Н.Тавинбэх: Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах нь бидний нэг том зорилт

2021-11-22 10:37

The Mongolian Mining Journal /Oct.2021/

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлууд, “Ногоон эрчим хүч”-ний талаар  The Mongolian Mining Journal-ийн  сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.

Эрдэнэбүрэнгийн УСЦ өмнө нь Монгол Улсад баригдаж байгаагүй том чадлын усан цахилгаан станц 


Эрчим хүчний салбар хүндхэн сорилттой жилүүдийг туулж байна. Ковид-19 эрчим хүчний салбарт тодорхой нөлөө үзүүлж буй нь мэдээж. Цар тахлын энэ үед иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газар цахилгаан, дулааны үнийг хэрэглэгчдийн өмнөөс төлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ нь эрчим хүчний салбарын ачаалалд нөлөөлөхүйц шийдвэр байсан. Өнөөдөр эрчим хүчний ачаалал хэр байна вэ?

Сэтгүүлийн хамт олон та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ  жилдээ 4-6%-ийн өсөлттэй. Цахилгаан, эрчим хүчний нийт хэрэглээ 2020 онд 8,850.5 сая кВт*ц байсан, үүний  80.7%-ийг дотоодын үйлдвэрлэл буюу дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр, дизель станцын үйлдвэрлэл, 19.3%-ийг импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ эзэлж байна. 2020 онд төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1308 МВт хүрсэн бол 2021-2022 оны өвлийн их ачааллын үед 1371 МВт хүрэх төлөвтэй байна. Хэрэглээний өсөлтийг хангах үүднээс Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар, Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар, Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар тус тус өргөтгөх бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. 

Дэлхий нийтээр тархсан коронавируст цар тахлын өнөө үед эрчим хүчний салбарт хэрэглээний огцом өсөлт нэмэгдэж амаргүй цаг үеүд байсан ч нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд манай салбарын хамт олон тухай бүр асуудлыг шийдвэрлэж маш сайн ажиллаж байна.        

Та Эрчим хүчний сайдаар томилогдсон цагаас нэн түрүүнд эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд анхаарлаа хандуулж ажилласан. Эрчим хүчний төслүүдийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахаас эхлээд Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад бодлого чиглэсэн.  Эрчим хүчний томоохон төслүүдээс амжилттай яваа ямар төсөл байна вэ?

Засгийн газрын 2020-2024 үйл ажиллагааны хөтөлбөрт Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангах  долоон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүний нэг зорилт нь эрчим хүчний    хэрэглээг дотоодоос бүрэн хангах асуудал. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд тооцоо, судалгаанд үндэслэн одоо ажиллаж байгаа Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг 606 МВт-аар өргөтгөх, шинээр Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, Багануурын 400 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, 10 аймагт дулааны станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, 200 МВт.ц багтаамжтай цэнэг хураагуурын станц, 15 МВт-ын хоёр Салхин цахилгаан станц, 35 МВт-ын Нарны дөрвөн цахилгаан станц болон бүс нутгийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслүүдэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн төвийн эрчим хүчний системд ОХУ-аас дээд тал нь 245 МВт-ын чадал импортоор авдаг бөгөөд энэ чадлын хэмжээг өвлийн их ачаалал эхлэхээс өмнө 100 МВт-аар нэмэгдүүлж нийт 345 МВт-д хүргэх яриа хэлэлцээрийг хийж байна. 

Сүүлийн 50 гаруй жил ярьсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах гэрээг ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй саяхан үзэглэж, төслийн барилга угсралтын ажил  эхэллээ. 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын барилгын ажлыг Хятадын компаниуд гүйцэтгэхээр болж байна. Та салбарын сайдын хувьд тус бүтээн байгуулалтын талаар онцолж хэлэх зүйлүүд юу байна вэ?

Монгол Улсын хэмжээнд улирлын чанартай 3 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 5 усан цахилгаан станц, тогтмол үйл ажиллагаа явуулдаг 11 МВт-ын хүчин чадалтай Тайширын усан цахилгаан станц, 12 МВт-ын хүчин чадалтай Дөргөний усан цахилгаан станц тус бүр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн сүлжээнд нийлүүлж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын гол онцлог нь станцын хөндлүүр (боомт)-ийн зүүн талын уулан дундуур 4835 метр урттай 7.5 метрийн диаметртэй туннелийг байгуулах явдал юм. Энэхүү туннелийн байгууламж нь усан цахилгаан станцын түрэлтийг 37 метрээс 86.5 метр хүртэл нэмэгдүүлж байгаагаараа онцлог. Үүнийг дагаад нэгж чадалд оногдох хөрөнгө оруулалт буурч, хүчин чадал нэмэгдэн үр ашиг өсч байгаа юм. Мөн эх үүсгүүр талаасаа өмнө нь Монгол Улсад баригдаж байгаагүй том чадлын усан цахилгаан станц, дотоодын горим тохируулгын эх үүсвэртэй болж байна гэдгээрээ онцлог.

