Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

ОХУ-аас БНХАУ руу хий нийлүүлэх хоолой барих төсөл 2024 оноос эхлэх төлөвтэй

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгалийн хий нийлүүлэх магистраль шугамнаас Монгол Улс өөрийн дотоодын хийн хэрэглээгээ авах эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Оросын талтай тохиролцох арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайдад даалгалаа.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн аравдугаар сарын 22-нд манай улсад хийсэн айлчлалын хүрээнд “Газпром”-ын Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов энэ онд багтаан хий дамжуулах хоолойн Монголын хэсэг дэх барилгын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгахаа мэдэгдсэн юм.

Одоогийн байдлаар байгалийн хийн хоолой байгуулахтай холбоотой стандарт, журмыг боловсруулж батлуулах ажил ид өрнөж байна. Төслийн хийн хоолой татах маршрут буюу зурвасыг тодорхойлсон бөгөөд Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтын хилээс Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд 960.5 км урттай хоолой татахаар төлөвлөжээ. Энэ онд багтаан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссаны дараа инженер, техникийн нарийвчилсан зураг төслийн ажил хоёр жил үргэлжлэх юм байна. Мөн хийн нийлүүлэлтийн үнэ тариф болон бусад асуудлаар гурван улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн ажлыг ТЭЗҮ-ийг боловсруулж дуусмагц эхлүүлэх ажээ. Ингээд төслийн ажил 2024 оноос албан ёсоор эхлэх төлөвтэй байгааг Шадар сайд тэмдэглэлээ.