Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Ашигт малтмалын тухай хууль:  Эрдэс баялгийн салбарын хөгжлийн ирээдүйг хангаж өгөх учиртай

Д.Нарантуяа

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын 2021 оны намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Хуулийн төсөл хараахан олон нийтэд ил болоогүй ч зарчмын хэд хэдэн өөрчлөлт оруулахаар төсөлд тусгагдаад байгаа юм. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох эрдэс баялгийн салбарын хөгжлийн ирээдүйг хангаж өгөх учиртай. Олборлолтоос боловсруулалт руу шилжих чухал мөчлөгийн өмнө энэхүү хуулийг шинэчлэх гэж байна. Эрдэс баялгийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд Ашигт малтмалын тухай анхны хуулийг УИХ 1994 онд батлан гаргаж байсан. Түүнээс хойш салбарын хөгжлийн чиг баримжаа, эдийн засгийн нөхцөл байдлаа даган энэхүү хуулийг хэдэнтээ өөрчилсөн. 1994 онд Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалтыг өөрчилж шинэчилжээ. 

УУХҮЯ-наас мэдээлж байгаагаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол концепци нь нэгдүгээрт, 2020 оны тавдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй Ашигт малтмалын тухай хуулийг уялдуулах, хоёрдугаарт эрдэс баялгийн салбарт үйлчилж буй хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, гуравдугаарт, энэ хавар шинэчлэн батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчилсэн/-тай салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх, дөрөвдүгээрт, салбарын шинэчлэлийг зайлшгүй хийх гэсэн үзэл баримтлал байна. 

Уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж, хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын сайн туршлагад суурилан улам баталгаажуулах, геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайх, ашиглах, баяжуулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайн эрсдэлийн удирдлага, орон нутгийн уялдаа холбоо зэрэг олон талыг хамарсан эрх зүйн зохицуулалтууд хуулийн төсөлд тусгагдаж байгаа юм.

Хуульд тусгагдаж байгаа өөрчлөлтүүд


Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх: 

- Уул уурхайн судалгаа, хөгжлийн төв, орон нутагт эрдэс баялгийн нэгж байгуулах,

Ашигт малтмалыг хөрөнгө талаас нь үнэлэх: 

- Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгож, бодитой хийх асуудал чухлаар тавигдаж байна. Ашигт малтмалын ордын үнэлгээ үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд уул уурхайн компаниуд гадаад, дотоодын бирж дээр гарахад энэ үнэлгээ маш чухал. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд татвар авдаг. Татвар авахад хөрөнгийн үнэлгээ мөн чухал ач холбогдолтой байгаа юм. Энэ харилцааг одоо болтол тусгайлан зохицуулаагүй бөгөөд Татварын ерөнхий газрын гаргасан Үнэлгээний журмын дагуу үнэлж байна,

Эрх, үүргийн зохицуулалтыг нарийвчлан тодруулах: 

- Салбарын үйл ажилла­гааг зохицуулж байгаа байгууллагуудын эрх үүргүү­дийн хуваарилалтыг эргэн харах шаардлагатай гэж үзэж байна. Ямар үүргийг төрд, ямрыг нь хувийн хэвшлүүдэд өгөх вэ гэдэг асуудал тавигдаж байна,

Даатгалын тогтолцоо: 

- Салбарын онцлогт тохир­сон даатгалын тогтолцоо хэрэгтэй байна,

Уурхайн хаалт, хаалтын баталгааны сан: 

-Энэ хуульд орж байгаа гол өөрчлөлт. Ашигт малтмалыг геологийн судалгаанаас нь эхлээд хаалт хүртэл бүх процессийг хамарсан зохицуулалтыг оруулж байна. Стратегийн ач холбогдол бүхий орд гэдэг ойлголт Монголд байдаг. Гэтэл олон улсын жишгээр нь аваад үзвэл орд гэдэг ойлголт байдаггүй, харин стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэсэн ойлголт бий. Зах зээлд ямар бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна, тэдгээр бүтээгдэхүүнд шаардлагатай түүхий эдийг хайх, олборлох, боловсруулахад тавигдах шаардлага нь ямар байх гэдэг нь гол асуудал болж байна. Хааж чадахгүй бол нээхгүй байх гэсэн шаардлагыг тавих юм. Энэ цоо шинэ концепц нь Монголын уул уурхайн компаниудыг хөгжлийн шинэ түвшинд гаргах нөхцөлийг тулгана, 

Хайгуулын тусгай зөвшөөрөл: 

-Хайгуулын тусгай зөвшөөр­лийг сонгон шалгаруу­лалтаар олгож байгаа өнөөгийн зохицуулалт хаа хаанаа хүндрэл дагуулж байгаа юм. Хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгодог зохицуулалтыг тусгаж байна. Өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгож байсныг 2017 оны арванхоёрдугаар сард Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох болсон юм. Энэ өөрчлөлт нь геологи хайгуулын салбарт үр ашигтай хөрөнгө оруулалт хийх зорилгоо биелүүлж чадаагүй гэж хүмүүс шүүмжилж байгаа. Мөн сонгон шалгаруулалтын процесс ил тод нээлттэй, шударга байгаад эргэлзсэн, зөвхөн хөрөнгөтэй том компаниудад боломж олгож байна гэсэн шүүмжлэл үргэлжилсээр байгаа. Энэ өөрчлөлтөөс хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо эрс буурсан. 2021 оны есдүгээр сарын 16-ны байдлаар хайгуулын хүчин төгөлдөр 918, ашиглалтын хүчин төгөлдөр 1737 тусгай зөвшөөрөл байна. 2014-2017 оны хооронд өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар 1483 хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байсан бол 2018-2020 онд 130 тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгосон статистик байна. Ерөнхий сайдын захирамжаар Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан бөгөөд энэхүү ажлын хэсгийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөөнд хардалт сэрдэлт дагуулсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэх чиглэл байгаа юм,  

Уурхайн ангилал: 

- Уурхайнуудыг улсын болон орон нутгийн хэмээн ангилна. Орон нутгийн чанартай уурхайнуудын үйл ажиллагааг орон нутагт зохицуулж шийддэг байх зохицуулалт орж байна. Ингэснээр заавал нийслэл Улаан­баатарт ирж асуудал шийдүүлэх шаардлагагүй болох юм. Улс хариуцах ёстой уурхайнууд нь улсын гэсэн ангилалд багтана.