Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Дэлхийн кобальтын зах зээлд илүүдэл үүснэ

2022-2024 онд дэлхийн кобальтын үйлдвэрлэлийн нийлүүлэлт зах зээлийн эрэлтийг давна гэж “S&P Global Intelligence” тооцжээ. Цахилгаан машины гол эд анги болох литийн зай хураагуурын үндсэн түүхий эдийн тоонд кобальт ордог. Кобальтын зах зээлд илүүдэл үүсэх шалтгаан нь шинэ төслүүд ашиглалтад орохтой холбоотой аж. 

Тухайлбал, “Glencore” компани БНАКонго улс дахь зэс-кобальтын “Mutanda” уурхайн олборлолтыг сэргээхээр бэлтгэж байна. Уг түүхий эдийн ханш буурсны улмаас 2019 онд уурхайн үйл ажиллагааг зогсоосон юм.

Түүнчлэн, Хятадын “China Molybdenum” компани мөн л Конго улс дахь кобальтын “Tenke Fungurume” уурхайд 2.51 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд нийт 139.48 мянган тонн кобальт үйлдвэрлэсний 68.6%-ийг Африкийн орнууд бүрдүүлсэн аж. Дараагийн томоохон үйлдвэрлэгч орнууд Австрали(4.25), Филиппин (3.3%) байна.

Энэ онд кобальтын үнэ дунджаар 50%-иар өсөх таамгийг "Platts” дэвшүүлжээ. Тус агентлагийн судалгаагаар, 2021 онд дэлхийн зах зээл дээр 1.8 мянган тонн кобальтын хомсдолтой байгаа ч 2022 оноос илүүдэл үүсч 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй. Мөн ирэх таван жилд дэлхийн хэмжээнд цэвэршүүлсэн кобальтын үйлдвэрлэл 38.5%-иар нэмэгдэж 223 мянган тоннд хүрнэ гэж таамагласан. 2025 он гэхэд нийт хэрэглээ 230 мянган тонн байх гэнэ.

Э.Од