Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Монголын нүүрс, зэсийн баяжмалын экспорт 600 сая ам.доллараар тасрав


The Mongolian Mining Journal /Apr.2021/

Б.Төгс

Цар тахлын нөлөөлөл 2021 онд Монголын уул уурхайг, тэр дундаа нүүрс, зэсийн салбарыг хүчтэй нэрмэж байна. Нүүрс, зэсийн баяжмалын худалдаа гуравдугаар сарын дунд үеэс эхлэн мэдэгдэхүйц буурах болсноор дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 600 сая ам.долларын экспортын алдагдал үүсээд байна. Манай улсын хил нэвтрэлт удааширснаар ердөө сар хагасын хугацаанд хамгийн багаар тооцоход 2.74 тонн нүүрс экспортлох боломжоо алджээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар 7.3 сая тонн нүүрс экспортолсон  тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Сараар авч үзвэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард 641 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доогуур дүн боллоо.  

Харин зэсийн баяжмалын тухайд экспортын алдагдсан боломж 90 мянган тонн баяжмалаар хэмжигдэж байна. Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар манай улс нийтдээ манай улс 390.8 мянган тонн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 9%-иар буурчээ.  Энэ бууралт нь үндсэндээ Оюутолгой уурхайд хамаарна. Энэ онд хүдэр дэх алтны илүү баялаг агуулгатай хэсгээс олзворлож байгаагаас үүдэн Оюутолгойн зэсийн баяжмалын орлого хоёр дахин нэмэгдэж 2 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоолол гарсныг дурдах хэрэгтэй. Иймд экспорт хийгдэхгүй хоног өнгөрөх тусам алдагдал улам бүр нэмэгдэхээр байна. Оюутолгой уурхайн баяжмал тээвэрлэлт уурхайн талбай дахь хоёр ажилтнаас КОВИД-19 илэрсэнтэй холбоотой гуравдугаар сарын дундаас эхлэн зогссон. Үүнтэй зэрэгцэн Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний машинуудын тоо  ч өдөрт 50-иас хэтрэхгүй хэмжээнд хүрсэн. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт нүүрсний машины нэвтрэлт Гашуунсухайт боомтоор өдөрт 15 болж  буурсан. Улмаар дөрөвдүгээр сарын 7-нд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай утсаар холбогдож хоёр улсын худалдааг хэвийн түвшинд хүргэх талаар ярилцжээ. Ингээд удалгүй дөрөвдүгээр сарын дундаас эхлэн зэсийн баяжмал тээвэрлэлт хэсэгчилсэн байдлаар сэргэсэн. Ингэснээр зэсийн баяжмалын экспортын улсын хэмжээнд бага зэрэг нэмэгдэж эхэлжээ. 

 “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэгчлэн өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард бид Хятадаас хамгаалж, хилээ хаасан. Тэгвэл энэ удаад Хятад биднээс хамгаалж, хилээ хумих бодлого баримталж байгаа тул ихээхэн ялгаатай, амаргүй нөхцөл байдал үүсээд байна. 

Иймд манай улс цар тахлын дэгдэлтийг хумиж, ялангуяа экспортын голлох бүс нутагт алдахгүй байх бодлого баримтлан ажиллаж байна. Гэвч боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хэвийн хэмжээнд хэдийд хүргэх тухай ярихад эрт  хэвээр байна. 
Өнгөрсөн онд манай улс хилээ хаах үед нүүрсний экспорт сарын дүнгээр 350 мянган тоннын түвшинд хүрч буурсан. Гэхдээ тухайн үед зэсийн баяжмалын тээвэрлэлт зогсоогүй, зөвхөн бага зэрэг удааширсан. 

Улмаар манай улс наймдугаар сараас эхлэн “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлснээр нүүрсний экспорт зөвхөн есдүгээр сард гэхэд 4.65 сая тоннд   түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн. Энэхүү “Ногоон гарц” түр журмын хүрээнд Хятадын талаас нүүрс тээврийн жолооч нарын хилийн цаана хоноглохыг зөвшөөрснөөр илүү олон машин хил нэвтрэх бололцоог олгосон. 

Тухайн үед манай улсад цар тахлын дотоодын халдвар огт бүртгэгдээгүй байсан. Харин одоо бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо хэдэн зуугаар хэмжигдэж байгаа юм. Фэнвэй Энержи-ийн мэдээлснээр Хятад цар тахлын дэгдэлтээс сэргийлэх хүрээнд хилийн хязгаарлалтыг сулруулахгүй байх төлөвтэй. Ялангуяа Монголын халдварын тохиолдол өдөрт 500-аас буухгүй байгаа үед нүүрсний машины нэвтрэлт нэмэгдэх магадлал  багатайг мэдээлсэн. 

