Гашуунсухайт боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ

2021-10-13 11:54

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцов.   Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хөрш улсын хувьд Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо. 

Нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд нар “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо.

Талууд хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 9 минутын өмнө
    ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • 14 цаг 43 минутын өмнө
    Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
  • Уржигдар 15 цаг 59 минутад
    Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
  • Уржигдар 11 цаг 13 минутад
    “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
  • 2021-12-06 10:48
    Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.