Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Камоа Какула”-аас зэсийн баяжмал Хятад руу экспортолж эхэллээ

БНАКонго улсад ашиглалтад ороод удаагүй байгаа Камоа Какула уурхайгаас долдугаар сарын 17-нд зэсийн баяжмал экспортолж эхэлсэн тухай "Айвенхоу Майнз" компани (2021.07.19) мэдээллээ. Экспортын баяжмалыг Хятадын “Zijin Mining болон Citic Metal компани худалдаж авч байна. Урьдчилгаа төлбөрт хоёр компани нийтдээ 300 сая ам.долларыг уурхайг хэрэгжүүлэгч “Kamoa Copper компанид төлсөн ажээ.

Тус уурхайн баяжмал үйлдвэрлэл өнгөрсөн тавдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 1-нд ойролцоох зэс хайлуулах үйлдвэрт баяжмалаа нийлүүлэх болсон юм. Конго улсад байгуулсан Хятадын хөрөнгө оруулалттай “Lualaba зэс хайлуулах үйлдвэрт 99%-ийн агуулгатай хар зэс үйлдвэрлэж байгаа ба энэ долоо хоногт экспортоо эхлүүлэх тухай “Айвенхоу Майнз” мэдээлжээ.

Ийнхүү уурхайгаас үйлдвэрлэсэн баяжмалыг дотоод, гадаадад 50:50%-ийн харьцаатайгаар нийлүүлж байна. Энэ онд уурхайгаас 80-95 мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэх төлөвтэй. Одоогоор баяжуулах үйлдвэр жилдээ 3.8 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа бол 2022 оны гуравдугаар улиралд хүчин чадлыг 7.6 сая тоннд хүргэж өргөтгөхөөр төлөвлөжээ. Үүнээс цааш баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг шат дараатай нэмэгдүүлсээр жилд 19 сая тонн болгох буюу оргил үедээ уурхайгаас 800 мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэх ажээ. Ингэснээр Камоа Какула нь дэлхийн зэсийн хоёр дахь том уурхай болох төлөвтэй.

Энэхүү төслийг Айвенхоу Майнз (39.6%) нь Хятадын Zijin Mining (39.6%) компанитай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд төсөлд эдгээр хоёр компаниас гадна БНАКонго улсын Засгийн газар (20%), Crystal River (0.8%) компани хувьцаа эзэмшиж байна.

Б.Төгс