Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Эрсдэлд “туугдагсад”

Э.Оджаргал


Манай улсын эдийн засгийн “эрүүл мэндийг” тодорхойлохуйц эхний хагас жилийн тоон үзүүлэлтээр “хүнд” гэсэн онош тодорч байна. Төсвийн зарлага алдагдлаас эхлээд Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл, шатахууны ханш, цар тахлын халдварын тохиолдол гээд бүгд өсөлттэй. Яг л бирж дээр хувьцааны ханшууд шил шилээ даран “улайдаг” шиг.

Нэгдсэн төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Уг нь түүхий эдийн өндөр үнээс эрдсийн экспорт хангалттай орлого бүрдүүлж байгаа. Уул уурхайн “Аюулгүй бүс”-д халдвар алдагдсанаас сүүлийн дөрвөн сар дараалан тодорхой өдрүүдэд гол боомтуудын тээвэр 0 зогсч, тэр бүрд экспорт тасалдав. Долдугаар сарын 15-ны байдлаар, нүүрснээс 1 тэрбум ам.доллар (7.5 сая тонн), зэсийн баяжмалаас 300 сая ам.долларын (90 мянган тонн) орлогын боломжийг алджээ. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний гүйцэтгэл 32%-тай хэрэгжиж байна. Улсын хэмжээнд 5 удаагийн хөл хорио тогтоосон хэдий ч Ерөнхийлөгчийн сонгууль болж, улсын баяр наадмаа тэмдэглэнэ, үгүй гэж нийгмээрээ маргах зуур цар тахал Монгол Улсын хэмжээнд тархаж, халдвар хяналтаас гарах эрсдэл бодитой тулгарлаа. Бүтээмж багатай алдагдал ихтэй, цар тахлын амаргүй нөхцөл байдалд манай улс жилийн хоёрдугаар хагасыг угтав.

Эдийн засагт шинэ шалгуур, бэрхшээлтэй үе айсуй. Дэлхийн түүхий эдийн супер циклд “найдсан” мега төслүүдээ хөдөлгөх байтугай одоогийн Оюутолгойн далд уурхай, Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт саатах, зарим ажлын төлөвлөгөөт хугацаа хойшилж болзошгүй байна. КОВИД-19-ийн хязгаарлалт Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад нөлөөллөө. Улсын хэмжээнд болон Өмнөговь аймагт тогтоосон шат дараалсан хөл хорионы улмаас ажилчдын ээлж солилцоход хүндрэл үүсч уурхайн талбайд 25%-иар бага ажилчид ажиллаж байна. Боомтоор тээврийн нэвтрэлт удааширч, хил дээр нүүрс ихээр хуримтлагдсан учир “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын Алт” компаниудын уурхай зогсолтын горимд шилжжээ. 

Нүүрсний экспортын энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлийг өнгөрсөн оны мөн үеийн 0 зогсолтын үетэй харьцуулж өссөн гэж сайд нар мэдэгдэх нь зохимжгүй юм. Эсрэгээрээ эрдсийн зах зээлийн таатай үеийг ашиглаж чадахгүй, боломжоо алдаж байгаа нь тээвэрлэх төмөр замгүйгээс гэдгийг харин дарга нар ярихаас зайлсхийж байна. Зорилтот зах зээлд хамгийн дөт чиглэлээр татаж буй Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын шугамыг хоёр улсын хилээр холбох цэгийг Хятадын талтай тохиролцох асуудал сунжирваас мөн л ашиглалтад орох хугацаа цаашилна. Ид бүтээн байгуулалтын хоёрдугаар улиралд хил гаалиар импортын урсгал түгжирч, тээврийн зардал болон шатахууны ханш зуузай холбон өслөө. Манай хэрэглээний 90 гаруй хувийг нийлүүлдэг Орос улс газрын тосны зарим бүтээгдэхүүний экспортоо есдүгээр сар хүртэл хязгаарлаж болзошгүйг АМГТГ-аас мэдээлэв. Шатахууны импортоос бүрэн хараат Монгол Улс дотооддоо 2024 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй Нефтийн үйлдвэрийн төслийн ажил хугацаа алдаж, импортын ачаа барааны саатлаас шалтгаалан багадаа нэг жилээр хойшлох эрсдэлтэйг компанийн удирдлагууд Ерөнхий сайдад тайлагнажээ. Ийнхүү дотоодод хүндрэл, бэрхшээл ар араасаа үүдэх зуур гадаад зах зээлийн таатай үе үргэлжилж буй. Манай улсын экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн зэс, нүүрс, төмрийн хүдрийн ханш өсөлтөө хадгалж байна. Монголын зэсийн баяжмал, нүүрсний экспорт биет хэмжээгээр буурахаар байгаа ч өндөр ханшийн ач тусаар орлого давах боломжтой. Жилийн хоёрдугаар хагаст Хятадын коксжих нүүрсний импорт өндөр байх төлөвтэй. Тус улсын импортын хоригт орсон Австралийн 40 сая тонн коксжих нүүрсний “орон зай” гол зах зээл дээр үүссэн билээ. Харин хил залган орших манай улсын нийлүүлэлт буурсан төдийгүй төлөвлөсөн 28 сая тонны хэмжээнд хүрэхээргүй дүр зурагтай байна. Гадаад зах зээлийн өөдрөг мөчлөгт, дотоодын эдийн засаг эмзэг энэ цаг үед түүхий эдийн ханшид найдах бус нарийн төлөвлөсөн арга хэмжээ, эрдсийн экспортыг нэмэгдүүлэх оновчтой бодлого үгүйлэгдэж байна. Гэтэл зарим ашигт малтмалын үнийн өсөлт удаан үргэлжлэхгүй төлөв бас бий. Эрдсийн “супер цикл”-ийн талаарх шинжээчдийн таамаглалууд ч зөрж байгаа. Супер мөчлөгийг “даллаж”, ногоон шилжилтэд тэргүүлэх металаар тодорсон зэсийн үнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш өсөлттэй байж ирэв. Ханш 10 мянган ам.доллар давж 2011 оны дээд үзүүлэлтээ шинэчилсэн нь саяхан. Тэгвэл ердөө сарын дотор 1600 гаруй ам.доллараар огцом буурч өдгөө 9200-9700 ам.долларт савлаж байна. Долдугаар сараас Хятад улс стратегийн нөөцөөсөө зэс, нүүрс, хөнгөн цагаан, цайр зэрэг түүхий эдийг дотоодын зах зээлдээ нийлүүлж эхэллээ. Энэ нь дотоод дахь ханшийн өсөлтийг хазаарлахад чиглэсэн арга хэмжээ бөгөөд тухайн алхам ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Эрдсийн үнэ унавал эргээд элгээрээ хэвтэх эрсдэл тэр чинээгээр өндөр, асар хурдан гэдгийг түүхий эдийн экспортоос орлогоо бүрдүүлдэг манай улс санахад илүүдэхгүй. Ковидын дараах сэргэлт тийм хялбар бий болохгүйг ч судлаачид ч анхааруулж байна.

