Т.Батаа:   “Степ голд” бол ил тод, нээлттэй  монгол компани

2021-05-24 15:48

Уул уурхайн салбарт тэргүүлэх үнэт метал үйлдвэрлэгч болохоор зорин ажиллаж байгаа, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” ХХК энэ оны хоёрдугаар улиралд багтаан Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, IPO гаргахаар төлөвлөж байна. “Степ Голд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батаатай “The Mongolian Mining Journal”-ийн сэтгүүлч Г.Идэрхангай  ярилцлаа.

 

“Степ Голд” компани  үүсэн байгуулагдсанаасаа (2016 он)  хойш хоёр  жилийн дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргасан нь Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж байлаа. Энэхүү амжилтын тухай ярилцлагаа эхэлье.
Манай компани Монгол Улсад алт, мөнгөний ордод анх үйлдвэрлэл эрхлэх зорилготой үүсгэн байгуулагдсан. Үүнээс  арван жилийн өмнө төмөр, нүүрс, газрын тос, зэс зэрэг хайгуулын чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байлаа. Гэхдээ 2013 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт  зогсож, хайгуулын салбар хүндрэлтэй байсан учраас “Степ Голд” компанийг олборлолтын үйл ажиллагаа явуулах  зорилгоор миний бие болон ТУЗ-ийн захирал Маттью Вүүдийн хамт ярилцаад  байгуулсан юм. Жилийн дараа буюу 2017 онд Баянхонгор аймагт хайгуулын төслөө эхлүүлсэн. Улмаар  “Сентерра Голд” компаниас хайгуулыг нь хийж гүйцэтгэсэн “Алтан Цагаан Овоо” ордын тусгай зөвшөөрлийг худалдаж авсан. Ингээд уг төслийн ТЭЗҮ болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж, 2018 оны  тавдугаар сард Торонтогийн хөрөнгийн бирж  дээр анх удаа хувьцаагаа арилжаалсан юм. “Степ Голд”  бол монгол компани. Гадаадад үүсгэн байгуулсан компани Монголд үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгодог хүмүүс бий. Үндсэндээ бол Монголд байгуулагдсан монгол компани олон улсын зах зээлээс хөрөнгө татсан юм. Бид 45 сая долларын хөрөнгө оруулалт хийсний  дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр нийтдээ 25 сая канад долларын хувьцаа арилжаалсан.
Манай компани жилдээ эхлээд 40 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч зорилгоо ахиулан 50-60  мянган унцад хүргэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жилийн дундаас олборлолт болон баяжуулах үйлдвэрлэл  эхэлсэн.

2020 онд хэчнээн хэмжээний унц алт олборлосон бэ?
Өнгөрсөн жилийн хувьд нийтдээ 33 мянган унц алт олборлож Монголбанкинд тушаасан. Төслийн II шатнаас жилд 150 мянган унц  алттай дүйцэх хэмжээний үнэт метал  үйлдвэрлэж  төв банкинд тушаах зорилготой ажиллаж байна. “Алтан Цагаан Овоо орд бол алт, мөнгө, цайр, хар тугалга гэх мэт дагалдах металуудтай полиметаллын орд.

