Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын ГХЯ-даар баталгаажуулах нь чухлыг тэмдэглэв

Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдааныг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Зөвлөлийн хуралдаанд Монголын төлөөлөгчдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хятадын төлөөлөгчдийг БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жижэ даргалж, хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Хуралдааны үеэр талууд эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаа шинэ төслүүдийн талаар танилцуулж, хоёр талын хооронд ярилцаж ирсэн зарим томоохон төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар ярилцав. 

Тухайлбал, манай улсын өмнөд бүс нутгийн нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортлох цогцолбор байгуулах, Улаанбаатар хотод тойрог хурдны авто зам, баганан тулгуурт хөнгөн галт тэрэг шугам барих болон Багануурын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг бүрэн ашиглахад шаардлагатай агаарын шугам, дэд станц барих төслүүдийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Хятадын аж ахуйн нэгжүүд манай улсад хэрэгжүүлж буй эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын төслүүдэд олон улсын нээлттэй тендерт оролцох байдлаар хамтран ажиллах боломжтойг Г.Ёндон сайд тэмдэглэв.

Мөн тэрээр Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм.

Хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд хүрсэн тохиролцооны хүрээнд нүүрсний худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах, боомтын нэвтрүүлэлтийг сайжруулахад анхаарч, холбогдох арга хэмжээг авч буйг Хятадын тал илэрхийлэв.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулахад анхаарч ажиллахаа талууд илэрхийлээд хуралдааны дүнгээр Протокол гаргаж, хэрэгжилтийг нь хэлэлцэх хурлыг хагас жил тутам зохион байгуулж байхаар тохиролцлоо.

 

Эх сурвалж: УУХҮЯ