Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

БНХАУ болон Монгол Улс төмөр замын огтлолцлын цэгээ тохиролцлоо

Р.Ренчиндулам

 
Монгол Улсын хувьд 2022 онд 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хилийн  нэвтрэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнтэй холбоотой  Монгол Улсын Засгийн газар нүүрс тээврийн сайжруулах олон ажил хийж байна. Засгийн газрын өнөөдрийн /2021.11.17/  хуралдаанаар төмөр замын огтлолцлын цэгийг тогтоох шийдвэр гаргажээ. Тодруулбал,  сүүлийн 7-8 жилд шийдвэрлэж чадахгүй байсан Гашуунсухайт, Ганцмод боомтын улсын хилээр дайран өнгөрөх төмөр замын солбицлын цэгийг тодорхой болгосон байна. Ингэхдээ энэ сарын 12-нд БНХАУ-ын талаас Монголын талд ирүүлсэн нот бичгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах үүргийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Миний бие өнгөрсөн хоёр өдөрт Засгийн газрын гурван гишүүн болон УИХ-ын зарим гишүүдийн хамтаар Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр ажиллаад ирлээ. Газар дээр нь зарим шийдвэрийг гаргасан. Энэ оны аравдугаар сард Шадар сайдын гаргасан журмын дагуу Гашуунсухайт, Ганцмод чиглэлд чингэлэгт тээвэр болон бөмбөлгийн зохион байгуулалтаар нүүрс зөөвөрлөөд эхэлсэн. Харьцангуй сайн журамласны үр дүнд Гашуунсухайтаар сүүлийн 3-4 хоногт 300-500 машин, өнөөдрөөс 600-гаад машин нүүрс тээвэрлэж байна. Цаашдаа энэ ажиллагаа улам тогтворжиж, үр дүн сайн  өгснөөр тээврийн хэрэгслүүдийн тоог аажмаар шат дараатай нэмэх боломж бүрдэнэ. Тиймээс манай талын Боомтын бүрэн эрхт захиргаа Ганц мод дахь Хятадын талын боомтын захиргаатай хамтарч ажиллаж, сайн үр дүн гаргах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Замын-Үүд боомтын хувьд төмөр замаар ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч урд хөршөөс орж ирэх бараа материал тээвэрлэх ажил зогсонги байдалтай байна. Харин урдаас тавьсан шинэ нөхцөл шаардлагуудыг бид судалж үзээд жолооч нарыг аль болох хооронд нь уулзуулахгүйгээр бараа материалыг чингэлгээр хилийн "0" цэг дээрээс татаж авах шинэ горимд шилжих байдлаар зохион байгуулах зэргээр  хариу явуулсан. Ингэснээр БНХАУ-ын тал чингэлэгт бараа материалыг хоёр улсын хилийн 0 цэг дээр тавина. Үүнийг манай талаас чингэлгээр татан авах шинэ горимд шилжихээр боллоо. Эрээн хотод сүүлийн долоо хоног коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй нь сайн хэрэг. Цаашид 14-20 хоног ажиглаад шинээр илрэхгүй бол дээрх горимоор бараа материалаа татан авахаар харилцан тохиролцсон.

Шивээхүрэн боомт дээр Гашуунсухайттай адил чингэлэгт тээврийн терминал байгуулж байна. Үүнийг 9 аж ахуйн нэгж нэгдэн байгуулж багаа бөгөөд гүйцэтгэл нь 80%-д хүрсэн. Энэ ажлыг арваннэгдүгээр сард багтаан дуусгана. Цаашид хэрхэн ашиглахыг БНХАУ-тай ярилцаж байна. Уг чингэлэгт тээвэр ашиглалтад орсноор бид нүүрсээ тээвэрлээд, бүх боломжоороо ажиллах болно.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт боомтой холбоотой чухал шийдвэрийг гаргасан. Ганцмод Гашуунсухайтын улсын хилээр дайран өнгөрөх төмөр замын солбицлын цэгийг хүлээн зөвшөөрөх нот бичгийг манай талаас БНХАУ-ын тал руу явуулахаар болсон. БНХАУ-ын талын нот бичиг ирсэн бөгөөд манайх нот бичгээ явуулснаар энэ гэрээ хэлэлцээр амжилттай дуусч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт, Ганцмод боомтын төмөр замын солбилцлыг шийдэж чадахгүй байсан эрх зүйн хязгаарлалтгүй болж, уг төмөр зам эргэлтэд орох боломж нээгдэж байна” гэлээ.

Төмөр замын огтлолцлын цэгийг тогтоосноор одоо “Тавантолгой төмөр зам”, “Чайна энержи” гэсэн аж ахуйн нэгжүүд огтлолцол дээр ямар байгууламж барих, ачаа тээврийг хэрхэн шилжүүлэн ачих зэргийг шийдвэрлэх юм байна.