Торонтогийн хөрөнгийн бирж дээр 25 сая канад долларын үнэт цаас арилжаалсан нь тухайн үед Монголын уул уурхай, хайгуулын салбарт содон үйл явдал болж байсан. Ийм арилжаа хийхэд гол хүчин зүйл юу байв?
“Алтан Цагаан Овоо” төслийг манайх худалдаж авахаас өмнө “Сентерра Голд” компани хайгуулыг нь хийж, олборлоход бэлтгэсэн байсан. “Сентерра Голд” нь Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй учраас тайлангаа тогтмол гаргаж, хайгуулын үр дүнгээ зарладаг. Энэ утгаараа биржийн хөрөнгө оруулагчдын  хувьд манай  төслийн талаар мэдээлэл сайтай байсан гэж хэлж болно. Хайгуулын анхан шатны бүх тайланг хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан болохоор төслийг худалдаж авсан “Степ Голд”-ын хувьд цаг хэмнэх боломж гарч ирсэн. “Сентерра Голд” компани нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалтаар олборлолт явуулахаар төлөвлөж байсан төслийг бид нэг, хоёрдугаар шат гэж хуваасан. Бидний зүгээс хийсэн өөрчлөлт гэвэл энэ.  Түүнээс гадна,  Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийхэд “Степ Голд”-ийн удирдлагуудын Канад болон бусад улс орны хөрөнгийн бирж дээр ажиллаж ирсэн өргөн туршлага нөлөөлсөн гэж үздэг. Тиймдээ ч харьцангуй богино  хугацаанд хувьцаагаа амжилттай гаргаж чадсан. 


“Степ Голд” компани хайгуулын болон олборлолтын хоёр том төсөл хэрэгжүүлж байна. “Алтан Цагаан Овоо” төслийн тухайд 2018-2020 онд уурхайн баяжуулах үйлдвэр, нуруулдан уусгах талбай, ажилчдын хотхон гээд бүтээн байгуулалтууд өрнөсөн. Одоо ч үргэлжилж байгаа ажлууд бий. Тодруулж хэлэх зүйлүүд юу байна вэ?
Төслийн I үе шатны хөрөнгө оруулалтын ажлууд бүрэн хийгдсэн. Баяжуулах үйлдвэр 2020 оны арван хоёрдугаар сард ашиглалтад орсон. Үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Төслийн II үе шатанд 2023 онд “Баяжуулах үйлдвэр II”-ийг ашиглалтад оруулахаар зорьж байгаа. Төлөвлөгөө ёсоор энэ зун бэлтгэлээ хангаж  үйлдвэрийн сууриа тавина.

“Алтан Цагаан Овоо”  төсөлд одоогоор хэдий хэмжээний хөрөнгө оруулаад байна вэ? Төслийн II шатны  ажилд нэмэлт санхүүжилт шаардлагатай юу?
Төслийн I шатанд одоогоор 75 орчим сая ам.долларын бодитой хөрөнгө оруулсан. Харин II шатанд нэмэлт санхүүжилт шаардлагатай. Санхүүжилтийг дотоод, гадаадын банкуудтай ярилцаад нэлээд нааштай үргэлжлүүлж байна. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар бид гадны санхүүжилтийг Монгол Улсдаа татан төвлөрүүлсэн. Түүнээс биш Монголоос мөнгөн урсгал гадагшаа гарч байгаа хэрэг огт биш.  Мөн бүтээгдэхүүний борлуулалт нийлүүлэл­тийг 100% Монголбанкаар дамжуулан хийж гүйцэтгэж байна. “Степ Голд” компанийн гаднаас татан төвлөрүүлсэн санхүүжилт нь Монгол Улсад хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал, цалин, татвар, гэрээт ажлын төлбөр зэргээр шингэдэг.

Уурхайн хүчин чадлыг цаашид өргөтгөх үү? Шинэчилсэн ТЭЗҮ-ийг компанийн зүгээс энэ оны хоёрдугаар улиралд танилцуулна гэсэн шүү дээ?
ТЭЗҮ-ийн тодотголоор исэлдсэн хүдрийн ил уурхайгаас жилд 1.2 сая тонн хүдэр олборлох төлөвлөгөөтэй. Үүнийгээ хэрэгжүүлж байна. 2021 онд олборлолтоо боломжийн хэмжээнд буюу 20-30%-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Мэдээж олборлолтын ажлыг нэмэгдүүлснээр бутлуур, үйлдвэртэй холбоотой ажлууд дагаж нэмэгдэх болно. Бидний хамгийн гол зорилго гэвэл 2023 он гэхэд үйлдвэрлэлийн хоёрдугаар шатны ажлаа эхлүүлэх. 

