Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Н.Алгаа: Ямар чанарын стандарттай бүтээгдэхүүн авахыг Монголын тал биш хэрэглэгчид тогтоодог

Уул уурхайн эрх зүйч Н.Алгаа 

“Төрийн, хувийн олон компаниуд өөрсдийн үнээр уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулдаг, АМНАТ болон бусад татвар ногдуулах талаасаа ч замбараагүй гэдгээс үүдэн Эрдэс баялгийн бирж байгуулах асуудал олон жил яригдаж байна. Одоогийн төслөөр, биржид төрийн өмчит компаниуд хамаарч, цаашдаа хувийн компаниуд оролцоход нээлттэй аж. 

Эрдэс баялгийн бирж байгуулахад дэд бүтэц бий болгох том ажил бий. Маш их дата өгөгдөл хэрэгтэй, интернетийн өндөр хурд шаардлагатай, гэрээний мэргэшсэн диллер чухал. Энэ бүгдэд их хөрөнгө оруулалт хэрэгтэй.   

Нэн түрүүнд бирж байгуулах зорилго тодорхой байх ёстой. Мөн ямар стандарттай бүтээгдэхүүн борлуулах, хэр олон хэрэглэгчтэй байх, урт болон дунд хугацааны гэрээ байгуулах уу гээд маш олон тодорхойгүй асуудал байна. Лондоны металын бирж дээр арилжаалдаг уул уурхайн бүтээгдэхүүнүүд бүгд химийн цэвэр элемент буюу А зэрэглэлийн, нарийн стандарт тогтоосон, үүнийг хэрэглэгчид нь хүлээн зөвшөөрсөн. Манай улсад нэг ордын олон чанарын бүтээгдэхүүн байна. Олон бүтээгдэхүүн бирж дээр гаргана гэвэл мөн тооны худалдан авагчтай гэрээ байгуулах гэдэг ярвигтай. Манайд жонш гэхэд олон жижиг оролцогчидтой, биржтэй боллоо гэхэд тэд оролцож чадахгүй, зардлыг нь дийлэхгүй.

Ямар чанарын стандарттай бүтээгдэхүүн авахыг Монголын тал биш хэрэглэгчид тогтоодог. Манай уул уурхайн бүтээгдэхүүний гол зах зээл, худалдан авагч Хятад улс. Тус улсын томоохон компаниудын ихэнх нь төрийн өмчит,  далай эрэг дээр түүхий эдийн нүсэр агуулгатай, тэндээ бүтээгдэхүүний стандарт тогтоож далайгаар экспортолдог үйл ажиллагааг бид дотооддоо хийж чадах уу. Тэгэхээр гол хэрэглэгч Хятадын стандартад нийцүүлэн уул уурхайн бүтээгдэхүүнээ стандарттай болгох, чанарыг баталгаажуулах,  нийлүүлэлтийг тогтмол хангаж чадахуйц тээврийн дэд бүтцээ шийдэж байж Эрдэс баялгийн бирж ажиллах байх. Одоогийн байдлаар, бүтээгдэхүүний чанарын стандарт талаасаа дэд бүтэц, ложистик, хил гаалийн нөхцөл бүрдээгүй байна. Энэ бүгдийг бий болгож хууль гаргана гэвэл чамгүй хугацаа шаардагдана. Зах зээл, эрэлт хэрэгцээгээ тодорхойлж Монголын талаас хэр хэмжээтэйг тогтмол нийлүүлэх асуудлаа эхэлж хийхгүй бол Эрдэс баялгийн бирж дампуурах эрсдэлтэй. Тиймээс эхний ээлжид багаас буюу хамгийн эрэлттэй, зах зээл сайтай, чанар нь тогтмол аль нэг бүтээгдэхүүнийг дотоодын хөрөнгийн бирж дээр турших хэрэгтэй. Олон жил яригдан цөөнгүй Ажлын хэсэг “ноцолдож” байгаа ч асуудалтай учир энэ хуулийг баталж чадахгүй байгаа юм. Түр зуурын бэрхшээлийг шийдвэрлэх гэж бирж байгуулахаар яригдсан арваад жилд эхнээсээ зарим нь шийдэгдэж байна”.
 

Сэтгэгдэл (1)