Тавантолгой ордыг түшиглэн байгуулах Тавантолгойн цахилгаан станцын төслийн явцын талаар Та ямар мэдээлэл өгөх вэ? Тавантолгой цахилгаан станцын асуудлаар УУХҮЯ-тай зөвшилцөж, санхүүжилтийн 30%-ийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргахаар шийдвэрлэсэн. Санхүүжилтийг (808.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай) хэрхэн шийдвэрлэж байна вэ? 

Засгийн газрын 2020 оны 175 дугаар тогтоолоор “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн 30%-ийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн тул үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх хувилбарыг уралдаант сонгон шалгаруулалтын ажлын даалгаварт оруулан зарлах чиглэлийг Сангийн яамнаас өгсөн.

Төсөл санаачлагчийг төлөөлж “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар урьдчилан төлөвлөөд байна. 

Нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудын хувьд гадаад онцгой нөхцөл байдал үүссэн, тендер шалгаруулалтын үе шатанд тендерт оролцогсдоос ирэх санхүүгийн болон техникийн тодруулгад хугацаа их зарцуулах тул энэ тендерийг цаг алдалгүй, амжилттай зохион байгуулах шаардлагатай байна. Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна.

Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал бол нэгдүгээрт, эх үүсвэрийн дутагдал. Өнөөдөр нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг импортын эрчим хүчээр хангаж байна. Үүнээс гарах арга бол шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулах. Манай нэг дутагдалтай тал бол эх үүсвэрийн бүтэц алдагдсан явдал. Цаашид энэ чиглэлээр ямар ажлуудыг Эрчим хүчний яам төлөвлөж байна вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний 16 эх үүсвэрийг 3 чиглэлээр барих, бүс нутгийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар тусгасан, одоо ажиллаж байгаа хатуу түлшээр галладаг дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх, дулааны цахилгаан станцуудыг шинээр барих болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг барьснаар жил бүрийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангана. Тухайлбал, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар, Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар, Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар тус тус өргөтгөх бүтээн байгуулалтын ажил дуусч ашиглалтад орсон. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх барилга угсралтын ажил хийгдэж байна. Мөн  Багануурын 400 МВт-ын дулааны цахилгаан станц, Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 325 МВт-аар өргөтгөх, Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл, Дулааны II цахилгаан станцыг 100 МВт-ын хийн станц болгон өргөтгөх, 10 аймгийн төвд дулааны станц барих төсөл, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төсөл, Нарны 4 цахилгаан станц, салхины 2 станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэнээр дотоодын үйлдвэрлэлээр хэрэглээ  бүрэн хангагдана. Үүнээс гадна, эх үүсвэрийн 20%-иас доошгүй чадлын нөөцтэй болж улс орны нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжилд чухал нөлөө үзүүлэх учиртай.    

Нүүрсээр ажилладаг станцууд голлодог учраас оргил ачааллын горимд ажиллах тохируулгын станцууд, усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станц, хуримтлуурын станцуудыг бий болгож эх үүсвэрийн бүтцийг төрөлжүүлэх шаардлагатайг Та хэлж байсан. Цаашид уурхайн аман дээр нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулахаас гадна бусад эрчим хүчний анхдагч нөөцүүдийг төрөлжүүлэх хэрэгтэй, тийм үү?

Олон улсын түвшинд авч үзвэл суурь горимд ажиллах хатуу түлшээр галладаг цахилгаан станцууд, цөмийн цахилгаан станцууд, нар салхины хувьсах сэргээгдэх эрчим хүч, тэдгээрийн үйлдвэрлэл болон хэрэглээг тохируулж байдаг усан цахилгаан станц, усан цэнэгт станц, цэнэг хуримтлуур, хийгээр ажилладаг цахилгаан станцууд гэсэн эх үүсвэрүүд тэдгээрийн зохистой хувь хэмжээ, бүтцийг бүрдүүлж байдаг. Манай улсын хувьд үйлдвэрлэл болон хэрэглээг тохируулах горим тохируулгын эх үүсвэр буюу усан цахилгаан станц нийт суурилагдсан хүчин чадлын 1.7%-ийг л бүрдүүлж байгаа нь маш чамлалттай үзүүлэлт. Энэ үзүүлэлт дор хаяж 20%-д хүрч байж тухайн улсын эрчим хүчний систем тогтвортой найдвартай, үр ашигтай ажиллах юм. Иймд цаашид горим тохируулгын усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станц, цэнэгт хуримтлуур, хийн цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг дэмжиж ажиллана.

Дараагийн нэг тулгамдсан асуудал бол эрчим хүчний компаниудын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үнэ тарифийг боловсронгуй болгоход чиглэх ёстой болов уу. Сүүлийн жилд цар тахлын улмаас эдийн засаг хумигдаж, эрчим хүчний хэрэглээ буурсан. Үүнээс шалтгаалж эрчим хүчний үнийн бүтцэд өөрчлөлт орж байна. 

Коронавируст халдварын цар тахлаас шалтгаалан улс орны хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжсэний улмаас тулгарсан эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг 6.4%-иас доошгүй хувиар хэмнэх, зардал өсгөх чиглэлээр аливаа шийдвэрүүдийг гаргахгүй байх, бизнес төлөвлөгөө, зорилтод түвшний үзүүлэлтүүдэд тодотгол хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа боловч 2020 оны дүнгээр 92.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан.

Хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотой нүүрсний уурхай, төмөр замын тээвэр, эрчим хүчний үйлдвэр компаниудаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд цахилгаан, дулааны тарифыг нэмэгдүүлэхээс өөр гарц харагдахгүй байх шиг?

Тийм ээ. Үүнээс өөр гарц   харагдахгүй байна. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах 100 орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудаас өвөлжилтийн бэлтгэл хангах, засвар, шинэчлэлийн ажлыг хийхэд 128.8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа талаар саналыг ирүүлээд байна. Тухайлбал, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-иас 89 МВт-ын төслийн зээл, зээлийн хүүгийн төлбөр болон засвар, шинэчлэлд шаардлагатай 36.8 тэрбум төгрөг, ОХУ-аас худалдаж авах импортын цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөд 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн үүсвэр шаардлагатай болж байна.

Нүүрсний уурхай, төмөр зам, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниудад нийт 159.6 тэрбум төгрөг шаардлагатай болох бөгөөд эдгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдэд борлуулах 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний тарифыг 36%-иар, дулааны эрчим хүчний тарифыг 20%-иар тус тус нэмэг­дүүлэх тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан байна. 

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн орчинд тодорхой өөрчлөлтүүдийг тусгаж ирсэн

Эрчим хүчний хуучин технологиуд хоцрогдолд орсон учраас шинэ технологи, инновацийг хөгжүүлэх, эрчим хүчний алдагдлыг бууруулах цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээнүүдэд хяналтын бодлогыг дэмжих шаардлагатай. Эрчим хүчний салбарыг “Ухаалаг” болгох шаардлагатай байна.  

Манай эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхийн тулд эрчим хүчний төлөв байдлыг бодитоор үнэлж, найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх түвшинд ухаалаг тогтолцоог нэвтрүүлж, технологийн болон арилжааны үйл ажиллагааны шинэчлэл, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ухаалаг тоолуур хэрэглэснээр хэрэглэгч хэрэглээгээ өөрөө удирдаж эрчим хүчний хэмнэлт гаргах боломж бүрдэх юм. Өнөөдөр тасралтгүй өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хязгаарлагдмал нөөц эх үүсвэр ашиглан тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлаар хангах, сэргээгдэх эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэхэд ухаалаг технологид тулгуурласан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.

Дэлхий нийт “Ногоон эрчим хүч” рүү явж байна. Үүнтэй уялдуулж Монгол Улс эрчим хүчний бодлогоо тохируулах шаардлагатай юу. Засгийн газрын бодлогыг харахад голдуу нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг байгуулахаар төлөвлөсөн байна шүү дээ?

Манай улсын онцлог нь жилийн 4 улиралтай, халаалтын улирал   урт хугацаанд үргэлжилдэг дэлхийн цөөн улсын нэг. Энэ ч үүднээс өөрийн улсын хэмжээнд өргөн тархацтай хатуу түлшээр суурин газрын дулаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх дулааны цахилгаан станцын үйлдвэрлэж буй эрчим хүчээр улс орны эрчим хүчний хэрэглээний дийлэнх хувийг хангаж ирсэн. Хэдийгээр халаалтын улирлын үргэлжлэх хугацаа урт байдаг   ч эрчим хүчний салбарт дэлхий нийтийн чиг хандлага, 2015 оны Парисын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тунхаг бичигт Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулан эрчим хүчний салбарт нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн бодлогыг хэрэгжүүлж нүүрстөрөгчийн хийг бууруулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, хууль эрхзүйн орчинд тодорхой өөрчлөлтүүдийг тусгаж ирсэн.

Монгол Улсын эрчим хүчний бодлого цаашид хэрхэн хөгжиж байж эрчим хүчний хараат байдлаас гарах вэ? Эрчим хүчний талаар баримтлах бодлогод төрөөс анхаарах, сайжруулах ямар асуудлууд байна вэ?

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг 2015 онд батлагдсан бөгөөд энэхүү төрийн бодлогод эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хэрэглээгээ бүрэн хангаж, цаашдаа экспортлогч орон болох алсын хараатай зорилго дэвшүүлсэн. Дээрх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд   хэд хэдэн эх үүсвэр барих тэдгээрийг холбосон өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах сүлжээг барьж байгуулах талаар төлөвлөн дунд хугацааны үндэсний хөтөлбөр боловсруулсан бөгөөд эдгээрийг үе үеийн Засгийн газрын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. 

Мөн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, мөн Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, уламжлалт эх үүсвэрүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр үүний дотор усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станц, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хөгжүүлэх, нутагшуулах,   үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүч экспортлогч орон болох зэрэг бодлогын томоохон зорилго, зорилтуудтай уялдуулан, сайжруулж тусгасан.  

Цаг гарган ярилцсан Танд баярлалаа. 

 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 9 цаг 46 минутын өмнө
    ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • 13 цаг 20 минутын өмнө
    Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
  • Уржигдар 15 цаг 59 минутад
    Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
  • Уржигдар 11 цаг 13 минутад
    “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
  • 2021-12-06 10:48
    Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.