Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Уурхайчдын алдрын од” одонгоор шагналаа

Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уурхайчдын алдрын од” одонгоор Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монголын Баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч асан Г.Шархүү, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Д.Амгалан, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны захирал, доктор Б.Бат-Очир нарыг “Уурхайчдын алдрын од” одонгоор өнөөдөр шагналаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон гардуулж, уул уурхайн салбарын  хөгжилд оруулсан тэдний олон жилийн бүтээлч хөдөлмөр, зүтгэлд нь талархаж буйгаа илэрхийлэв.  Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлөөс анх санаачилсан  уг шагналыг  2018 оноос жилдээ 2-3 хүнд олгож байсан бөгөөд “Covid 19” цар тахлын улмаас хойшлогдоод байв. Хэдийгээр үндэсний баяр наадам хойшилсон ч ирэх жил уул уурхайн салбар үүсч хөгжсөний  100 жилийн ой тохиох тул хүлээгдэж буй шагналаа уламжлал баяр наадмыг угтуулан олгохоор шийдвэрлэсэн гэдгийг МУУМХЗ-ийн Гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар тодотгосон юм. 

“Уурхайчдын алдрын од” одон хүртсэн Д.Амгалан нь Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан, уул уурхайн салбарт 50 гаруй жил зүтгэж яваа манай ахмад уурхайчдын нэг юм. Тэрээр 1994 оны Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аар батлуулах үед сайдаар ажиллаж байсан бөгөөд хууль эрх зүйн томоохон шинэчлэл хийхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан билээ. Хэнтий аймгийн Бэрхийн хайлуур жоншны уурхайд удирдах албан тушаал хашиж, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд оновчтой арга хэмжээ авч ажиллаж байсан хэмээн түүнийг салбарынхан үнэлдэг. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Шархүү нь “Эрдэнэт үйлдвэр”-т хөвүүлэн баяжуулагчаас ажлын гараагаа эхлүүлж, энгийн ажилтнаас ээлжийн мастер, судлаач-инженер, Баяжуулах фабрикийн ахлах технологич, Ерөнхий захирлын үйлдвэрлэл хариуцсан орлогч, “Эрдэнэт үйлдвэр-БНСУ-ын “Самсунг” корпорацийн хамтарсан “Эрдсам” ХХК-ийн Ерөнхий захирал, Орхон аймгийн Засаг дарга, УУХҮ-ийн сайдын зөвлөх зэрэг уул уурхайн салбарт 43 гаруй жил ажиллаж байна. 

Уул уурхайн инженер, доктор (Ph.D) Б.Бат-Очир нь 1995-2006 онд геологи уул уурхайн төрийн захиргааны төв байгууллагад хариуцлагатай албан тушаал хашиж байсан бөгөөд “Геологи, уул уурхайн салбарыг 2010 он хүртэл хөгжүүлэх чиглэл”-ийг хариуцан боловсруулж, 2002 онд Засгийн газрын 103 дугаар тогтоолоор батлуулж байсан юм. Тэрээр өдгөө Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, Евроазийн уул уурхайн академийн гишүүнээр ажиллаж байна. 

“Уурхайчдын алдрын од” одонг салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадуудаас гадна залуустаа ч олгоно хэмээн МУУМХЗ-ийн удирдлагууд онцоллоо.  “Уул уурхайн алдрын од” одонгоор өмнө нь Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, Монголын Маркшейдерийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Дондов, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Дамдинсүрэн нарыг тус тус шагналаа. Д.Дондов нь Багануурын уурхайн их бүтээн байгуулалтыг удирдсан бол М.Дамдинсүрэн Монгол Улсад уул уурхайн баяжуулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, уул уурхайн салбарт 50 гаруй жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүд юм. Уг шагналыг Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, Монголын Маркшейдерийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Дондов, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Дамдинсүрэн,  Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайд асан Д.Ренчинханд, дэд сайд асан, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Уурхайн технологийн багийн профессор, шинжлэх ухааны доктор, профессор  Я.Гомбосүрэн,  дэд сайд асан З.Төмөрбаатар нарын нэр хүндтэй эрхмүүд хүртэж байсан билээ.  

Г.Идэр