Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Алтны “Кумтор” төслийн арбитрын шүүх дээрх маргаан улам хурцдав

Киргизийн Засгийн газрын эсрэг арбитрын шүүхэд нэмэлт нэхэмжлэл (2021.07.07) гаргаснаа Канадын “Centerra Gold” компани мэдэгдэв. Компанийн цахим хуудсанд тавигдсан уг мэдэгдлээр, нэхэмжлэл нь “Centerra Gold” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох “Кыргызалтын” компанитай холбоотой аж. Алтны “Кумтор” уурхайн хяналтыг авахын тулд Киргизийн Засгийн газартай төрийн эзэмшлийн “Кыргызалтын” компани хуйвалдсан  гэж “Centerra Gold” үзэж байна. Тиймээс уурхайн үйл ажиллагааг хяналтдаа авах гэсэн ажиллагааны улмаас учруулсан алдагдал, хохиролд Киргизийн Засгийн газар, “Кыргызалтын” компани хариуцлага үүрэх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч “Centerra Gold” компани тавьж байгаа юм.

Эргэн сануулахад, Киргиз улсын Парламентаар (2021.05.07) Кумторын уурхайн үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг баталсны дараагаар Канадын компани арибтрын шүүхэд ханджээ. Тухайн хуулиар, хэрэв хүрээлэн буй орчин, ард иргэдийн амь насанд аюул учруулах тохиолдолд уурхайн үйл ажиллагааг 3 сар хүртэлх хугацаанд Киргизийн төр удирдах эрхтэй болсон юм. Хуулийг баталсны маргааш(2021.05.08), “Centerra Gold”-ын охин компани “Кумтор голд”-ыг байгаль орчны хууль зөрчсөн гэж Киргизийн дээд шүүхээс үзэж 3.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан. Улмаар шинэ хуулийн дагуу Киргизийн төр “Кумтор” уурхайг удирдах эрхийг авчээ.

Алтны томоохон ордын нэг Кумторын төсөлтэй холбоотой Киргизийн төр засаг болон Канадын компанийн хоорондын маргаан олон жил үргэлжилж байгаа юм. Сүүлд, өнгөрсөн аравдугаар сард тус улсын төрийн эрхийг авсан Ерөнхийлөгч Садыр Жапаровын захирамжаар Кумторын уурхайн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тусгай Ажлын хэсэг байгуулжээ.

Кумторын алтны ордыг 100% Канадын “Centerra Gold”-ын охин компани “Кумтор голд” эзэмшдэг. Харин Киргизийн Засгийн газар төрийн өмчит “Кыргызалтын” компаниар дамжуулан “Centerra Gold”-ын 26.28%-ийг эзэмшиж байна.

Уг орд нь 700 тонн алтны тогтоогдсон нөөцөөрөө дэлхийд гуравдугаар эрэмбэлэгддэг. Кумторын уурхайгаас 1997-2002 онд нийт 13.2 сая унц алт олборложээ. 2020 оны дүнгээр алтны олборлолтын хэмжээ 500 мянган унц аж.   

Өнөөгийн байдлаар Кумторын уурхайн үйлдвэрлэл Киргиз улсын нийт экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлж байна.

Э.Од