Цар тахлын цаг үед манай улсын эдийн засаг бүхэлдээ өмнөд бүс нутаг, хилийн боомтуудаас хамаарч байна. Эрсдэл хэвээр буйг Сангийн сайд ч хүлээн зөвшөөрч байна билээ. Хилийн орчим, уул уурхайн “Аюулгүй бүс”-ийн халдварыг хумихаас нэгдсэн төсвийн орлого шалтгаална. Орон нутагт тархалтын үзүүлэлт өдөр өдрөөр өсч байна. Бүх бурууг цар тахал руу “чихэх” амархан. Үнэндээ шийдэл байсан уу гэвэл тийм. Улс орны орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг боомтууд, уул уурхайн бүсийг өндөр зохион байгуулалттайгаар халдвараас сэргийлэхэд бэлтгэх хугацаа, хөрөнгө байсан. Гашуунсухайт, Замын-Үүд боомтын хүчин чадлыг өргөтгөх төслийн санхүүжилт   бэлэн, ажил нь аль 2019 онд эхэлсэн ч урагш багатай. Хилийн боомтуудын нэвтрэлтийг сайжруулахаар хоёр оны төсөв дамнан ажлууд хийгдэж байгаа ч цар тахлын гэх шалтгаанаар дээрдсэн зүйл одоогоор алга. Арван жилийн өмнөөс л эхэлсэн ТТ-ГС төмөр зам өнөө ч дуусаагүй өргөн нарийн төмөр замыг хэрхэн холбох нь тодорхойгүй хэвээр. Төрийн алдаатай бодлого, эрх баригчдын хожуу шийдвэрийн уршиг өнөөдөр манай улсад дэндүү үнэтэй тусч байна.

Шийдэл, боломж одоо ч бий. Хувийн хэвшлийнхний санаачилга, хөрөнгөөр тодорхой ажил  хэрэгжээд болж байна. Шивээхүрэн боомтод чингэлэгт нүүрсний тээврийн терминал байгуулж, Булганы боомт дахь хүн хоорондын шууд харилцаагүй чиргүүлтэй тээвэр гэх мэт бэлэн жишээ. Төрийн түвшний айлчлалаар хэлэлцсэн асуудлуудыг одоо ажил хэрэг болгох, ТТ-ГС төмөр замыг ашиглалтад оруулах, Гашуунсухайт боомтыг өргөтгөх ажлыг шуурхайлах, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” компанийн тодорхой санхүүжилтээр байгуулж байгаа Гашуунсухайт боомтын терминалыг яаралтай нээх, цаашлаад эрэлт өндөр буй Ханги боомтоор түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг эхлүүлэх гээд биднээс өөрсдөөс шалтгаалах ажлууд бас байна. Эхний зургаан сард зөвхөн экспортын орлого 1.3 тэрбум ам доллараар нэмэгдсэн нь зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнийн өсөлтөөс голлон оржээ.  Түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирж буй тэрхүү хөрөнгийг ирээдүйд улсын орлогын урсгалыг нэмэх, дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулах ёстой. Түүнчлэн Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах хамгийн боломжит салбар бол ашигт малтмалын геологи, хайгуул болохыг энд  онцолъё. 

Цар тахлын байдал хэтдээ хэр урт хугацаанд үргэлжлэхийг хэн ч хэлж чадахгүй байна. Ирэх жилүүдэд ч энэ хэвээр байхыг үгүйсгэхгүй. Тиймээс зөвхөн тэсч үлдэх биш дасан зохицож, урт хугацааны төлөвлөлтөд анхаарч, өөдрөгөөр биш бодитоор тооцох “эрүүл” бодлого энэ цаг үед манай улсад хэрэгтэй.