Уурхайн олборлолтын өртөг хамгийн бага зардалтай гэж танай компанийн тайлан мэдээнд дурджээ. Зардлыг хэрхэн тооцож байна вэ?  Түүнчлэн нөөц нэмэгдсэнээр төслийн хугацааг уртасгана гэж ойлгож болох уу?
Олборлолтын өртөг зардлын хувьд  үйл ажиллагаа нь  жигдэрсэн бусад уурхайтай харьцуулахад тийм ч бага биш. Ерөнхийдөө өрсөлдөх чадвар сайтай уурхай гэж хэлж болно. Зардлаа дийлэхгүй юм уу, буруу тооцсон зүйл байхгүй. ТЭЗҮ-ийн дагуу төслөө боловс­руулж, төлөвлөгөөгөө гаргаж байхад  унц  алтны үнэ 1300 ам.доллар байсан. Сүүлийн хоёр жил алтны үнэ нэмэгдсэн болохоор төслийн үр өгөөж өсч байна.

“Алтан Цагаан Овоо” ордын  нөөц ямархуу түвшинд байна вэ? Цаашид нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор өрөмдлөгийн ажлуудыг тасралтгүй хийж байгаа гэж сонссон?
Нөөцийг исэлдсэн болон анхдагч хүдрийн түвшинд тооцоолсон. Исэлдсэн хүдрийн алтны нөөц 5.2 тонн, анхдагч хүдрийн алтны нөөц 12 тонн. Нөөцийн хэмжээ өсч байна.

Нөөцийн хэмжээ өсч байгаа шалтгаан нь юу вэ?
Шинээр мөнгөний агуулга өндөртэй  нөөцийг өрөмдлөгийн ажлаар нээсэн. Тооцоолол хийж үзэхэд нөөц ерөнхийдөө нэмэгдэхээр байна. Үүнийгээ дагаад уурхайн нас уртасна. Бид төслөө анх 10 жилийн хугацаатай гэж тооцож байсан бол өрөмдлөгийн явцад 12-оос дээш жил үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг нь харагдаж байна. Мэдээж тухайн жилдээ алт, мөнгөний  үнээс хамаараад олборлолтын хэмжээ хэлбэлзэнэ.  

2021 оны нэгдүгээр улиралд уурхайн нөөц болон ерөнхий судалгааны тайлангаа танилцуулах уу?
Манай компани төлөвлөсөн ёсоор энэ оны  нэгдүгээр улиралд бирж дээр нөөцийн шинэчилсэн мэдээллээ зарласан. Гуравдугаар сарын сүүлээр 2020 оны жилийн бүх тайланг Торонтогийн хөрөнгийн бирж болон өөрийн цахим хуудсаар  дамжуулан хөрөнгө оруулагчдад ил тодоор зарлана. Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг компанийн гол давуу тал бол  олборлож байгаа алтны хэмжээ, үйл ажиллагааны зардал, цалин хөлс гээд бүх зүйл ил тод байдаг.


Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутагт орших “Уудам хөндий”  төслийн 14,400 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг танай компани  эзэмшдэг. 2021 онд тус талбайд  алтны дөрвөн шинэ  илрэлд өрөмдлөг хийхээр төлөвлөсөн. Мөн нэмэлтээр 200,000 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар судалгаа хийж байгаа гэсэн мэдээлэл бий. Ажлын явц ямар байна вэ?
“Уудам хөндий” төслийн талбайд одоогоор өрөмдлөгийн ажил хийгээгүй байна. Геологи, геофизик, өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулахаар ирээдүйн төлөвтэй дөрвөн хэсгийг тодорхойлсон, энэ зун хайгуулын ажил хийхээр төлөвлөж байна. Төслийн онцлог гэвэл бид сум, орон нутагтай хамтарсан аж ахуйн нэгжээр дамжуулан хэрэгжүүлж байгаа. Энэ бол манай компанийн хайгуулын анхны төсөл. 2021 оны хоёрдугаар улирлаас хайгуулын ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй. Тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад компанийн хайгуулын үр дүн сайн учраас бид “Уудам хөндий” төслийг өсөх ирээдүйтэй гэж хардаг.