Засгийн газар харин одоо боомтын хил нэвтрэлтийг нэмэгдүүлэх үүднээс “Ногоон  бүс гарц” түр журмыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тавдугаар сарын 7-ны байдлаар нүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүнийг нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүнийг хоёрдугаар тунд хамруулжээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь тунд  хамрагдсан байна. Тавдугаар сарын дунд гэхэд I, II тунд хамруулах хуваарь гарсан. Хоёрдугаар сарын 22-нд Астразенека вакцин ирсэн бөгөөд удалгүй Синофармын тун ирсэн. Гэвч нүүрс тээврийн жолооч нараа нэлээд хожуу вакцинжуулалтад хамруулж буй нь бодлогын хувьд оновчгүй байсныг илтгэнэ. 

Дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо 100-аас дээш гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын сүүлээр нүүрс тээврийн жолооч нараас авсан Хятадын талын шинжилгээгээр КОВИД-19-ийн нэг тохиолдол илэрсэн тухай мэдээлэл цацагдсан. Хэдийгээр албаны эх сурвалжууд уг мэдээллийг баталгаажуулаагүй ч халдвар батлагдсан тухай мэдээллийг үгүйсгэсэн байр суурийг ч бас илэрхийлээгүй. Гэхдээ Өмнөговь аймгийг КОВИД-гүй цорын ганц аймаг гэж мэдээлсэн хэвээр. Ингээд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ныг хүртэл Гашуунсухайт боомтын тээвэрлэлт бүрэн зогссон. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 6-нд боомтод очиж ажилласан бөгөөд тухайн өдөр хилээр нийт нүүрс тээврийн 50, зэсийн баяжмалын 16 тээврийн хэрэгсэл эрдэс бүтээгдэхүүн экспортлохоор болсон. Гэхдээ энэ нь хилийн худалдаа сэргэсэн гэж үзэхэд   хэтэрхий бага дүн юм, ялангуяа нүүрсний тээвэрлэлтийн хувьд. Одоо Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсэд нийтдээ 12 сая тонн нүүрс түгжигдсэн байдалтай байна. Энэ бол манай улсын нүүрсний экспортын 3-4 сарын хэмжээтэй дүйх хэмжээ юм.

Засгийн газрын шинэ төлөвлөгөөгөөр хил нэвтрэлт нэмэгдэх эсэх нь одоохондоо эргэлзээтэй байна. Учир нь өдөр бүрийн шинжилгээнээс гадна жолооч нарыг Хятадын хилийн цаана хоноглуулахгүй тохиолдолд хил нэвтрэлтэд дорвитой өөрчлөлт орохгүй. Одоо бүх зүйл Хятадын талтай хэрхэн тохиролцохоос шууд хамаарна. Тодорхой зүйл гэвэл өмнөд хөрш манай улсын халдварын тархалт мэдэгдэхүйц буурахыг хүлээж байгаа. Тэр хугацаа нь долдугаар сараас наашгүй байж мэдэхээр байгаа юм. Засгийн газар иргэдийн вакцинжуулалтыг долдугаар сард багтааж дуусгах тухай зорилт дэвшүүлсэн. Харин тэр болтол нүүрс тээвэрлэлт одоогийн эрчээр явбал ихээхэн хэмжээний алдагдал үүсэх дүр зураг тодорно. 
Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлсэн ч эхний дөрвөн сарын байдлаар дөнгөж 17.4%-ийн биелэлттэй явж байна. 

Уул уурхайн салбарын хувьд цар тахлын үед дэлхийн ихэнх оронд үйл ажиллагаа нь тасалдаагүй салбарын нэг. Улс орны эдийн засагт ихээхэн чухал төдийгүй, харьцангуй цөөн хүн ажилладаг онцлогтой салбар. Манай улс  2020 онд уул уурхайн салбар чамлахааргүй үзүүлэлттэй ажилласан. Харин 2021 оны хувьд эрдсийн үнэ, тэр дундаа нүүрс, зэсийн ханш огцом өсч эхэлсэн. Харамсалтай нь бид энэ боломжийг алдаж байна. Аз болоход нүүрс, (Оюутолгойн) зэсийн баяжмалаас бусад эрдсийн экспорт өсөлттэй байгаа юм. Гэвч эдгээр хоёр эрдсийн худалдаа экспортын дийлэнхийг бүрдүүлдэг. Иймд одоо Л. Оюун-Эрдэнэ сайд асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс ихээхэн зүйл хамаарахаар байна. Нэг үгээр Засгийн газрын “Ногоон бүс гарц” түр журмын хүрээнд ямар өгөөж ирэхээс бүх зүйл шалтгаалахаар  байна.