Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 4.5%, ирэх онд 5.2%-иар өснө

2021-09-28 16:24

Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тойм тайланг (2021.09.28) танилцууллаа. Уг тайланд дурдсанаар, эрчимтэй вакцинжуулсны үр дүнд бүс нутагтаа Монгол Улс хүн амынхаа 60-аас дээш хувийг бүрэн вакцинжуулсан хоёр улсын нэг болоод байна. Вакцинжуулалтыг үр дүнтэй явуулсны зэрэгцээ дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх оноос сайжирч, засгийн газраас эдийн засгийг дэмжих олон хөтөлбөр, арга хэмжээг авснаар Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5%-иар, 2022 онд 5.2%-иар өсөх төсөөлөлтэй байна. Харин, цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулаад байна.

Засгийн газраас олгож буй дэмжлэг нь ядуу иргэдийн хувьд цар тахлаас үүдэлтэй орлогын алдагдлыг нь нөхөх боловч эдийн засгийн сэргэлт удааширч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Эдгээр хүчин зүйлийг харгалзан үзвэл өрхийн өр зээл нэмэгдэж, урт хугацаанд өрх гэрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэр дундаа хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох вий гэдэг зовнилыг бий болгож байна. Тийм ч учраас цар тахлыг хумьж, гадаад орчны харьцангуй таатай нөхцөлийг ашиглан эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэхийн зэрэгцээ төсвийн шинжтэй дэмжлэг, зарцуулалтуудыг аажмаар бууруулах нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Их хэмжээний төсвийн шинжтэй зарцуулалт нь далд өрийг нэмэгдүүлэх, гадаад орчны тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй юмгэж  Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ.

Бүсийн хувьд авч үзвэл, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн сэргэлт цар тахлын шинэ хувилбар дельта хувилбарын тархалтаас үүдэн удааширч, улмаар аж ахуйн нэгж, айл өрхөд ирэх дарамт даамжирч, эдийн засгийн өсөлтийг сааруулан, тэгш бус байдлыг нэмэгдүүлэхээр байна хэмээн Дэлхийн Банкнаас мэдээлэв.    

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн 2021 оны намрын эдийн засгийн шинэчилсэн тоймтайланд эдийн засгийн идэвхжил 2021 оны хоёрдугаар улиралд саарч эхэлснийг тэмдэглэн, бүс нутгийн ихэнх орнуудын өсөлтийн төлөвийг бууруулжээ. Хятадын эдийн засаг 8.5%-иар тэлэх төлөвтэй байгаа бол бүс нутгийн бусад орнууд дунджаар 2.5%-иар өсөх төлөвтэй байгаа нь 2021 оны дөрөвдүгээр сард тооцоолж байснаас бараг хоёр нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Ажил эрхлэлт, ажиллах хүчний оролцоо буурч, 2021 онд 24 сая орчим хүн ядуурлаас гарч чадалгүй үлдэхээр байна.

“Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын эдийн засгийн сэргэлтийн чиг хандлага өөрчлөгдөхөөр байна” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Мануэла Ферро хэлэв. “Дэлхийн бусад бүс нутгуудтай харьцуулахад 2020 онд тус бүс нутагт цар тахлын тархалтыг сайн хянаж чадсан ч 2021 он гараад халдварын тохиолдол нэмэгдсэн нь 2021 оны өсөлтийн боломжийг хумьж байна. Гэсэн хэдий ч тус бүс нутаг урьд өмнөх хямралуудыг даван туулахдаа илүү батжиж, хүчтэй болон гарч ирж байсан бөгөөд энэ удаагийн хямралыг ч мөн бодлогын зөв арга хэмжээгээр дамжуулан даван туулах боломжтой” хэмээв.

Цар тахал дахин дэгдэж, халдварыг хумихад хүндрэлтэй байгаа нь өсөлтөд сөргөөр нөлөөлж, урт хугацаанд тэгш бус байдлыг нэмэгдүүлэх магадлалтай хэмээн уг тайланд дурджээ. Цар тахалгүй үед санхүүгийн чадамжтай байсан компаниуд цар тахлаас шалтгаалан дампуурснаар тэдний биет бус хөрөнгө алдагдаж байгаа бол хямралыг даван туулж үлдэх компаниуд бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаа хойшлуулж байна. Эдгээрээс, жижиг компаниуд хямралд хамгийн их өртөж байна. Ихэнх компаниуд ямар нэг бэрхшээлтэй тулгарч байгаа ч том компаниудын хувьд борлуулалт буурч, дэвшилтэт технологи нэвтрүүлж, төрийн дэмжлэг авах магадлал өндөр байна.