“Уудам хөндий“ төслийн хувьд төрийн өмчит компанитай 80/20%-ийн харьцаатай хамтран ажиллаж байна.  Төрийн өмчит компанитай хамтрахын давуу тал, хүрэх үр дүнг хэрхэн тодорхойлж хэлэх вэ?
Манай компани анх удаа  орон нутагтай хамтран хайгуулын талбай дээр бүх зардлаа 100% хариуцаж хамтран ажиллаж  байна. Төслийн 80%-ийг “Степ Голд” компани, 20%-ийг Баянхонгор аймаг эзэмшиж байна. 

 

Монголын Хөрөнгийн бирж дээр амжилттай бүртгүүлснээр дотоодын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэнэ

Хэдийгээр компанийн зүгээс  өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулаагүй ч нийгмийн хариуцлагын ажлуудаа түрүүлэн хийж байна. Одоогийн байдлаар, бид давхардсан тоогоор 600 гаруй оюутныг сургалтын тэтгэлэгт хамруулсан. Харин аймгийн зүгээс “Степ Голд” компанийн талаарх мэдээллийг орон нутагт ойлгуулахад чиглэсэн ажлыг хариуцаж байна.  Ер нь бол “Степ Голд” компани нийгмийн хариуцлагын хүрээнд аль болох боловсрол руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг зорилгоо болгодог.
Мөн “Алтан Цагаан Овоо” уурхайн олборлолт үйлдвэрлэл эхлээд нэг жил болоогүй ч бид 2018 оноос хойш Цагаан Овоо сумын бүх оюутныг тэтгэлэгт хамруулан амжилттай хамтран ажиллаж байна.
  
“Степ Голд” ХХК  Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил энэхүү төлөвлөгөөгөө олон нийтэд  товчхон танилцуулж байсан. Дотоодын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж, IPO хийхийн давуу тал, ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
Манай компани энэ оны хоёрдугаар улиралд Монголын Хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж, хувьцаагаа арилжаалахаар ажиллаж байна. Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлснээр бид бүхэн хувьцаа авах болон арилжаалах аргачлалыг монгол хөрөнгө оруулагчдад улам амар болгож байгаа гэсэн үг.
Гадаадын хөрөнгийн бирж дээр бага хэмжээний хувьцаа авахад банкны төлбөр хураамжтай холбоотой шимтгэл өндөр гардгаас гадна цагийн зөрүү өөр. Давхар бүртгэлтэй холбоотой манай компанийн хувьцааг авах хүсэлтүүд маш их ирж байна. Мөн дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсынхаа нөхцөл байдал, өдөр тутмын мэдээлэлд ойр тул хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол өндөр байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааг монголчууд өөрсдөө эзэмшиж чадахгүй байна, хувьцааны үр өгөөж нь гадагшаа урсдаг гэх ойлголт зарим иргэдийн дунд бий. Дотоодын бирж дээр IPO хийснээр энэ ойлголт өөрчлөгдөх байх, тийм үү?
Тийм. Энэ ажлын үр дүнд гадаад хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч ашиг хүртээд монгол хөрөнгө оруулагч хохирдог мэт буруу ойлголт байхгүй болох болов уу. “Степ Голд”-ийн хувьд компанийн удирдлага, ажиллагсад, гадаад дотоод аль ч улсын хөрөнгө оруулагчид бүгд ижил тэгш эрхтэй. Ашиг хүртвэл хамт хүртэнэ, алдагдал хүлээвэл хамт хүлээнэ.

