж байгаа ч, тодорхой орлого олж буй нь үнэн. Цар тахлаас өмнөх хугацаа буюу 2019 оны хувьд “Тавантолгой түлш” компани борлуулалтын орлогоос нийт 25.2 тэрбум төгрөг олсон боловч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 25.3 тэрбум төгрөгтэй тэнцсэн тухай Үндэсний аудитын газар мэдээлжээ. 2019 оны хэмжээнд тус компани “Энержи Ресурс”-ээс 706.4 мянган тонн нүүрс үнэ төлбөргүй авсан байна. 2019 онд шахмал түлшний борлуулалтын хэмжээг анх 325 мянган тонн түлш борлуулахаар төлөвлөсөн ч зорилтыг биелүүлж чадаагүй ажээ. Мэдээж тухайн онд нүүрсээ тогтоосон ханшаар хөнгөлөлтгүйгээр иргэдэд борлуулсан. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой”-оос жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авч ажиллаж байна. Энэ нь 1072 хувьцаа эзэмшигчдэд 2020 онд тарааж өгсөн ногдол ашгийн нийт санхүүжилт (179.8 тэрбум төгрөг)-тэй бараг дүйхүйц хэмжээ юм. 

2019 оны эцсээр тус компанийн өр төлбөрийн үлдэгдлийн 93.2%-ийг буюу 111.8 тэрбум төгрөгийг урт хугацаат өр төлбөр болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжилтийн өглөг эзэлж байсныг Үндэсний аудитын газрын тайланд дурджээ. Дээр дурдсанчлан “Эрдэнэс Тавантолгой”-оос авах санхүүжилт нэмэгдсээр байгаа тул өр төлбөрийн хэмжээ тэр хэрээр өссөөр байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр “Тавантолгой түлш” компанийн ашигт ажиллагааны тухай ярих цаг болсон нь тодорхой байна. 
Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой” хэрхэн охин компаниасаа өр төлбөрөө авч чадах эсэх нь ч ойлгомжгүй асуудал юм. Үүний тулд мэдээж юун түрүүнд ашигтай ажиллагааг хэвшүүлэх нь чухал.

Энэ ч үүднээс удахгүй түлш борлуулалтын ханшийг зах зээлийн зарчимд нийцүүлэхээр төлөвлөсөн бололтой. Ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл сайжруулсан түлшийг цар тахлын хүнд үеийг бодолцон хөнгөлөлттэй үнээр борлуулах бол түүнээс хойш зах зээлийн үнээр борлуулах зарчим руу шилжинэ. Энэ тухай “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дуулгасан. Түүний мэдэгдсэнээр 2018 онд тогтоосон нэг тонн сайжруулсан түлшний зах зээлийн үнэ 215 мянган төгрөг байсан. Гэвч Засгаас түлшний үнийг 150 мянган төгрөгт барьж, улмаар цар тахлын үед түлшний үнийг улам бүр бууруулж тогтоосон юм. Тэгэхээр ирэх өвөл түлшний үнэ хэрхэн тогтох нь сонирхол татаж байна. 

Одоогийн байдлаар илүү сонирхол татаж буй сэдэв нь “Тавантолгой түлш” компанийн орлого, зарлагын мэдээлэл ил тод бус, тодорхойгүй байгаа явдал юм. Энэ нь компанид ашигт ажиллагааг хэвшүүлэхэд хамгийн их саад тотгор болж буй зүйл. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой”-оос авсан 400 тэрбум төгрөг ердөө 600 мянган тонн түлш үйлдвэрлэх компанид хэрхэн зарцуулагдсан нь тодорхой, нээлттэй байх учиртай. Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст “Тавантолгой түлш” компанийн тайлагнаснаар бол 2020 оны нийт худалдан авалтын төлөвлөгөөний дүн нь 34 тэрбум төгрөг, харин 2021 онд 117 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Эндээс нэг сонирхолтой зүйл нь барьцалдуулагчийн худалдан авалтад 2020 онд 1.25 тэрбум төгрөгийн худалдан авалт төлөвлөсөн байсан бол 2021 онд уг үзүүлэлт даруй 28.85 тэрбум төгрөг болжээ. 

Шилэнд дансанд оруулсан мэдээллээр, 2019 он болон 2020 онд компанийн төсвийн нийт зардал нь хоёул яг адилхан жил бүр 82.4 тэрбум төгрөг байхаар тэмдэглэгджээ. Төсвийн зардлаас үзэхэд тус компанийн цалингийн зардал 15.3 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа нь нийт зардлын томоохон хэсэг болж байна. Мөн хөрөнгө оруулалтын зардал 35.5 тэрбум төг, үндсэн түүхий эд материалын зардал 13.4 тэрбум төгрөг, үйл ажиллагааны зардал 33.5 тэрбум төгрөгөөр тус тус төсөвлөгдсөн байх юм. Хачирхалтай нь 2019 болон 2020 оны төсвийг яг адилхан дүнгээр шилэн дансанд оруулахдаа “Эрдэнэс Тавантолгой” компаниас жил бүр 41.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авна гэж тусгажээ. Бодит байдал дээр хавьгүй илүү санхүүжилтийг авч зарцуулсан. Тэгэхээр шилэн дансанд оруулсан төсвийн тоо баримтын итгэл үнэмшилтэй байдал алдагдаж байна.

“Тавантолгой түлш” компанийн хувьд төсвийн задаргаагаа ийн ойлгомжгүй байдлаар шилэн дансанд мэдээлсэн ч цалингаас бусад (таван сая төгрөгөөс дээш дүнтэй) гүйлгээний мэдээллээ оруулдаг нь сайшаалтай. Гэвч тэр дунд орлогын мэдээлэл огт багтаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус компани сайжруулсан түлшний борлуулалтын орлогоос ямар хэмжээний орлого олсон, тухайн орлого хаашаа орсон талаарх мэдээллийг ил болгоогүй байна. 

Тус компанийн цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний мэдээллийг шалгахад 2019 онд 3.86 тэрбум зарлагын гүйлгээ хийсэн гэж шилэн дансанд тайлагнасан байна. Гэвч Үндэсний аудитын газраас тус компанийн 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитад 2019 онд нийт 114 тэрбум төгрөгийн мөнгөн зарлагатай ажилласны дийлэнхийг буюу 83.6 тэрбум төгрөгийг бараа материалын худалдан авалтад даруй зарцуулсан гэж өгүүлжээ. Шилэн дансны мэдээллээр 2020 онд 10.1 тэрбум, 2021 он гарсаар эхний есөн сарын байдлаар 4.37 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байдалтай байна. Мэдээж эдгээр үзүүлэлт нь дутуу бөгөөд орлогын гүйлгээний мэдээлэл нэг ч тоо баримт оруулаагүй байгааг дахин тэмдэглэе.

Цаашид компанийн санхүүжилтийн зарцуулалтын шалгалтыг илүү нарийвчлалтай хийж, ашигт ажиллагааны зарчмыг мөрдүүлэхгүй бол “Эрдэнэс Тавантолгой” компанид санхүүгийн дарамтыг тасралтгүй үзүүлсээр байх болно.