Айл өрхүүд, ялангуяа ядуу өрхүүд орлогогүй болох, хоол хүнсний хомсдолд орох, хүүхдүүдээ сургуулиас завсардуулах, мөн эд хөрөнгөө худалдах зэргээр хохирол амссан байна. Үүнээс үүдэх хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хүний капиталын алдагдал, өгөөж бий болгодог хөрөнгийн алдагдал нь айл, өрхийн ирээдүйн орлогод сөргөөр нөлөөлнө. Компани хоорондын тэгш бус байдал нэмэгдсэнээр ажилчид хоорондын тэгш бус байдлыг мөн нэмэгдүүлж болзошгүй юм.

“Хүндрэлд ороод буй улс орнууд хүн амаа хурдтай вакцинжуулах, шинжилгээ авах хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэг цар тахлын халдварыг хянах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2022 оны эхний хагасаас эхлэн эдийн засгаа дахин идэвхжүүлж, өсөлтөө хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой” гэж Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Аадита Мату хэлэв. “Гэхдээ урт хугацаанд зөвхөн дорвитой шинэчлэл хийж байж тус бүс нутаг энэ зуунд байгаагүй эдийн засгийн өсөлтийн удаашрал болон тэгш бус байдлын тэлэлтийн хавсарсан хүндрэлийг тойрч чаднахэмээв.

Энэхүү тайланд Индонез, Филиппин зэрэг бүс нутгийн ихэнх орнууд 2022 оны эхний хагаст хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинжуулах боломжтой гэж үзжээ. Энэ нь халдварыг нэг мөр арилгахгүй ч нас баралтыг эрс бууруулж, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх боломжийг олгох юм.

Гэсэн хэдий ч бүс нутгийн хэмжээнд цар тахлын даамжралыг арилгахын тулд дөрвөн чиглэлээр томоохон хүчин чармайлт гаргах шаардлагатай юм. Үүнд: вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн вакцины эргэлзээ болон түгээлтийн хүчин чадлын хязгаарлалтыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн халдварыг хянахын тулд шинжилгээ, тандалт болон тусгаарлалтын үйл ажиллагааг сайжруулах.  Вакцины импортын хараат байдлыг бууруулахын тулд бүс нутгийн хэмжээнд вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мөн эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлж, тус вирусийн халдвар дарагдахгүй байх эрсдэлд чиглэн бэлтгэл хангах явдал болно. Тэр дундаа эдийн засгийн чадамж сул орнуудын хувьд дээрх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг олон улсын тусламжаар дэмжих шаардлагатай байна.

Цар тахлын тархалтыг дарахаас гадна эдийн засгийг эрчимжүүлж, хүртээмжтэй болгох цогц стратеги шаардлагатай байна. Уг хямралаас гарч буй нэг эерэг тал болох технологийн хурдацтай хэрэглээ нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, боловсролыг ардчилж, төрийн байгууллагуудыг өөрчлөх боломжтой болохыг энэхүү тайланд тодорхойлсон байна. Энэхүү эерэг нөлөөг дэмжих бодлогын шинэчлэлүүд мөн шаардлагатай юм. Тухайлбал, дэвшилтэт технологийг бизнестээ нэвтрүүлэхэд шаардлагатай ур чадварыг бизнес эрхлэгчдэд эзэмшүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтад нээлттэй; бизнес эрхлэгчид шинэ технологийг нэвтрүүлэх хөшүүргийг бий болгоход чиглэсэн өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Сургалт, заах ур чадварын чанар, сургалтын хөтөлбөр, агуулгын ач холбогдлыг сайжруулах зэргээр боловсролын салбарт олон жил хүлээгдэж буй шинэчлэлийг хэрэгжүүлснээр боловсролын салбар дахь шинэ технологийн үр өгөөжийг илүү хүртээмжтэй болгох боломжтойг тайланд онцолжээ.

Эх сурвалж: Дэлхийн банк

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 9 цаг 35 минутын өмнө
    ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • 13 цаг 9 минутын өмнө
    Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
  • Уржигдар 15 цаг 59 минутад
    Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
  • Уржигдар 11 цаг 13 минутад
    “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
  • 2021-12-06 10:48
    Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.