Олон улсын хөрөнгийн биржийн соёлыг дотоодын бирж болон аж ахуйн нэгжид нэвтрүүлэх нэг хөшүүрэг нь IPO гэж ойлгож байна. Алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж байгаа “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн хувьцаа хоёр биржийн дунд хөрвөх боломжтой болсон. Энэ хэрээрээ хувьцааны үнэлгээ биржүүдэд ижил байх нөхцөл бүрдсэн. “Степ Голд” компанид ч мөн ийм давуу тал үүсэх үү?
Хувьцааны үнэлгээ Канад, Монголын бирж дээр шууд ялгаа гарахгүй болов уу. Мэдээж цагийн зөрүүнээс хамаараад тухайн өдрийн ханшийн хаалтын зөрүү гарах байх. Өнөөдөр “Степ Голд” компанийн зах зээлийн үнэлгээ 300 гаруй тэрбум төгрөг байна. Монгол Улсад хувьцаагаа давхар бүртгүүлснээр манай хөрөнгийн биржийн үнэлгээ ч  мөн тэр хэмжээгээр өснө. Ийм хэмжээний үнэлгээ үнэ цэнийг Монголын Хөрөнгийн бирж дээр авчирна гэсэн үг.

Хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулах боломжтой хоёр компани байгаа нь “Эрдэнэ Ресурс”, “Степ Голд” гэж  шинжээч нар хэлж байна. Үнэхээр Монгол Улсын алтны салба­рын хувьд хөрөнгө оруулах төслүү­дийн сонголт цөөхөн байна уу?
“Эрдэнэ Ресурс Девелопмент” болон “Степ Голд” компанийн хувьцааны арил­жаа амжилттай болж, Монголын Хөрөн­гийн биржийн үйл ажиллагаа хэвийн, сайн байвал цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бусад уул уурхайн томоохон компаниудын хувьцааг худалдаж авах боломж иргэд рүү улам ойртож ирнэ гэж өөдрөгөөр харж байна.  

Өнөөдрийн байдлаар, “Степ Голд”-ийн нийт хувьцааны 20 гаруй хувийг Монголын хөрөнгө оруулагч нар эзэмшиж байгаа. Энэ бол амжилтаа монгол хөрөнгө оруулагч нартайгаа хуваалцах гэсэн танай компанийн зорилгын илэрхийлэл гэж та бүхэн мэдэгдсэн. Хувьцаа эзэмшигч нар хэр нэмэгдэхээр байна вэ?
Монголын Хөрөнгийн бирж дээр  манайх хувьцаагаа амжилттай арилжаалснаар дотоодын хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэнэ. Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа олон нийтэд нээлттэй учраас аль ч улсын иргэд авах боломжтой. Гэхдээ төслийн үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутаг нь Монгол Улс учраас монголчууд илүү сонирхох болов уу.
“Степ Голд” компанийн хувьцаа эзэмшигчид дотоод гадаад гэх ялгаагүй бүгд яг ижил тэгш эрхтэй. Хувьцааны үнэлгээ өсч, үр ашиг хүртэх эсвэл үнэлгээ буурч алдагдал хүлээхэд компанийн бүх хувьцаа эзэмшигчдэд ижил нөлөө үзүүлнэ.
Бидний хувьд өөр нэг онцлог нь юу вэ гэвэл Төлөөлөн Удирдах Зөвлөлийн  (ТУЗ) бүрэлдэхүүнд  50% нь монголчууд байдаг. Мөн манай ТУЗ-д эмэгтэй хүн багтаж ажилладаг. Энэ утгаараа гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй монгол компаниуд дундаа онцгой тохиолдол юм. 

“Ард секюритиз” ХХК  танай компа­нийн гол зөвлөх болон андеррайтераар ажиллаж байна. IPO гаргах бэлтгэл ажил хангагдаж байна уу?
Оны өмнө бид “Ард секюритиз” компанитай гэрээ байгуулж, манай андеррайтер компаниар тэд ажиллахаар болсон. Одоо хувьцааны давхар бүртгэлийн бэлтгэл ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байгаа. Бид салбартаа туршлагатай компаниас зөвлөх үйлчилгээ авч байна.

Хайгуулын төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааг орон нутаг эсэргүүцэх хандлага түгээмэл байдаг. “Степ Голд” компани орон нутагтай хэр ойлголцож ажиллаж байна вэ?
Манай компани болон орон нутгийн хооронд мэдээллийн зөрүүгээс болж үл ойлголцол гарч байсан ч одоо түүнийгээ харилцан ойлголцож, амжилттай хамтран ажиллаж байна. 
Өнөөдөр “Алтан Цагаан Овоо” уурхайд үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниуд нийлээд 350 орчим хүн ажилладаг.Үүний  75% нь орон нутгийн иргэд. Гадаад зөвлөх хоёр мэргэжилтнээс бусад бүх ажиллагсад манай Монгол залуус байна. Компани тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа учраас орон нутгийн дэмжлэг ч нэмэгдсээр байна. Мөн “Степ Голд”-ийн зүгээс бүхий л үйлчилгээ, худалдан авалтаа сум, орон нутгаас 100% авч байна.    
 
2016 оноос хойш “Степ Голд” компани орон нутгийн төсөвт нэлээд хэмжээний татвар, хураамж төвлөрүүлсэн дүн мэдээ бий. Орон нутагт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, шинэлэг ажлуудын талаар дурдана уу?
Өнгөрсөн 2020 онд  манай  компани 110 гаруй тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардалдаа зарцуулсан. Энэ бүгд цалин хөлс, татвар хураамж, хамтран ажиллаж байгаа монгол компаниудын үйлчилгээний хөлсөнд зарцуулагдаж байна. Компанийн хувьд үйл ажиллагаанаасаа олсон орлогыг  хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны санхүүжилт хэлбэрээр Монгол Улсдаа зарцуулж байна.

“Степ Голд” компанид одоогоор тулгарч байгаа ямар бэрхшээл, сорилт байна вэ?
Тулгарч байгаа асуудал бол төслийн томоохон хэмжээний санхүүжилт. Монголын банкуудаас санхүүжилт авахад хугацаа богино, зээлийн хүү өндөр. Тиймээс гаднаас л санхүүжилт татах шаардлагатай. Ийм санхүүжилт татахад мэдээж хэрэг цаг хугацаа нэлээд шаардагдана.

Монголбанк 2020 онд нийт дүнгээр 23.6 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн үзүүлэлт болсон. Энэ бол  “Алт 2” хөтөлбөрийг Төв банкны зүгээс эрчимжүүлсний нөлөөлөл гэж эдийн засагчид үздэг.  “Алт 2” хөтөлбөрийн үр дүнг  Та хэрхэн харж байна вэ?
 “Алт 2” хөтөлбөр эерэг нөлөө үзүүлж байна. “Степ Голд” компанийн хувьд энэ хөтөлбөрт хамрагдаж 30 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан авсан. Энэ санхүүжилт нь  компанийн үйл  ажиллагаагаа эрчимжүүлэхэд ихээхэн дэм болж байна. Өнгөрсөн жил уурхайн олборлолт нэмэгдсэн нь алтны үнэ өссөнтэй холбоотой болов уу. Бусад орны уул уурхайтай харьцуулахад Монголд олборлосон алтаа шууд Төв банкиндаа тушааж үндэсний мөнгөн дэвсгэртээрээ борлуулалт хийдэг. Төв банк худалдаж авсан алтаа гадаад валют болгож хөрвүүлдэг. Энэ утгаараа валютын ханшийг тогтвортой байлгахад нөлөөлдөг хамгийн чухал салбар бол алтны салбар. Цаашид гадаад санхүүжилтээс гадна дотоод боломжоо ашиглан олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой. Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэхэд “Алт 2” хөтөлбөр чухал нөлөөтэй.

Алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд  5%-ийн роялти  төлдөг. Танай компанид энэхүү татварын хувь хэмжээ ямар нөлөөлөл үзүүлж байна вэ?
Манай  компани  олборлолтоо өнгөрсөн жил  эхлүүлсэн. Техник, эдийн засгийн үндэслэлээ (ТЭЗҮ) анхнаасаа 5%-ийн роялтигоор тооцож, санхүүгийн тооцоолоо хийсэн учраас компанид нөлөөлөл байхгүй.   

Дэлхий нийтийг түгшээж буй Ковид-19 цар тахлын халдвар уул уурхайн бизнес эрхлэгчдэд багагүй бэрхшээл учруулж байна. Компанийн үйл ажиллагаанд хүндрэл гарч байна уу?
Үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжүүдээ Монгол руу оруулж ирэх, ажилчдын ээлж солих зэрэгт “Ковид 19” цар тахал нөлөөлж байна. Эдгээр тоног төхөөрөмжөө хавар авчраад зундаа угсарч амжихгүй бол цаг хугацаа, үйлдвэрлэлийн алдагдал гарч болзошгүй.


“Степ Голд” компани Монголын Хөрөнгийн биржид давхар бүрт­гүүлснээр хариуцлагатай, тогт­вор­той уул уурхайг  хөгжүүлэхэд нэг түүчээ нь болно гэж салбарынхан харж байна.  Уул уурхайн салбар  зөв хөгжихөд гол хүчин зүйл юу байх ёстой гэж Та үздэг вэ?
Давхар бүртгэл амжилттай хийгдэж, Монгол хувьцаа эзэмшигч нарын тоо нэмэгдсэнээр бид   гадаад, дотоод гэлтгүй ижил тэгш үр ашиг хүртэх, хариуцлага, алдагдлаа ч мөн хамтдаа үүрэх боломжтой болно гэсэн үг. Гадаад болон дотоодын бирж дээр хувьцаа эзэмших нь хоорондоо ялгаагүй гэдгийг ойлгож хүмүүс хөрөнгө оруулалтаа хийх байх.
Сүүлийн үед уул уурхайд шинэ супер цикл ирж байна гэсэн эерэг, таатай мэдээллүүд их гарах болсон. Хэдий чинээ шинэ технологи хөгжил дэвшил ирнэ төдий чинээ уул уурхайн түүхий эдийн хэрэгцээ нэмэгдэж үнэ нь өсч байна.
Гадаад зах зээл таатай болж хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарыг онилж байгаа ийм цаг үе ховорхон тохиодог. Бид үүнийг ашиглаж цаг алдахгүй хайгуулын салбараа эрчимжүүлж, нөөц нь тогтоогдсон төсөл хөтөлбөрүүддээ гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах нь чухал.

Манай улсын хувьд хөрөнгө оруулалт татах боломжтой, гадаадаас валют оруулж ирж чадах хамгийн том салбар нь яах аргагүй уул уурхай. Бид хөрөнгө оруулалт сайн татаж чадвал түүнийгээ эдийн засагтаа шингээж, ажлын байр олноор нь бий болгох, бусад салбараа татан хөгжүүлэх зэргээр цар тахал тохиосон энэ хүнд цаг үеийг амжилттай даван туулж чадна. Тиймээс бид үүнд онцгойлон анхаарах нь зөв юм.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай холбоотой хэдий чинээ эерэг мэдээлэл гарна, төдий чинээ Монгол Улсад хөрөнгө оруулах хүмүүсийн сонирхол нэмэгдэнэ. Тэр хэрээрээ бусад салбараа хөгжүүлж, хөрөнгө оруулах боломж нээгдэнэ.

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. 

 

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (197.210.65.69)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
  • Тайван (66.181.161.32)
    Ирээдүй улам л өнгөтэй бна
    2021 оны 05 сарын 24 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-24 14:39
    Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор (2021.09.22) нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан. 
  • 2021-09-24 12:33
    Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
  • 2021-09-24 11:55
    Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” асуудлыг тусгасан.
  • 2021-09-24 11:46
    “Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна.  Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна. 
  • 2021-09-24 10:16
    Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.